УИХ-ын дарга М.Энхболд: Шинээр байгуулагдах Засгийн газарт бидний үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно

2017/09/13 14:24 11798

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ-г хүлээн авч уулзлаа.

Ноён Ц.Такэбэ УИХ-ын дарга М.Энхболдод хандан хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон жилийн турш хамтран зүтгэж яваа, анд нөхөр Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, “Монголын улс төрийн тогтвортой байдлын төлөө, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн улсынхаа эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлэх үйлсэд Таныг үргэлжлүүлэн зүтгээсэй гэж хүсэж байна. Японд Таны анд нөхөд олон бий. Тэд Танд итгэдэг шүү” гэж онцоллоо.

Тэрбээр хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ харилцааг улам бэхжүүлэх үйлсэд би бүх насаараа зүтгэх болно гэв. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө болсон Хоккайдо, Монголын эдийн засгийн форумын үеэр тулгамдсан асуудлаа цаг алдалгүй шийдэж байх зорилгоор Ажлын хэсэг байгуулах тухай ярилцсан. Хоккайдо муж болон Монголын аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг харилцан айлчлуулж, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн “Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг цаг алдалгүй ашиглалтад оруулбал нэн сайнсан. Та үүнд анхаарч өгөөрэй. Нисэх буудал ашиглалтад орсны дараа Хоккайдо-Монголын хооронд шууд нислэг хийх нь миний мөрөөдөл юм” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт, түүний дотор хууль тогтоох байгууллагын төвшинд сайн хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, “Өнгөрсөн гуравдугаар сард Япон Улсад хийсэн миний айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө УИХ онцгой анхаарч ажиллах болно” гэв.

Тэрбээр “Шинээр байгуулагдах Засгийн газарт манай намаас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно. Тиймээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ямар нэгэн төвөг саад учрахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж уулзалтын төгсгөлд хэллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.