УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

2018/04/05 11:23 1382

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

          Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

          Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

          Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулганаа эхлүүлэхээр та бид хуран цуглаад байна.

Намрын чуулган өндөрлөснөөс хойш УИХ-ын гишүүд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 300 шахам суманд очиж, 178.0 мянга гаруй иргэд, сонгогчтой уулзаж, УИХ-аас баталсан хууль, төрийн бодлогыг таниулж, хэрэгжилттэй нь танилцлаа.

Уулзалтуудаас ард олны аж амьдралын өнгө төрх, сэтгэлийг нь зовоосон асуудлууд, төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ тодорхой харагдсан нь дамжиггүй. 

          Болж бүтэж, ахиц дэвшилд хүрч байгаа, гэрэл гэгээтэй зүйл цөөнгүй ч бүхэлдээ ард түмний аж амьдрал сайнгүй байна.

Аймаг, сумдын төвийн айлуудын дийлэнх нь төвлөрсөн эрчим хүчинд, 5-аас бусад аймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүч малчдын ердийн хэрэглээ болсон.

Бүх сум, сууринд үүрэн холбооны сүлжээ хүрч, интернэт, ухаалаг гар утсаар гэрээсээ, малчны хотноос дэлхийтэй холбогдож байна.

Телевизийн бүх сувгийг үзэж, мэдээлэл авч байна.

Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэд хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байна.

Өсгөсөн мал нь, хураасан ургац нь орлогын тогтвортой үүсвэр болохгүй байна.

Ноос, арьс шир тушаасны урамшуулал малчин өрх бүрт хүртээмжтэй хүрэхгүй байна.

2017 онд 302.5 мянган малчны 86.9 мянга нь ноосны урамшуулал авсан бол арьс, ширний урамшуулалд 2016 онд 64.2 мянган малчин хамрагджээ. 

2016 онд хонины ноосныхоо 25.5 хувийг, ноолуурынхаа 8.3 хувийг, арьс ширнийхээ дөнгөж 10.0 хувийг л бүтээгдэхүүн болгож боловсруулсан байна.

400.0 мян.тн мах, 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ махны 2.5, сүүний 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ.

Хөдөөд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь энэ арчаагүй гэмээр байдалд хүргэсэн.

Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог.

Салбарын яам хүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016 оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна.

2013-2015 онд Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ зоорь, агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 аж ахуйн нэгжид 94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. 

Гэтэл зээлээр байгуулсан 24 агуулах, зоорь нь бүгд Улаанбаатарт байх юм.

Энэ бол авсан арга хэмжээ иргэндээ, айл өрхдөө хүрэхгүй, хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байгаагийн нэг жишээ юм.

          Ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийн зоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа, түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая.

Хөдөөд амьдрах таатай орчин бүрдүүлэх замаар төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг хангах чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг иргэд анхааруулж байна.

Аймгийн төвийг оролцуулаад аймаг, сумдын нийт өрхийн 15 орчим хувь төвлөрсөн дулааны хангамжид, 16 орчим хувь нь төвлөрсөн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон байна.

Хөдөөд ус, дулааны асуудал орхигджээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд төвлөрсөн ус, дулааны хангамж чухал гэдгийг бид мартжээ.

Тиймээс сумдад байгальд ээлтэй, дэвшилт технологитой ус хангамж, ариутгах татуургын, дулааны нэгдсэн болон хэсэгчилсэн систем шинээр байгуулах, байгааг нь өргөтгөх, түүнд сумдын айл өрхийн 50 хүртэл хувийг холбох ажлыг тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаатай хэрэгжүүлж эхэлье.

Эрхэм гишүүд ээ,

УИХ нийслэлийн утаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыг өнөөгийн нөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшинд шийдвэрлэсэн.

Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн. Одоо хийх ёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэж баймаар байна.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв, хөрөнгийн зарцуулалтад УИХ хяналт тавих ёстой.

Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл.

Нийслэлийн авто замын урт 858 км, тээврийн хэрэгслийн тоо 586.8 мянга, авто замын ачаалал 3 дахин хэтэрсэн гэсэн мэдээ байна.

Харин нүхэн гарц, давхар зам барих, замын урсгалыг зөв зохион байгуулах, нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох байдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишиг байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхад тендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүй байгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй.

Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож ашигламаар байна.

  

Эрхэм гишүүд ээ,   

2017 онд шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17 настай, 42.7 хувь нь 18-29 насныхан байна. Ял шийтгүүлэгчдийн 25.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Өмнөх онтой харьцуулахад ял шийтгүүлсэн 14-15 насныхны тоо 3.5, 16-17 настай хүүхдийн тоо 23.5, 18-29 насны залуусын тоо 26.8 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувь өсчээ.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж, өөрчлөгдөх нь байдаг ч ял шийтгүүлэгчдийн 48 орчим хувийг өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал мөн.

Үүний шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна, хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртхууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ.

Энэ зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё.

Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтоож чадсан эсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөж болохгүй гэдгийг зориуд тэмдэглэе.

          Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 л архи, дарс, 26.3 л шар айраг ногдох хэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна.

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь 18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдож байна гэсэн үг.

Энэ нь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээс хэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж байгааг харуулж байна.

УИХ-аас баталсан, Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөн мэдүүлэхээр заасан.

Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэр төрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээнд хүргэж бууруулах, архины агууламжийн дээд хязгаарыг хуульчлах асуудлыг тусгамаар байна.

Энэ дашрамд дээр дурдсан Үндсэн чиглэлийн хэрэгжилт ямар байгааг холбогдох Байнгын хороо дүгнэж үзэх хэрэгтэйг тэмдэглэе.

2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хууль өргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1 хувь байна гэсэн дүн гарчээ.

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуулиудын чанар ямар байгаатай хамтатган авч үзэх ёстой гэж үзэж байна.

Парламентын бүрэн эрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүү чухал нь хэнд ч ойлгомжтой билээ.

Эрхэм гишүүд ээ,

Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр бид олон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

Үүний хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах ёстой.

Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой.

Хэрэг шалгах явц удааширснаас, тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийг талцуулдаг, дунд нь хэрэг замхарч, тодорхойгүй болдог үзэгдэл хэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино.

Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ.

Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүй ээ.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан.

Энэ Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино.

Түүнчлэн Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.

Оффшорын тухай иргэд уулзалт хийсэн газар бүхэнд ярьсаар байна. Асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд төр, засгийн бүх институцүүд, эрх үүрэг хүлээсэн нийт байгууллага хамтарч ажилламаар байна.

Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтрах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах асуудал ч байхыг үгүйсгэхгүй.

Одоо тэдгээрийн хэрэгжилт, үр дүн бидэнд чухал байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье.

Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа,

Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэд асууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой.   

УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан.

Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа.

Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө.

Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа. Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ?

Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа. Ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.

Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан зэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс нийлэг, байгалийн хий гаргах үйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлье.

Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыг орхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа та бүхэн мэдэрсэн байх.

Хаврын тариалалт хаяанд ирлээ. Өнгөрсөн жил ургац муу авсан. Харин энэ хаврын хувьд хөрсний чийг сайн, зуншлага гайгүй болох төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна.

Тиймээс тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, шаардлагатай үр бордоо, техник хэрэгсэл, шатахуун тосыг нөөцлөн базаахад төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэх нь алдсанаа нөхөж, арвин ургац авах гол нөхцөл болно.

Хаврын салхи шуурга, шар усны үер, ой хээрийн түймрээс сэргийлж, гашуун сургамжаа давтахгүй байхад мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага онцгой анхаарах ёстойг сануулж хэлье.

Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааны эх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна.

 Зөвхөн 2018 он гарсаар шүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ.

Өвчин дэгдэхээр вакцин хайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж, ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ.

Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаар холбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

Иргэд, сонгогчидтойгоо уулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна.

Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ.

Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан.

Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ.

Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой.

Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ.

Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна.

Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.   

УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.

Эрхэм гишүүд ээ,

Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гадаад харилцаанд хэд хэдэн чухал үйл явдал болж өнгөрлөө.

УИХ-ын даргын түвшинд БНТУ-д 5 жилийн дараа албан ёсны айлчлал хийж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцлоо.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны товчооны гишүүнээр сонгогдлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Монголын парламентын төлөөлөгчид анх удаа албан ёсны ажиглагчаар оролцлоо.

Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын анхдугаар бага хуралд хамтран санаачлагчийн хувиар УИХ-ын төлөөлөл оролцсон.

Эдгээр нь олон улсын түвшинд Монголын парламентын нэр хүнд өсөн нэмэгдэж, байр суурь бэхэжсээр байгаагийн тод илрэл юм.

Бидэнд эрх зүйт төрийг улмаар төлөвшүүлэх, улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, саад бэрхшээлээ арилгах чиглэлээр шийдвэл зохих асуудал, засах нь зайлшгүй алдаа, хийх нь гарцаагүй шинэчлэлийн аль аль нь бий.

Гэхдээ өөрчлөн сайжруулах нэрээр нийгмийн сэтгэл зүйг зориуд бэлдсэн буруу технологиор угаах, эмх замбараагүй байдалд турхирахыг оролдох нь яавч сайн зүйл биш.

Төр нь ч, нийгэм нь ч, бодлого нь ч тогтвортой, зөвхөн хуульд захирагдаж, шударга, хариуцлагатай байж чадаж гэмээнэ бид илүү сайнд хүрнэ.

Тиймээс нийт үндэстэн, улсын эрх ашгийг эн тэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ УИХ-ын гишүүддээ хандан уриалъя.  

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.