Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019/01/18 09:16 1201

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. 

    Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан нарын хувьд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой үүссэн асуудлыг хянан шалгахыг УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороогоор оруулах шаардлагатай тул “Түр хороо байгуулах” тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, О.Баасанхүү нарын зүгээс төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсэхэд парламент хяналт тавих хуультайг онцлоод, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон учир  Улсын Их Хурлаас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

    Ингээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа. 

Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Үргэлжлүүлэн Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулж өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын зургаан тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын өргөн мэдүүлсэн "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар  тус тус танилцуулав.

    Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална” гэж заасныг үндэслэн энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 02-ны ѳдрийн 35 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албаны зѳвлѳлийн дүрмийг анх баталж мөрдүүлсөн бол дараа нь Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 28-ний ѳдрийн 85, 2009 оны 12 дугаар сарын 04-ний ѳдрийн 87 дугаар тогтоолоор Зѳвлѳлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталсан байна.

    Төрийн албаны зөвлөлийн шинэ дүрмийн төсөлд, Төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг халж, Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, гуравт, маргаан хянан шийдвэрлэх, дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэхээр тусгасан байна.

    Мөн хуульд шинээр тусгагдсан хүний нөөцийн аудит хийх, төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албаны ёс зүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад хяналт тавихад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна. Түүнчлэн төрийн албаны салбар зөвлөл, Ажлын алба, сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн зохицуулалтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ Зөвлөлөөс бусад байгууллага, иргэдтэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэрийг дүрмийн төсөлд тусгаж зохицуулжээ.

    Төрийн байгуулалтын  байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

    Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шижлүүллээ.

    Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хууль санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, холбогдох  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

    “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал зэрэглэлийг төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7 дахь хэсгүүдэд нийцүүлж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган зарим байгууллагуудын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг ангилал зэрэглэлд нэмж, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг ангилал зэрэглэлийг Төрийн албаны тухай  хууль (Шинэчилсэн найруулга)-ийн үзэл санаа, зохицуулалтад нийцүүлэх боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тогтоолын төслийг  Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байв.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,0 хувь нь дэмжив. 

    Дараа нь Улсын Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  дөрвөн  гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн УИХ-ын 2002 оны 73 дугаар тогтоолоор баталсныг одоо мөрдөж байгаа бөгөөд энэхүү ангилал, зэрэглэлийг үндсэндээ хэвээр хадгалж, холбоглох байгууллагуудын бүтцийг шинэчлэхэд шинээр батлагдсан болон хасагдсан албан тушаалыг энэхүү тогтоолд тусгаснаар Төрийн албаны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн үзэл санаа, хэм хэмжээнд нийцүүлэх шаардлагыг хангах боломжтой гэж хууль санаачлагчид үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

    Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт асуулт асууж, үг хэлэв. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо хариултдаа, Төрийн албаны зөвлөлөөс анх удаа төрийн албанд орох гэж байгаа иргэдэд зориулж жилд хоёр удаа төрийн жинхэнэ албанд орох шалгалтыг явуулж, нөөц бүрдүүлэхээр болсныг тодотгоод төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарвал нөөцөөс авах, нөөцөд байхгүй тохиолдолд тухайн байгууллагаас шатлан дэвших зарчмыг баримтлан ажиллах болсноо онцолж байлаа. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

    Чуулганы хуралдаан "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнээр  үргэлжиллээ.

    “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргаагын хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” журмын төслийг хэлэлцэн баталснаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1–д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, хууль зөрчиж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт зорилтоо ханган хэрэгжих боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна. 

    Тогтоолын төслийг  Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

    Дараа нь  “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар  уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Хуралдааны төгсгөлд “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,  Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

    Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг батлан гаргаж, уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан билээ. Улмаар “Тѳрийн албаны тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны ѳдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 5-д “Тѳрийн албаны тухай (Шинэчилсэн найруулга) хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 01-ны ѳдрийн дотор … холбогдох дүрэм, журам, шийдвэрийг боловсруулах, ѳѳрчлѳх, шинэчлэн батлах, хүчингүй болгох”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан болно.  

    Төрийн албаны тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж  заасны дагуу “Журам батлах тухай”  УИХ-ын тогтоолын төсөл,  түүний хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв,түүний нэмэгдэл олгох журам”-ын төслийг Төрийн албаны зөвлөл шинээр боловсруулсан бөгөөд төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган уг төслийг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ирүүлсэн.

    Журмын төсөлд хуулийн үзэл баримтлал, зарчим,  хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагын зохицуулалтыг үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, албан тушаалын зэрэг дэвийг хэрэглэх зохицуулалтыг шинэчлэн зохицуулсан.  Мөн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг олгох, ахиулан олгох саналыг гаргах албан тушаалтныг тодорхой болгон зааж,   зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зарим зэрэглэл хооронд 1 хувь байсныг 2 хувь болгож ижил хувиар өсөхөөр тусгасан. 

    Түүнчлэн хуулийн 23.2-д заасан тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалд ажилласан жилийн тусгай шаардлага, 26.3-т “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасны дагуу хугацаанаас өмнө тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг хэрхэн олгох талаарх зохицуулалтыг мөн шинээр оруулжээ.

    Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Оюун-Эрдэнэ, Н.Амарзаяа Ц.Нямдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

    Ингээд “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,9 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.