УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт хүндэтгэл илэрхийлэв

2019/02/01 15:12 1645

Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт УИХ-ын гишүүн М.Энхболд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, хүндэтгэл илэрхийллээ.

Тэрбээр:

-Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бол улс орны хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргаж, хууль тогтоодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллага билээ. Таныг Монголын парламентыг тэргүүлэхэд бүрэн бэлтгэгдсэн хүн гэж үзэж байна.

Миний бие УИХ-ын даргын албан тушаалыг Ардчилсан Намын даргаас хүлээн авч байсан бол өнөөдөр өөрийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Танд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ бол миний улс төрийн товч тайлан юм.

Танд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе гэв.

Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа болон хэлэлцэхээр өргөн баригдсан хууль тогтоомжийн жагсаалтыг хүлээлгэн өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд талархал илэрхийлээд,

-Таныг 2 жил хагасын хугацаанд УИХ-ыг тэргүүлж ажиллах үед энэ парламент өмнөх парламентуудаас илүү бүтээлч ажиллаж, олон хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлсэн. Түүнчлэн сөрөг хүчний байр сууринд байсан МАН-ыг 65 суудалтай эрх баригч нам болгоход оруулсан Таны хүчин чармайлт, хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гээд цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.