Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны өдөрт зориулсан УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээ

2018/11/26 12:39 1158

Эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд Найрамдах засаглал буюу ард иргэд нь төр, засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй.

Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог. Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм.

Энэ үйл явдал нь туурга тусгаар улсаа байгуулж, улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөөх 1911, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтын шууд тусгал байсан гэж хэлж болно. 

Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд монгол түмний олсон ололт, хүрсэн амжилт, хөгжил дэвшил чухамхүү энэ түүхэн сонголтоос эхтэй билээ.

Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж, газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэг нийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон билээ.

Түүний дотор “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, орчин үеийн парламентын засаглалын эхлэлийг тавьсан бөгөөд төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хуралд уламжлан хадгалагдаж байна.

Цаашид хэн нэг хүний дур зоргоор биш, олноороо хэлэлцэн зөвшилцөж, шүүн тунгааж шийдвэр гаргадаг төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болох парламентын засаглалаа улам боловсронгуй болгон бэхжүүлэх нь ардчилсан ололтоо хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, аливаа дарангуйлал, цөөнхийн засаглалаас ангид байж, иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ.

Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, Монголоо гэсэн зүрх сэтгэлд оршиж байдаг.

Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.

Монголын төр, засаг ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх хүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2018 оны арваннэгдүгээр сарын 26                                            Улаанбаатар хот