МОНГОЛ АРДЫН НАМЫН ХХVIII ИХ ХУРАЛД МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ТАВЬСАН УЛС ТӨРИЙН ИЛТГЭЛ

2017/11/20 12:03 10918

Эрхэмсэг ноёд, хатагтай, хүндэт зочид оо!

Их хурлын төлөөлөгчид, журмын нөхөд өө!

Үзэсгэлэнт сайхан эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, амьдран суугаа намынхаа мянга мянган гишүүдэд, тэдний төлөөлөл болж сонгогдон ирсэн 1300 гаруй төлөөлөгч Та бүхэндээ  намынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Нэгэн зууны түүхтэй Монгол Ардын Намын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм.

Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа.

Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье.

Эрхэм  нөхөд өө,

Их хуралд тавьж буй энэхүү илтгэлээрээ миний бие улс орныхоо нийгэм-эдийн засгийн байдал, намынхаа бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн тулгамдсан асуудлыг нэгдүгээрт, МАН-ын хоёр Их хурлын хоорондох бодлого,  үйл ажиллагааны үр дүн, туршлага сургамж, хоёрдугаарт, Намын дотоод амьдралын асуудлууд, шийдвэрлэх арга зам, шинэчлэлийн зорилтууд гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан танилцуулж байна. 

НЭГ. НАМЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН, ТУРШЛАГА СУРГАМЖ

  1. НАМЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

         Эхлээд би Та бүхэндээ МАН-ыг удирдан ажилласан өнгөрсөн 4 жилийн тайлангаа товч танилцуулъя.

         2013 оны 10-р сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Ардын Намын XXVII их хурал болж, 29-ний өдөр миний бие Намынхаа тамгыг гардан авч байлаа.

Үндэсний хэмжээний, Монголын улс төрд манлайлагч, түүчээлэгч үүрэгтэй том намыг удирдах өндөр хариуцлага надад ийнхүү хоёронтаа тохиосон билээ. Тэр үед манай нам 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд дараалсан ялагдал хүлээж, сөрөг хүчний байр сууринд шилжээд байв.

Засгийн эрхийг барьж байсан Ардчилсан Нам хүчээр түрээ барих бодлогодоо МАН-ын байр суурийг ганхуулах, парламент дахь намын үйл ажиллагааг хясан боох, хууль ёсыг үл тоомсорлон дураар авирлах, гишүүд дэмжигчдийг маань хавчин гадуурхаж, хэлмэгдүүлэн харлуулах зэрэг тэдний өөрсдийнх нь ил шулуухан тодорхойлсноор “МАН-ыг түүхийн тавцангаас арчих” үйлдэл хийж, нэг ёсондоо цагаандаа гараад байв. 

Ээдрээ төвөгтэй, амаргүй цаг үед болсон МАН-ын XXVII их хурал шинэчлэлийн хурал болсон юм.

Алдаа оноондоо нухацтай дүгнэлт хийж, зорилгоо зөв тодорхойлсон. Үндсэн дүрэмдээ шинэчлэлийн агуулгатай олон чухал өөрчлөлтийг оруулсан.

Үйл ажиллагааны үндсэн мөрдлөг болсон “Урагшаа” хэмээх чухал баримт бичиг баталж, намын дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн зорилтуудыг тусгасан билээ.

Түүнчлэн “Монгол Улс-2021: Хөгжлийн зорилтууд” бодлогын баримт бичгийг хэлэлцэн сайшаасан бөгөөд энэ нь Монгол Улсаа тогтвортой хөгжүүлэх хөгжлийн загварыг багтаасан цогц бодлого болсон юм.

Энэ бодлого манай намын 2016 оны УИХ-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрт бүрэн тусгалаа олж, өнөөдөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байна.

2014 онд МАН-ын Бага хурлын II хуралдаанаар Дунд хугацааны стратеги төлөвлөгөө буюу үйл ажиллагааны бодлогын баримт бичгээ баталсан.

Энэ бол МАН дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй Монголын анхны улс төрийн хүчин болсон хэрэг байлаа.

Дээрх баримт бичгүүдэд туссан бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажилд намын үйл ажиллагаа бүхэлдээ чиглэсэн.  

Юуны өмнө намын Удирдах зөвлөл болон аппаратын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн өөрчилсөн.

Орон тооны дөрвөн нарийн бичгийн даргыг хоёр, Удирдах зөвлөлийн 35 гишүүнийг 21, улс төрийн 70 ажилтныг 50 болгож цомхон, чадварлаг бүтэцтэй болгох чиглэлд хийсэн алхам үр дүнгээ өгсөн гэж бодож байна.

Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар томилдог болсон.

Төр, засгийн болон намын өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Зөвлөхүүдийн танхимыг байгуулан, бодлогын баримт бичиг, тулгамдсан асуудлуудаар байр суурийг нь сонсон, шийдвэртээ тусгаж байлаа.

Эх орон даяар “Ардын индэр” уулзалтыг зохион байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ дахь намын бүлгийн гишүүд 21 аймгаараа хэд хэдэн удаа тойрч, цөөнгүй суманд хүрч ажиллан гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчидтой уулзаж, санал солилцсоныг Та бүхэн санаж байгаа байх аа.      

НАМЗХ, НАМЭХ, НАМОХ, Намын дэргэдэх Ахмадын байгууллага, Шинэчлэлийн хороо, Зүүний хүчний холбоо зэрэг бүтцийн болон үүсгэл санаачилгын байгууллагууд тус бүрдээ хүмүүст хүрэх энэ чиглэлийн арга хэмжээ зохион байгуулсан.

Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон  амжилт харуулсан.

Улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцсон “Бид хамтдаа” форумыг 2015 оны 10-р сард зохион байгуулж, Тунхаг бичиг гаргаж байлаа.

Түүнчлэн Үндэсний зөвшилцлийн уулзалтыг санаачлан зохион байгуулж, тодорхой сэдвүүдээр Монголын улс төрийн бүх намууд болон бусад институцүүд хэлэлцэн зөвшилцөж, санал дүгнэлт гаргадаг болсон нь монголчуудын үндэсний хэмжээний асуудлаар нэгдмэл байр суурь, нэг зорилготой байх, улсаараа нэг зүгт хардаг болох эрмэлзлийг нэгтгэн зангидсан түүхэн санаачилга байлаа.

Өдгөө энэ арга хэмжээ тогтмолжиж, 13 удаа болоод байгаа бөгөөд санаачлагчийн хувьд миний бие цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна.

Бүх шатны намын ажлыг идэвхжүүлэх, удирдлагыг чадавхижуулах, дотоод зохион байгуулалт, ажлын уялдаа холбоогоо сайжруулахад онцгой анхаарсан.

Тухайлбал, “Нэг баг, нэг зорилго” уриан дор намын бүх шатны 500 гаруй удирдах ажилтныг хамарсан зөвлөлгөөн Улаанбаатар хотод болж, НАШБ-уудын зөвлөлгөөнийг янз бүрийн хэлбэрээр 10 шахам удаа зохион  байгуулсан.

Бид 2012 оны УИХ-ын болон орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлд хамгийн том ялагдал хүлээсэн сургамждаа дүгнэлт хийж, Бага хурлын гишүүдтэй санамж бичиг байгуулан, нийслэлийн 152 намын үүрийг хариуцуулсан.

УИХ-д жагсаалтаар сонгогдсон бүлгийн гишүүд нийслэлийн 9 дүүргийг хариуцан ажилласан нь 2016 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд манай намын гишүүд нийт суудлын 3/4-ыг бүрдүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

Хүний нөөцөө бэлтгэх чадавхижуулах зорилгоор их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан бакалавр, магистрын сургалтад 200 гаруй оюутан сургаж, намын дэргэдэх “Стратеги” академи Удирдлагын академитай хамтран “Манлайлал 500” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн 300 орчим залуусыг хамруулсан билээ.

Хүнээ сургах, намын гишүүдээ чадавхижуулах, сургаж бэлтгэсэн хүмүүсээ намын ажилд оролцуулах, ажил албанд томилох, шударга өрсөлдөөний зарчмаар намын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудыг сэлбэн шинэчилж байх нь манай намын хүний нөөцийн бодлого, менежментийн жанжин шугам байх зарчмыг баримталсан нь бодит үр дүн өгсөн юм.

МАН 2014 оны 12-р сард хамтарсан Засгийн газарт орж ажилласныг Та бүхэн мэднэ.

Энэ шийдвэрийг иргэд, намын гишүүдийн дунд хэд хэдэн удаагийн судалгаа явуулж, Бага хурлаараа хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан юм.

Харамсалтай нь 8 сарын дараа АН-ын санаачилгаар Засгийн газрын бүрэлдэхүүнээс шахагдаж гарсан.

Энэ шийдвэр АН-ын удирдлагын дундах үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, хоосон улс төр, итгэлцлийг эрхэмлэж чаддаггүй, гуйвж дайвсан хувирамтгай чанараас үүдсэн үйлдэл байв.

Манай нам улс үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэж, эдийн засаг хүндэрсэн үед нэгдмэл бодлогоор хамтран зүтгэж, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгыг удирдлага болгож Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон бөгөөд манай намаас томилогдсон сайдууд сайн ажилласныг тухайн яам, салбарынхан төдийгүй тухайн үеийн эрх баригч хүчин өөрсдөө ч үнэлж байв.

Энэ үйл явдал АН-тай аливаа асуудлаар хамтрахдаа тэдний бодлогогүй, тогтворгүй, итгэл үл даах мөн чанарыг ямагт харгалзан үзэж байх сургамжийг үлдээсэн бөгөөд манай намын нэр хүндэд муугаар нөлөөлж чадаагүй юм.

Засгийн газраас гарсны дараах рейтингийн судалгаагаар МАН-ын нэр хүнд аажмаар өсөх хандлагыг илэрхийлж байсан нь олон түмэн асуудлыг мэргэн ухаанаар, зөв ойлгож байсны илрэл биз ээ.

Монгол Ардын Намын гадаад харилцаа өргөжин хөгжлөө.

СоцИнтерний гишүүн намуудын дунд манлайлах байр суурьтай болж, Дэд ерөнхийлөгчийн статус Монгол Ардын Намд ногдсоноор манай намын даргаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд энэ албан тушаалыг хашиж байна.

Олон улсын хэмжээний улс төрийн томоохон байгууллага болох “Прогрессив Алъянс”-ын болон СоцИнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын хурлыг Улаанбаатао хотноо амжилттай зохион байгууллаа.

Хөрш болон найрсаг харилцаатай улс орнуудын эрх баригч  намуудтай тогтоосон уламжлалт харилцаа шинэ агуулга, хэлбэрээр баяжлаа.

Тухайлбал, 2016 оны сүүлчээр ОХУ-ын эрх баригч “Нэгдмэл Орос” намтай 5 жилийн хугацаанд хамтран ажиллах шинэ гэрээнд миний бие тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга  Борис Грызловтой гарын үсэг зурсан.

Бид 2015 онд Удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлыг тусгайлан хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулан, нарийвчилсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд бүтэн нэг жилийг зарцуулж, олон хүний хүч хөдөлмөр, оюун санаа, мэдлэг туршлага, санал зөвлөмжийг шингээсэн нь монгол хүнээ хөгжүүлэх, иргэдээ ажилтай орлоготой байлгах, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, улс орны салбар бүрийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх гарц, арга замыг тусгаж чадсан цогц баримт бичиг болж чадсан.

Нэр дэвшигчдийг тодруулах арга хэмжээг хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан бөгөөд холбогдох журмуудыг баталж мөрдүүлсэн.

Улс орныг бүхэлд нь хамарсан томоохон судалгааг 2014 оны сүүлчээс эхлэн 8 удаа хийж, тухайн тойргийн сонгогчид, намын гишүүдийнхээ саналыг сонсох хэлэлцүүлгийг намын анхан шатны байгууллагуудын хэмжээнд ил тод нээлттэй хийсэн билээ.

Энэ бүхний эцэст нэр дэвшигчид шударга өрсөлдөөнөөр, ил шалгаруулалтаар тодорсон нь сонгуульд амжилттай оролцох нэг нөхцөл болсон юм.

Ерөөс өнгөрсөн 4 жилд бид сонгуульд нэр дэвшүүлэх, албан тушаалд хүнээ сонгох зэрэгт өрсөлдөөний зарчмыг л баримталж байсан нь Дэд сайдын 13 орон тоон дээр 65 хүн өрсөлдөж байснаас тодорхой харагдах байх аа.

Энэ бүхний үр дүнд 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад 65  суудалтай болж, орон нутгийн сонгуулиар нийслэлийн 45 суудлын 34-ийг авсан.

Эдүгээ аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувийг манай намын гишүүд эзэлж байна.

Улсын хэмжээний 330 сумын 232-т, нийслэлийн 9 дүүргийн 6-д нь бид ялсан. Нэгтгэн дүгнэж хэлбэл энэ нь МАН-ын хувьд сүүлийн 10 гаруй жилд гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт байлаа.

  1. ЭРХ БАРИГЧ НАМЫН ХУВЬД ХЭРЭГЖҮҮЛСЭН БОДЛОГО,

ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН

Манай намын дийлэнх олонхийг бүрдүүлж буй Улсын Их Хурал улс орны хэмжээнд нэн тулгамдсан, бэрхшээлт асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх, энэ чиглэлээрх хууль эрх зүйн орчныг өөрчлөн шинэчлэх, улс орноо хямралаас гаргах Засгийн газрын хүчин чармайлтыг цаг алдалгүй дэмжих, парламентын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, олноороо түрээ барилгүй ойлголцол зөвшилцлийг эрхэмлэж, цөөнхийн дуу хоолойг сонсох, боловсруулж, батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үүргээ илүү сайн хэрэгжүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.

Шинэ парламент 2016 оны намрын чуулганаараа 274, 2017 оны хаврын чуулганаар 183 хууль, тогтоол баталсан нь өмнөх парламентаас даруй 68-97 хувийн илүү үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Монгол Улсын хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Прокурорын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, сонгогдож томилогддог төрийн албан тушаалтны оффшор бүсэд үйл ажиллагаа явуулах эрхийг хориглосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Арбитрын тухай, Биеийн тамир, спортын тухай зэрэг томоохон хуулиудыг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Хэдийгээр улсын эдийн засаг хямралтай, төсөв санхүүгийн боломж хэт хумигдмал байгаа ч ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, залуус оюутнуудыг дэмжих хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.

 “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэг ялгаваргүйгээр бүх хүүхдэд, “Насны хишиг”-ийг өндөр настан ахмадууддаа олгодог боллоо.

Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгон буурууллаа. Ахмадууд тэтгэврээ барьцаалж банкнаас зээл биш 1.5 сарын тэтгэврээ урьдчилан авдаг шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.   

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх боломжийг хангаж, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулав.     

           “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх амлалтаа биелүүллээ.

           Гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, сар бүр 50.000 төгрөг олгох, эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор боллоо.

          Түүнчлэн 0-18 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240.000 төгрөгийн тэтгэмж олгохоор хуульчилсан.

         Их, дээд сургуулийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөх бодлого хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ зорилгоор 2018 онд 32 сургууль, 86 цэцэрлэгийг шинээр барьж, 29 сургууль, 16 цэцэрлэгт өргөтгөл хийхэд зориулан улсын төсөвт 157.9 тэрбум төгрөгийг тусгалаа.

Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Бага  насны  хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай  30 эм бэлдмэлийг үнэгүй олгох Гемодиализ эмчилгээнд иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон.

         Тэтгэврийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсөвт 137.4 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа.

Төрийн  албан  хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ажлын үр дүн, ачаалал, ур чадвартай нь уялдуулан урамшуулаж байхаар шийдлээ.

УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газар нэн төвөгтэй байдалтай нүүр тулсан.

Төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөг болж, ДНБ-ий 18.0 хувьд хүрснээр дампуурлын ирмэгт ирсэн эдийн засаг, өрийн дарамт, төр, засгийн болон төсөв санхүүгийн бүх түвшинд нүүрлэсэн хариуцлагагүй, замбараагүй байдлыг гэтлэн давахын тулд асар их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй болсон.

Боломж нөөцөө дээд зэргээр дайчлах, хэмнэлтийн горимд шилжих, алдаагүй зөв, оновчтой шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, өрийн тушаанаас гарах эх үүсвэрийг олж бүрдүүлэх, энэ чиглэлээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээ өрнүүлэх, шийдэлд хүрэх  нь санасны зоргоор бүтчих ажил биш байв.

         Нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөл, хямралын ийм том сорилтын үед  Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар муугүй ажилласан гэж дүгнэж болно.

         Эдийн засгийн хямралаас гарахын тулд иргэд нь санаачлан хуримтлал үүсгэж, Их хурлын гишүүд нь цалингаа хандивлахад хүрч байсан үеийг бодвол амьсгаа авахтайгаа боллоо.

Хасах руу чиглэж, 2016 оны III улиралд -1.6 хувь, жилийн эцэст дөнгөж 1.0 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт богино хугацаанд нэмэгдсээр 5.8 хувь болоод байна.

Нэгдсэн төсвийн орлого  2012 оноос жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгөөр тасарч байсан бол 2016 оны 11 дүгээр сараас хойш сар дараалан биелж, төсвийн орлого 2016 онд 504 тэрбум, 2017 оны эхний 9 сарын байдлаар 516.6 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгөөр сайжирлаа. 

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтворжлоо.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх эхлэл тавигдаж, ажилгүйдлийн түвшин буурч, бизнесийн орчин харьцангуй идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдэж эхэллээ.

Үүссэн хямралт нөхцөл байдлыг гэтлэн давах, өрийн дарамтыг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдмэл байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах гарцаагүй шаардлагын улмаас ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан.

2017 оны 3-р сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлж, “Хуралдай” бондыг амжилттай арилжаалсан.

Энэ оны 10-р сард олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 800 сая ам.долларын 5.6%-ийн хүүтэй “Гэрэгэ” бондын эрэлт 7 дахин их байлаа.

Ийнхүү шинээр бонд гаргаж амжилттай арилжаалсны үр дүнд 2019 он хүртэл зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн эрсдэлээс ангижирлаа.

Цаашид өрийг хөрвүүлэх замаар өрөөр солих бус, дотоод эх үүсвэрээс төлж барагдуулах нь бидний тавьж буй зорилт юм. 2012 оны эцэст 4.1 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц жил дараалан буурсаар 2016 оны 9-р сарын байдлаар 1.0 тэрбум гаруйхан болоод байлаа.

Нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө Монголбанк, Засгийн газар хамтран ажилласны үр дүнд өнөөгийн байдлаар 2.2 тэрбумд хүрч, 2 дахин нэмэгдээд байна.

Хэдийгээр өрийн дарамт буурч, эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж буй ч Засгийн газарт сорилт, бэрхшээлийн аль аль нь 2020 он хүртэл хэвээр байсаар байх нь.

Түүнийг даван туулахад улс орон, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нэгдмэл бодлого, харилцан ойлголцсон эв нэгдэл, хамтач үйл ажиллагаа нэн чухал гэдгийг төр, засгийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй намын гишүүд, ялангуяа парламент, Засгийн газарт намаа төлөөлөн сууж буй эрхэм гишүүд онцгой анхаарвал зохино. 

Манай намын парламент дахь гишүүд өөрсдөө санаачлан Засгийн газрыг огцруулсан нь намын амьдралд түүхэн сургамж бүхий содон үйл явдал боллоо.

Огцруулах шалтгаан болгож тавьсан асуудлууд шалтаг л байж гэсэн дүгнэлтийг намын Бага хурлын IX хуралдаан өгсөн.

Харин одоо нэгэнт болоод өнгөрсөн үйл явдалтай эргэж зууралдаад, дахин дахин сэдрээгээд байх хэрэггүй гэж бодож байна.

Тэр тусмаа шинээр байгуулагдсан Засгийн газраараа оролдох, үйл ажиллагааг нь үл дэмжих, буруутган сөргөлдөх байдал байж болохгүй гэдгийг сануулан хэлье.

Ингэж хэлснээрээ буруу үйлдэл, алдаатай шийдвэр гарвал  хаацайлах, ая тал засах аливаа үйлдлийг өөгшүүлж буй хэрэг биш ээ. 

Хэрвээ  алдаатай буруу шийдвэр гаргаж, тэр нь улс орон ард түмэнд хохирол учруулахаар байвал нам нэн даруй засан сайжруулах үүргээ биелүүлж, улс төрийн хариуцлага тооцож ажиллах нь зарчимд нийцнэ.  

  1. СОНГУУЛИЙН ДҮНГЭЭС ХИЙХ УЛС ТӨРИЙН ДҮГНЭЛТ, ТУРШЛАГА СУРГАМЖ

         2014 оноос хойш бид 3 томоохон сонгуулийн ард гарлаа. Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн ИТХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулиудад бид амжилттай оролцсон. Ялагчийг шүүх хэрэггүй гэсэн үг бий.

Гэхдээ энэ нь зөвхөн ялагдагчийг шүүх ёстой гэсэн үг ч бас биш. Амжилт ялалтын ард ч алдаа байдаг.

Түүнчлэн яагаад ялав, юун дээр бид онов гэдгээ ч тунгааж, үнэ цэнийг уламжлан хадгалж байх нь Намын ирээдүйд хэрэгтэй.

  

Намынхаа гишүүд, дэмжигчидтэй хамгийн их ойртож очсон он жилүүд бол 2014-2016 он байсан гэдэгтэй та бүхэн маргахгүй байх аа.

Нөгөө талаар 2012 оны ялагдлын дараа ирэх сонгуульд ялалт байгуулах зорилгод бид нэгдэж чадсан.

Шударга, үнэн бидний талд байсан учраас ард түмэн МАН-ын талд зогссон. Нийгэмд МАН үнэт зүйлтэй, зарчимтай гэдэг нь харагдаж, гишүүд маань энэ үнэт зүйл, зарчимдаа үнэнч байж чадсан.

МАН-ынхан дотроо эв нэгдэлтэй, сахилга баттай, хамтын шийдвэрээ ягштал дагадаг, эрх ашгаа эрэмбэлж чаддаг гэдгээ сөрөг хүчин байхдаа Монголын ард түмэнд батлан харуулж, сонгогчдынхоо сэтгэлд нийцэж ажиллаж чадсан.

Энэ дашрамд хэдийгээр цөөхүүлээ ч эрх баригчдын цадиггүй үйлдэл, шийдвэрүүдийг сөрөн зогсож, илчлэн шүүмжилж, шударга ёсны өмгөөлөгч байх үүргээ нэр төртэй биелүүлсэн 2012-2016 оны парламентын 26 гишүүндээ МАН-ын XXVIII их хурлын энэ хүндэт индрээс талархал дэвшүүлье.

Нэгэн цагт нэг тугийн дор хамтран жагсаж явсан МАХН-тай нэгдэх оролдлогыг хэд хэдэн удаа хийснийг энд дурдах ёстой гэж бодож байна.

2016 оны гуравдугаар сарын 1-нд “Эх орончдын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэж, сонгуульд хамтран оролцох саналыг тавьж, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байв. Манай намын зүгээс боломжит хувилбаруудыг дэвшүүлж байсан ч МАХН-ын удирдлагын цөөн хүний явцуу бодлогын улмаас боломжийг ашиглаж чадаагүй юм. Харин журмын 4 нөхөр маань уугуул намынхаа эгнээнд эргэн ирсэнд талархах ёстой.  

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд ялалтын төлөө нэг зорилгоор зүтгэж чадсан уу, гишүүд, сонгогчдодоо бүрэн хүрч ажилласан уу, мэдээлэл сурталчилгааны ажлыг хэдхэн хүнд найдаж орхиод, цэгцтэй, шат дараатай үйл ажиллагаа өрнүүлж чадаагүй юм биш биз, ихэнхдээ цөөнхийг энэрэн өмөөрөх талд зогсдог монголчуудын сэтгэл зүйн онцлогийг анзаараагүй юм биш үү гэх мэт олон асуулт урган гарч байгаа.

Энэ бүхэн нь сонгуулиас сонгуульд бид юун дээр алдаж, ямарт нь онов, нөхцөл байдал яаж өөрчлөгдөв, хууль эрх зүйн болон сурталчилгааны орчинд ямар согог байна гэх мэтийн асуудлыг цогц байдлаар судлан дүгнэлт хийдэг болох зайлшгүй шаардлагыг төрүүлж байгаа юм.

Миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд Намаа төлөөлөн нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүйн бурууг бусдаас эрэх санаа зорилго агуулаагүй ээ. Ялагдалд янз бүрийн шалтгаан нөлөөлсөн байж болох ч намын эв нэгдлийг хангаж, үүссэн нөхцөл байдалд зөв үнэлэлт өгөх, стратеги тактикийн хөрвөх чанарыг бүрдүүлэх, намын хамт олны хүчийг бүрэн дайчлах, гишүүддээ эн тэргүүнд тулгуурлах, өрсөлдөгчийн гүтгэлэг, доромжлолыг сөрөх чадамжтай байх зэрэг үйл ажиллагааны уян хатан, шуурхай, оновчтой байдлыг хангаж чадаагүй нь намын даргын дутагдал мөн.

Түүнчлэн нэр дэвшигчийн сул тал, зарим алдаа дутагдал нөлөөлсөн нь ч тодорхой. Сонгуульд намаа ялалт байгуулах хэмжээнд удирдан ажиллаж чадаагүй, өөрөө дэвшээд унасан намын даргын хувьд улс төрийн хариуцлага хүлээх учиртай гэдгийг би ойлгож байна.

Эрхэм нөхөд өө,

Ялагдлын учир шалтгааныг судлан, нэгтгэж үзвэл дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:

  1. Монголын сонгогчдод төрийн дээд байгууллагуудад улс төрийн хүчний тэнцвэрийг буй болгох гэсэн хандлага байсаар байна. Нийгмийн сэтгэл зүйн энэ хандлагыг сайн тооцож, төрийн дээд байгууллагад улс төрийн хүчний зохион байгуулалтын нэгдмэл хүч, бодлогын цогц байдал тогтох нь улс орны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг ойлгуулж, шинжлэх ухааны тодорхой судалгаанд тулгуурлаж, стратеги тактикаа боловсруулж чадсангүй.
  2. Ерөнхийлөгчийн сүүлийн 2 сонгуульд биднийг дэмжигчдийн санал МАН, МАХН-д хуваагдсан дүр зураг ажиглагдаж байна. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ санал хуваагдал ноцтой нөлөөлсөнтэй харьцуулахад 2017 оны сонгууль эрхбиш өөр нөхцөлд болсон ч нэр сольсны дараах улс төрийн нөхцөл байдал, үр дагавар үргэлжилсээр байна.

Энэ бол манай намын хувьд улс төрийн нухацтай дүгнэлт хийж, зөв шийдэл олохыг шаардаж буй өвөрмөц асуудал мөн.   Үүнийг зөвхөн МАХН хэмээх нэрд үнэнч үлдсэн, хоёр нэрийг сольж хольсон, будилж төөрөлдсөн хэсгийн асуудал мэтээр өнгөц ойлгож, тийм байр сууринаас хандаж  болохгүй гэдгийг сүүлийн үеийн сонгуулиудын дүн тодорхой харуулж өглөө.

  1. Гишүүн бүртээ хүрч ажиллаж, жаргал зовлонг нь хуваалцах, шаардлагатай асуудлаар дэмжин туслах, үйл ажиллагааг нь урамшуулан сайшаах ажил урьдын адил орхигдсоор байна.

Үйлдвэрт хэвлүүлж, орон нутагт хүргүүлсэн бат илэрхийлэхийнхээ тоогоор гишүүнээ бүртгэдэг байж болохгүй.   

Намын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг, манай намын оршин байхын үндсийн үндэс, улс төрийн хүч нөлөөтэй, хариуцлагатай хүчин байхын хамгийн гол баталгаа  болсон гишүүдээ анхаарлын гадна орхигдуулж, урмыг нь хугалж сэтгэлийг нь сэвтүүлэх явдал байсаар байна. Ийм байдал их ялалтын дараа бүр ч их болдог бололтой. Нам бол гишүүд, дэмжигчдийнхээ хамтын хүчин чармайлт, зөвхөн  тэднийхээ оролцоо, дэмжлэгээр оршин тогтнож, хөгжиж байдаг улс төрийн амьд организм гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй ээ. 

  1. УИХ, Засгийн газраас хийж, хэрэгжүүлсэн ахицтай ажил, арга хэмжээнүүд бүгд ард түмэнд хүрч, тэдний дэмжлэгийг авч байгаа мэт төсөөлөх, “Болно биз дээ” гэсэн сэтгэл зүйгээр тайвшрах, сөрөг хүчнээ дутуу үнэлэх хандлага хэвээр байна. Нийгмийн улс төрийн сэтгэл зүй зөвхөн эрх баригчидтай л хариуцлага тооцдог гэдгийг алхам тутамдаа мартахгүй байх ёстой гэдгийг онцлон анхааруулж хэлье.
  2. Гишүүд дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлж, тэднээр дамжуулан сонгогч олон түмний, ялангуяа “хөвөгч хэсэг”-ийн гүнд орж нөлөөлж чадахгүй, НАШБ-уудын хүчийг зөв ашигладаггүй, сонгуулийн санхүүжилтийг үр дүн муутай ашиглаж, үрэн таран хийсэн нь цөөнгүй байна.
  3. Хүн амын олонхи болсон залуучуудтай ойртож, тэднийг татах чиглэлээр хийсэн ажлууд хэлбэрдэхээс цааш хэтэрдэггүй, зарим тохиолдолд тэднээс цэрвэн зугтах байдал үргэлжилсээр байгааг нуух хэрэггүй. Бидний бодлого нийгмийн тодорхой бүлэг, зорилтот хэсэг рүү чиглэх нь тодорхой ч бүх хүнд хүртээлтэй гэдгийг анхаарах ёстой.
  4. Сонгуулийн удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул, орчин цагийн сонгуулийн менежмент, арга технологи, мэдээллийн хэрэгсэл, түүний дотор нийгмийн сүлжээний давуу талыг эзэмших тал дээр хоцрогдож байна.
  5. Намын дэмжлэгээр томилогдсон удирдах албан тушаалтнуудын дунд хүнд сурталтан, ард түмнээсээ тасарсан, авлига авдаг түшмэдүүд болж хувирсан хүмүүс цөөнгүй, тэдний мэдлэг, чадвар, удирдах арга барил, туршлага ажиллагсад болон иргэддээ гологдож, итгэлийг нь алдах байдал байсаар байна.
  6. Монголчуудын сэтгэлийг зовоож бухимдал, дургүйцлийг төрүүлсээр байгаа авлига, хууль завших үзэгдлийг таслан зогсоох талаар олны нүдэнд харагдахаар дорвитой ажлуудыг хийж чадаагүй, алдаа дутагдал гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцох, шударга ёс, хууль журам иргэн бүхэнд ялгаваргүй үйлчлэх зарчим алдагдсаар байхад түүний эсрэг дорвитой арга хэмжээ авч чадсангүй.

Бидний дахин давтан алдсаар байгаа алдаа, цаашид онцгой анхаарах асуудлыг ерөнхийд нь ингэж хураангуйлж болох бөгөөд цаг үеийн шинжтэй, тухайн сонгуулийн онцлогт хамаарах хүчин зүйлүүд ч бий.

Сонгуулийн сурталчилгааны явцад өрсөлдөгч маань нийгмийн сүлжээг ашиглан тасралтгүй бууд, шүрш, хар будгийг алхам тутамдаа цац гэсэн технологийг үндсэн хэрэгслээ болгож ашигласан.

Ийм эрээ цээргүй арга барилаас аль болох татгалзах чиглэлийг баримталснаа би буруу гэж үзэмгүй байна. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, нэр дэвшигчдээ сонгодог ардчилсан засаглалтай улс орон бол Монгол. Цаашид сонгууль болдгоороо болно.

Ялж л байвал ямар ч муу арга хэрэглэж болно гэсэн увайгүй хандлагаас монголчууд ядаж саахалтын зайтай явах ёстой гэж би боддог. Бид цөөхүүлээ. Талцал хуваагдал монгол үндэстнийг мөхөл рүү чиглүүлж, бусдын идэш болоход хүргэнэ гэж үздэг.

Эвийг эрхэмлэх, нөхрийг хайрлах, гүтгэлэг доромжлолын өөдөөс хүлцэл тэвчээрээр хариу барих миний амьдралын зарчим үүнээс эхтэй юм аа. 

Манай нам Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд дараалан 3 дахь удаагаа ялагдлаа. 2009 онд Ц.Элбэгдорж 51.2 хувийн саналаар ялж байсан бол 2013 оны ялалт дөнгөж 50.2, 2017 оных 50.6 хувьтай байна.

Энэ бол бидэнд боломж байсны, МАН-ын нэр дэвшигчид ирэх санал гурав дахь өрсөлдөгч рүү шилжсэний илэрхийлэл юм. Түүнчлэн сүүлийн сонгуульд “цагаан сонголт” гэсэн нэгэн шинэ хэлбэр гарч ирлээ.

Энэ арга цаашид даамжирвал Ерөнхийлөгчийн сонгуульд хортой үр дагавар учруулж мэднэ гэдгийг одооноос бодолцох учиртай биз ээ.

Энд бас манай сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг ч бодлогын түвшинд анхаарах шаардлагатай.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нийгмийн бүлгүүдийн хүсэл сонирхолд нийцсэн контент боловсруулах, түгээх асуудал учир дутагдалтай байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Цаашдаа мэдээллийн технологи ашигласан, контент дээр төвлөрсөн сонгууль явагдах нь тодорхой байна. Тиймээс бид зөвхөн сонгуулийн үеэр биш, тогтмол ажилладаг нийгмийн сүлжээний үр нөлөөтэй  орчин, бүтэц бий болгон ашиглах шаардлагатай болжээ.

Бүх шатны намын байгууллагууд намын бодлого, үйл ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлаа хурдтай, далайцтай, чанартай хийхийн тулд мэдээллийн технологийн энэ шинэ салбарт чадварлаг ажиллах мэргэжлийн баг, бүтэц бүрдүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, намын идэвхтэн сонгуультнууд өөрсдөө технологийн дэвшилд сайтар суралцах нь зөв юм.

Телевиз, сонин, сэтгүүл, радио зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгсэл, вэбсайт, твиттер, фэйсбүүк гэх мэт уламжлалт бус хэрэгслийн аль алины давуу талыг сайтар мэдэрч, оновчтой ашиглах нь улс төрийн намын хувьд үл ойшоох, тээршаах байдлаар хандаж боломгүй асуудал болжээ.

Улстөрчид, намын удирдах ажилтнууд олон нийттэй харилцаж ирсэн арга барилаа шинэчилж, орчин үеийн мэдээллийн технологийг бүрэн эзэмших, нийгмийн сүлжээг олон нийттэй харилцах, тэдэнтэй санал бодлоо хуваалцах хэрэглүүр болгож, тогтмол ашиглах нь зүйтэй юм.  Нийгмийн сүлжээ хурдтай хөгжихтэй зэрэгцэн ор үндэсгүй худал мэдээлэл, гүтгэлэг доромжлол тархаж, түүнийг сөргөлдөгч талууд зэвсгээ болгох явдал идэвхжиж байна.  

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үеэр цагаандаа гарсан гутаалт доромжлол нэг хүний төдийгүй, нийт нам, гишүүдийн нэр төрд хар мөр үлдээсэн.

Гэтэл “60 тэрбумын” гэх зүйл хууль хяналтын байгууллагуудаар хэд хэдэн удаа шалгагдан, хэрэгсэхгүй болж, иргэн Түвдэнбалжир миний удам угсаа, үүсэл гарлын талаар үндэслэлгүй, буруу зүйлийг бусдын хатгалгаар хийснээ хүлээж, элдэв бичлэгүүдийн эзэн холбогдогч хэзээ хойно тодорхой болж байх жишээтэй.

Ингэлээ гээд байгууллага, хүмүүсийн нэр төрд, нийгмийн харилцаанд учирсан асар том хохирол нөхөгдөх үү.

Ийм бусармаг үйлдлийн буруутанд хариуцлага тооцохгүйгээр хувь хүний эрх чөлөөний орон зай мэтээр тайлбарлаж өнгөрсөөр байх уу.

Энэ байдлаас өөрсдийгөө болон бусдыг хамгаалах чиглэлээр хийх ажил их байгааг  харуулж байна.

ХОЁР. НАМЫН ДОТООД АМЬДРАЛЫН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗОРИЛТУУД

  1. УЛС ТӨРИЙН ШИНЭ НӨХЦӨЛ, ТҮҮНД ӨГӨХ ДҮГНЭЛТ

Эрхэм төлөөлөгчид өө,

2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар Монголын ард түмэн манай намд нэг зорилготой, нэгдмэл үзэл санаатай байвал амласан мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадах боломжийг олгосон.

Харин атгасан гар шиг байж чадахгүй бол “Олон хүн эвгүй бол оорцог хүний идэш” болох замаар орно.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сөрөг хүчнээс нэр дэвшигч сонгогдсоноор УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихээс илүү хориг тавих, гацаах арга барилыг түлхүү баримтлах байдал ажиглагдаж эхэллээ.

Төрийн институци хоорондын нэгэнт тогтсон хэв журмыг алдагдуулах, тогтворгүй байдал үүсгэх ийм байдал даамжрахгүй байгаасай гэж бодож байна.

 Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон улс төрийн увайгүй хэрэг явдлын уршгаар манай намд үл ойлголцол, талцлын жавар сэнгэнэж эхэлснийг нуух хэрэггүй.

Өөрийн байгуулсан Засгийн газрыг огцруулах санаа сэдэл өрнөж эхэлснийг Намын даргын хувьд би эхнээс нь буруу гэж үзэж, зөвшилцөл ойлголцлоор асуудлыг шийдэх арга бүхнийг эрэлхийлсэн.

Намын дотоод амьдралын аливаа асуудал дүрэм журамдаа л захирагдах ёстой. Энэ намын эгнээнд багтдаг, энэ намын нэрээр дэвшиж сонгогдсон, алба тушаалд очсон бүх хүмүүст Намын дүрэм гэдэг гажиж болдоггүй улс төр, ёс суртахууны дээд хууль бий.

Энэ хуулийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөнө гэж намд элсдэг, ингэснээрээ эрхийг нь эдэлж, үүргийг нь биелүүлэх улс төрийн хариуцлага хүлээж байгаа хэрэг ээ.

Гэтэл  эрхийг нь эдлэх болохоор ухасхийдэг, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээх болохоор ухарч улладаг байж хэрхэвч таарахгүй.

Улс төрийн намд ийм үзэгдэл газар авбал улс төрийн хүчний хувьд оршин тогтнох үндсээ ганхуулахаас өөр сайн юм авч ирэхгүй ээ.   

Засгийн газрыг огцруулах асуудал Намын бүлэг, Удирдах зөвлөл, Бага хурал, Их хурал гээд шат шатны байгууллагаараа дамжиж асуудал өрнөсөн бол хэнийг ч буруутгах аргагүй. Хуваагдал талцал үүсэхгүй, манай нам нийгэмд муухай харагдахгүй байх байлаа.     

Манай намын гол үнэт зүйл бол Эв нэгдэл юм.  Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай.

Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал билээ.

Гэтэл сүүлийн үед хамтын удирдлагадаа захирагдах, эв нэгдлээ эрхэмлэх явдлыг үл ойшоон, ганцаарчилсан буюу бүлэг цөөнхийн аминчхан эрх ашгийг илүүд үзэх хандлага газар авч байгааг таслан зогсоох ёстой.   

Үүссэн талцал хуваагдлын нэг талд нь шинэчлэгчид, нөгөө эрэгт нь хуучныг баримтлагчид байна гэж бодохгүй байна.

Ингэж үзэх үндэслэл байхгүй. Ийм туйлшрал байж таарахгүй.

Талцал бол эвдрэл мөн. Эвдрэл бол мөхөл юм. Хуваагдал бол хүчээ сарниулж, бусдад өгөөш болохын үүд.

Тиймээс улс төрийн хүчний хувьд гамшиг гэж хэлж болох энэ үзэгдлээс сэргийлэх, илрэл бүхнийг газар авахуулалгүй нам дотроо илэн далангүй ярилцаж зөвшилцөх, журмын нөхдийн хувиар ойлголцон эвлэрэх нь улстөрчийн ёс суртахууны эрхэм чанар гэж үзэж байна.

Энэ зарчим одоо ч үнэ цэнэтэй хэвээр байгаа. Ялгаа нь бараг 100 жилийн өмнө яг таг баримталж байсан зарчим өдгөө байнга шахуу зөрчигддөг болж.

Үүнийг даамжруулж болохгүй. Тиймээс XXVIII их хурал өндөрлөхөд энэ танхимын хаалгаар гишүүд маань ойлголцон нэгдэж, эвлэлдэж гараасай гэж хүсэж, бас уриалж байна.

Намын хамт олон, дэмжигчдийн зүтгэл сэтгэлээр бий болсон амжилт, ялалтанд бялуурч, шударга зарчимч дүр бүтээж тодрохыг санаархах, улстөрчийн ёс зүй, төлөвшлийг эрхэмлэхээсээ илүү өөрөөсөө бусдыг буруутан болгох сэтгэлгээгээр дүрэмдэх, хүндлэл, хүн чанарын наад захын хэм хэмжээг зөрчих зэргээр намынхаа эв нэгдэлд сэв суулгах явдал нэг биш удаа гарч буйд хэн хүнгүй харамсаж байгаа.

Манай намаас нэр дэвшиж сонгогдсон парламентын гишүүдийн дунд үүссэн хуваагдал цаашдаа ужгиран даамжирвал нийт намыг хуваах, гишүүд дэмжигчдээ талцуулах, улмаар манай нам улс төрийн хүчний хувьд оршин тогтноход ч ноцтой сөрөг үр дагавартайг хаана хаанаа нухацтай бодож ухаалаг хандах шаардлага бий болоод байна.

Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрхэмлэх үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмынхаа хүрээнд дор дурдсан асуудалд анхаарах ёстой гэж үзэж байгаагаа Та бүхэндээ толилуулж байна.

  1. Намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байна. Эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуучуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “Намын эв нэгдлийн хөтөлбөр”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм.
  2. Намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийн гишүүд, аймаг, нийслэлийн намын хороо, хурлын байгууллага, удирдах албан тушаалтнуудын хоорондын харилцааг цогцоор нь авч үзэж, Намын бүлэг, Засгийн газар болон намын удирдлага, хамт олны шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд намын бүх шатанд хүлээлгэх хариуцлагыг дүрмээр зохицуулах шаардлагатай байна.
  3. Аливаа бодлого, үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудлаа эрэмбэлдэг, түүнийгээ гишүүн бүхэн нэг мөр ойлгож, ягштал баримталдаг, эргэж буцсан шийдвэр, тодорхойгүй байдал үүсгэхээс сэргийлсэн зарчим тогтоох нь чухал байна.
  4. Намын залуу, дунд, ахмад үеийн хооронд үүссэн сэтгэл зүй, үзэл хандлагын шинжтэй ялгаа заагийг зөв оношилж, харилцан бие биеийг хүндлэх, бие биенээсээ суралцах, хамт олонч, эвсэг уур амьсгалыг бүрдүүлэхэд ахмадын, залуучуудын, оюутны, эмэгтэйчүүдийн зэрэг байгууллагууд санаачилга өрнүүлж ажиллахыг Их хурлаасаа Уриалга хэлбэрээр гаргах боломжтой юм.
  5. Төрийн болон намын өндөр албан тушаалд очиж буй хүмүүстэй ажил хэргийн хийгээд ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулдаг, буруу зүйл хийсэн нь тогтоогдсон бол хатуу хариуцлага тооцдог болох, буруугаа хүлээдэг, олон нийтээс уучлалт гуйдаг ёс зүйг хэвшүүлэхэд чиглэсэн дүрмийн маш нарийн зохицуулалтыг хуульд нийцүүлэн гаргах нь зөв гэж үзэж байна.
  6. Санал бодлын зөрүү, хардлага сэрдлэгээ нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр бус нам, төрийн албан ёсны институцэд илэрхийлдэг, мэтгэлцэж зөвшилцдөг, ойлголцон зөвшөөрдөг арга барилыг хэвшүүлэх ёстой.

Үүнийг ч бас намын дүрэмдээ тодорхой байдлаар зохицуулах боломжтой санагдана.

  1. Дотоод сөргөлдөөнөө нийт нийгэм рүү цацах, ашиг сонирхлоо бусдын дэмжлэгээр гүйцэлдүүлэхийг санаархах, ганцаарчилсан тоглолтоо өрсөлдөгчийн тайзан дээр дэглэх, намын хамт олны нийтлэг эрх ашгийг зөрчих илрэл бүртэй хатуу тэмцдэг хэм хэмжээг тогтоох нь зүй ёсны шаардлага боллоо. АН-д ч үл ойлголцол, талцал, хагарал гардаг.

Ялгаатай нь тэд асуудлаа яаж ийгээд дотроо шийддэг, манайхан болохоор шууд гадагш нь цацдаг, Ардын Намыг ангуучилдаг бусдын дэмжлэгийг авахыг хичээдэг нь ёс бус гэдгийг зориуд хэлье.

Энэ мэт үүсэж, хуримтлагдсан асуудлуудыг намын үзэл баримтлал, дүрэм, журамд өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын тодорхой өөрчлөлт хийх замаар шийдвэрлэхээс өөр гарц байхгүй.

Ийм өөрчлөлтийн төслийг Их хуралд бэлтгэх ажлын хэсэг боловсруулан хүргүүлсэнтэй Эрхэм төлөөлөгч, журмын нөхөд маань нухацтай танилцан, шийдвэрээ гаргаарай.

Журамт хүн өөрийгөө төлөвшилд нийцүүлдэг, журамгүй нь ертөнцийг өөртөө нийцүүлэхийг оролддог гэсэн үг бийг санацгаая.

 

  1. НАМЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

Эрхэм нөхөд өө,

Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм.

Гэхдээ шинэ дугуй бүтээхээсээ өмнө алдаагаа зөв оношлох, хэрхэн засаж залруулахаа оновчтой тодорхойлох нь хамгийн чухал юм.

Шинэчлэлийн асуудлыг бид байнга ярьдаг. Шинэчилж өөрчилсөн зүйл ч олон бий. Гэхдээ тэдгээр нь хэсэг бусаг шинжтэй, тогтолцоог бүхэлд нь хамарч чадаагүй, тууштай тогтвортой биш, үр дүн ч санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь намын даргаар хоёр удаа сонгогдож ажиллах хугацаанд надад тодорхой харагдаж  бодитой мэдрэгдлээ.

Шинэчлэл хаана хэрэгтэй байгаа, юунд чиглэх нь зөв болох талаарх санал бодлоо эрхэм төлөөлөгчид Та бүхэндээ сонордуулъя.

А. Улс төрийн намын институцчилэл буюу засаглалын түвшин

Дараагийн сонгуулиар дахиад сонгогдчих гэсэн явцуу эрх ашигт захирагддаггүй, нийт улс орны эрх ашгийн төлөө боловсрол мэдлэг, туршлага чадвараа зориулж чадах улс төрийн соёлыг түгээгч, бизнесийн бүлэглэлээс ангид, нийт нийгмийн санаа бодолд нөлөөлөх манлайлах чадвартай, лидер мөн гэж олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагатай байх нь намын шинэчлэлийн гол асуудал байх учиртай.

Үүний тулд одоогийн үйлчилж байгаа уламжлалт төлөөллийн тогтолцоогоор бус, нээлттэй, шууд сонгуулийн зарчмаар нийт гишүүдийн дунд сунгаа хийж удирдлагаа сонгох асуудлыг судалж үзэх шаардлагатай болжээ.

Ийм жишиг дэлхийн улс төрийн намуудад нэгэнт хэвшил болоод байна. Гэхдээ хэлбэрийн төдий, гишүүдээ талцуулсан, шударга бус, хуйвалдааны шинжтэй биш, жинхэнэ  шударга  ардчилсан зарчмаар  удирдлагаа сонговол эерэг өөрчлөлт гарах бүрэн боломжтой. 

Дэлхий нийтээрээ төлөөллийн ардчиллын хязгаарлагдмал талуудыг ойлгох болсон өнөө цагт манай нам энэ замаар бүтээлч эрэл хайгуул хийх нь  шинэчлэлд том дэвшил болно гэж үзэж байна.

Улс төрийн намын институцчилэл буюу засаглалын түвшин гэсэн ойлголт ихээхэн яригдах болж.

Энэ бол хоосон лоозон биш, олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай орнуудын улс төрийн практикт хэвшээд байгаа зүй тогтол юм.

Намын хэмжээнд засаглалын  ардчилсан шинж, түүнд оролцох олон нийтийн оролцооны түвшин хэр өндөр байна, тэр намын улс орныхоо засаглалын тогтолцоонд эзлэх байр суурь бэхжиж, олон нийтийн  итгэлийг хүлээх боломж илүү байдаг бодит хандлага олон улсын жишигт нийтлэг үзэгдэх боллоо. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн тэргүүлдэг Ардын Намыг олон жил төрийн эрх барьсан Конгресс Намтай өрсөлдүүлж, ялагч болж чадсан.  

Ялаад зогсоогүй хэрэгжүүлсэн бодлого нь урьд өмнө байгаагүй үр дүнд хүрч, энэтхэгчүүдийн итгэл найдвар нь болоод байна.

Ийм жишээ нэг биш бий. Тэдний амжилтад хүрсний үндэс  нь нам дахь засаглалын үйл явцыг ардчилсан зарчимд нийцүүлэн зөв тодорхойлж, хариуцлага, сахилга батыг чанд сахиж, зохион байгуулалттай болгож, зөв бодлого дэвшүүлж, хүний нөөцөө сайн шалгуураар онож сонгосон, үнэт зүйл, зарчимдаа үнэнч байсанд оршиж байна гэж улс төр судлаачид оношилж байна.

Хариуцлага, сахилга бат, зарчимч байдал засаглалын түвшний зөөлөн эд нь гэж тэд үзэж байгаа юм.

Улс төр тогтвортой бол засаглал тогтвортой байдаг. Тогтвортой засаглал л улс орны хөгжлийг түргэтгэх нөхцөл болж чадаж байгааг бид олон жишээнээс харж байна.

Сонгуульд ялалт байгуулах бол замын дөнгөж эхлэл бөгөөд бартаа саад ихтэй замаар явна гэдгээ ухаарч намын сахилга бат, зохион байгуулалтыг тууштай хангах, бодлого тодорхойлж, шийдвэр гаргахдаа судалгаа шинжилгээ, мэргэжлийн зөвлөгөө, талуудын санаа бодолд тулгуурлах, гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд зөв таниулан ойлгуулж, дэмжлэг хүлээх, улмаар үр дүнг нь тайлагнах нь нам дахь засаглал үр дүнтэй байхын гол хэмжүүр ажээ.

Харамсалтай нь манай нам тавьсан зорилгодоо хүрэх замын эхэнд бүдчиж байгааг сөрөг хүчин овжин ашиглаж, сонгогчид халаглаж байна.

Энэ мэтээр манай намын засаглалын түвшинд байгаа согогийг эрт оношилж, тухай бүр засаж байхгүй бол “Өөрөө явган, өрөөлд хоосон” гээчийн үлгэр болох нь ээ.

Монгол Ардын Нам буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй. Өнөөдөр бид мартвал өөр нэг өдөр хатуу сануулга ирэх нь дамжиггүй.

Иймд юуны өмнө намын үнэт зүйл, үзэл баримтлалыг гишүүд дэмжигчдийнхээ болон олон түмний итгэл үнэмшил болгон өөриймшүүлэх хэрэгтэй байна.

Бидний үнэт зүйл бол тусгаар тогтнол, эх орон, эрх тэгш байдал, ардчилсан засаглал, хувь хүний хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлт билээ.

Намын жирийн гишүүд, дэмжигчид, улс төрийн ажилтан, албан тушаалтан хэн боловч үнэт зүйлээ бүрэн ойлгож, үзэл бодол, үйл ажиллагааныхаа өдөр тутмын хэм хэмжээ болгох зайлшгүй шаардлага байна.  

 Намын үзэл баримтлал бол нэг талаар бидний хүрэх зорилго, нөгөө талаар арга зам юм. Иймд бид улс орноо ямар арга замаар, хөгжлийн ямар түвшинд хүргэх гэж байгаагаа бүрэн ойлгож, мэдэж байх учиртай.

Хаана очихоо, яаж тэнд хүрэхээ мэдэхгүй байх нь улс төрд, улстөрчдөд, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогчдод огт байж болохгүй.

Тиймээс намын бодлогын баримт бичгүүд, үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг сурталчилсан аливаа бодлого шийдвэр  энгийн ойлгомжтой байдлаар бүх гишүүдэд хүрдэг тийм соён гэгээрүүлэх ажил манай намд илт үгүйлэгдэж байна.

         Хоёрдугаарт, намын зохион байгуулалтыг аль болох оновчтой болгох нь чухал. Аливаа байгууллагын үйл ажиллагааны амжилтын үндэс нь сайн зохион байгуулалт буюу сайн менежменттэй байх явдал гэж хэлмээр байна.

Иймд зохион байгуулалтаа үндэсний хэмжээнд, орон нутгийн түвшинд тохирсон бүтэц, тогтолцоотой болгоход анхаарах ёстой.

 Зохион байгуулалт нь царцанги, үхмэл биш, шаардлагатай үед өөрчлөгдөж чадах амьд шинж чанартай байвал зохино. 

Гуравдугаарт, дүрэм журам үйлчилдэг улс төрийн соёлыг хэвшүүлэх нь гарцаагүй чухал боллоо. Энэ тухай би дээр дурдсан.

Ямар ч байгууллага, аливаа харилцаа дүрэм журмаар өрнөдөг. Дүрэм хэрвээ байгаа бол түүнийг мөрддөг хандлагыг заавал тогтоох учиртай.

Тоглоом хүртэл дүрэмтэй байдаг шүү дээ. Дүрэм мэдэхгүй жолооч хотын хөдөлгөөнд оролцож чаддаггүйтэй адил дүрэмгүй улстөрч намын үнэт зүйл, сахилга бат, эв нэгдлийг эвддэг.

Гэхдээ энэ нь эв нэгдэлтэй байх нэрийн дор намын дотоод ардчиллыг хязгаарлаж, буруугаа булж нуух гэсэн үг бишийг ойлгоорой.

Намын дүрмийг хөсөрдүүлж байгаа хүмүүст итгэл хүлээлгэхгүй байх буюу ДҮРЭМГҮЙ БАЙДЛЫГ ЗОГСООХ ДҮРЭМ мөрдөж эхэлье.

Ингэж гэмээнэ нам сахилга баттай болж, төрийн ажил тогтвортой чанараа хадгална.

МАН-ын гишүүд бидний  дүрэм, журмаа мөрдөж, хэрэгжүүлж чаддаг соёл нийт нийгэмд улс төрийн эерэг соёл болж төлөвших болно.  

         Дөрөвдүгээрт, нам бодлогын институц болох ёстой. Нам нийгмийн бүхий л хүрээг хамарсан бодлого дэвшүүлж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Тэгэхээр дан ганц улс төрийн, эсвэл захиргааны албан тушаалд горилогсдын зорчих гүүр, дэвших шат биш байх нь ээ.

Уг нь МАН-ын нэг давуу тал нь бодлогын институц байж чадсан явдал юм. Харамсалтай нь манай намын энэ үнэт чанар суларч, алдагдсаар байна.

Муугүй бодлого боловсруулдаг ч хэрэгжүүлэлт нь дутмаг, зарим тохиолдолд хэлэлцэж батлаад л ширээндээ хийж мартдаг байдал байсаар байгааг нуух хэрэггүй.

Шинжлэх ухаанч байдал, асуудал болгоныг судалгаа шинжилгээ, үнэлгээ дүгнэлтэд суурилах зарчим маань сүүлийн жилүүдэд алдарч, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах төдийгөөр хязгаарлах боллоо.

Сонгуулийн дүн байнга савлах байдал манайд төдийгүй бусад улс оронд ч давтагдаж байна.

Иймд сонгогчдын хүсэл бодол, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэн бодлогын хувилбар боловсруулах, нийгмийн бүлгүүдийн онцлогийг мэдэрч, тус бүрт нь тохирсон ПиАр-ыг оновчтой зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх оюун санааны төв, бодлогын институц болох нь хойшлуулж болшгүй зорилт юм.

Бид парламентад 65 суудал авсан. Сонгогчид МАН-ыг сонгосон уу, эсвэл манай нэр дэвшигчдэд л саналаа өгсөн үү? Хувь хүмүүсийн мэдлэг чадвар, олон түмэнд танигдаж үнэлэгдсэн байдал нөлөөлөх нь маргаангүй ч яг үнэн чанартаа бол улс төрийн намуудын санал болгож байгаа хөгжлийн бодлого, хэрэгжүүлэх арга зам, хүлээгдэж байгаа үр дүнг баримжаалан сонгогчид сонголтоо хийдэг.

Тэгэхээр сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

Чухамхүү нам л сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэж, намын үнэт зүйл, үзэл баримтлал, бодлогыг төлөөлөх эрх олгодог.

Тиймээс нам танд өндөр итгэл, хариуцлага хүлээлгэснийг маш сайн ойлгодог ёс зүйтэй байх нь сонгогдсон, томилогдсон улстөрчдийн баримтлах зарчим мөн.

УИХ-ын гишүүнээр, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа намын бодлогод биш, өөрийнхөө явцуу эрх ашигт хөтлөгдөж, дураар авирлаад байх юм бол эх захгүй, замбараагүй, зохион байгуулалтгүй байдал газар авч, эцэстээ үнэт зүйлгүй, бодлогогүй засаглалын суурь бүрэлдэнэ.

Үүнийг өнөөгийн сөрөг хүчин засгийн эрхийг барьж байх үедээ бэлхнээ харуулсан, түүнд нь сонгогчид зохих дүнгээ тавьсныг марталгүй санаж явбал зохино.

Эдгээр асуудлыг дор бүрдээ шүүн тунгааж, хамтаараа хэлэлцэн ярилцаж, намаа засаглалын ардчилсан түвшин өндөртэй болгоход өөр өөрийн хувь нэмрийг оруулахыг Та бүхэндээ уриалж байна.

Б. Хүний нөөцийн бодлогын шинэчлэл

Эрхэм журмын нөхөд өө,

Намын хэмжээний тулгамдсан асуудал, аливаа сорилт бэрхшээл хийгээд өөрчлөлт шинэчлэлийн суурь нөхцөл нь хүний нөөцийн асуудал байсаар байгааг өнгөрсөн хугацааны улс төрийн үйл явц бидэнд харууллаа.

Намын хүний нөөцийн зорилт нь нийгмийн тэргүүлэх хэсгээс боловсон хүчнээ бүрдүүлж, хөгжлийн бодлого тодорхойлох үйл явц, улс төрийн өрсөлдөөнд татан оролцуулах, нийгмийн манлайллыг хэрэгжүүлэх, тогтвортой засаглалыг төлөвшүүлэхэд чиглэх ёстой.

Гэтэл манай намын хүний нөөцийн бодлого алдагдсаны улмаас итгэл үнэмшил, үнэт зүйлгүй, мэргэжил, мэдлэг, туршлагын шалгуурыг үл хангасан хүмүүс боловсон хүчний орон зайд цөөн бишээр нэвтэрч, МАН-ыг явцуу сонирхлоо хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгохыг оролдох боллоо.

Энэ нь манай намд “Чадахуйн” буюу “мерит” зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлого зайлшгүй чухал болсныг харуулж байна. Тиймээс: Нэгдүгээрт, хүний нөөц, боловсон хүчнийг сонгох, томилох, дэвшүүлэх, хөгжүүлэх бодлогыг цогц байдлаар авч үзэх нь чухал байна.

Намын хүний нөөцийн менежмент, сонголт томилгооны зарчим төв, орон нутгийн аль алинд, хамтын удирдлагын байгууллагын бүх түвшинд алдагдсаныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Үүнээс болж хувь улстөрчдийн ганцаарчилсан тоглолт давамгайлж, улмаар төрийн албыг сулруулах, намд хагарал талцал үүсгэх үндэс болж байна.  Бидэнд 2005 онд баталж, 2015 онд өөрчлөлт оруулсан “Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам” бий.

Энэ журам зөвхөн сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн албан тушаалд байршуулах хүмүүсийг хамруулахаас хэтрэхгүй  байгааг нухацтай нягталж, бүх түвшинд хүний нөөц бүрдүүлэх, нам төрийн боловсон хүчнийг бодлогоор сурган бэлтгэж, хөгжүүлэх зарчмыг зохицуулсан хөтөлбөр болгох бодит хэрэгцээ үүсчээ.

Хоёрдугаарт, санамсаргүй буюу тохиолдлын чанартай томилгооноос бүрэн татгалзаж, зөвхөн журмын шалгуурыг бүрэн хангасан хүмүүсийг ил тод, шударга шалгаруулалтаар өрсөлдүүлэн томилдог болъё.

Манай гишүүдээс хэн нь хэрхэн бэлтгэгдсэн бэ, юу хийж чадах вэ гэдэг энгийн хэрнээ шударга шалгуурыг баримталж, зөвхөн шат шатны намын байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд томилгоо хийдэг болох ёстой.

Ингэж чадвал УИХ, Засгийн  газрын гишүүд төрийн байгууллагын албан тушаалтны томилгоонд хутгалдан оролцдог, “шахаа” хийдэг бэрхшээл, хүндрэл арилна.

Гуравдугаарт, хүний нөөцийн алдаатай бодлогын эрсдэлээс сэргийлье. Найман жилийн өмнө “Хөгжлийн хөтөлбөр AGENDA-6”-г боловсруулах явцад намын хүний нөөцийн бодлого, хэрэгжилттэй уялдан гарч болох эрсдэлд анх удаа үнэлгээ өгч, чадахуйн зарчмыг шалгуур болголгүйгээр боловсон хүчнийг сонгож, байршуулах нь намын засаглалд ихээхэн эрсдэл дагуулна гэж үзжээ.

Эдүгээ энэ эрсдэл илүү их болсон байна.

Дөрөвдүгээрт, Намын шинэчлэлийг хийх удирдлагын багийг мэдлэг чадвартай, туршлагатай, олонд танигдаж хүндлэгдсэн, шударга зарчимч, өндөр ёс зүйтэй байх шалгуураар сонгон томилох ёстой.

Тэдгээр нь ахмад, дунд, залуу үеийг төлөөлсөн, намын хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх нь чухал.

Тавдугаарт, Хүний нөөцийг бэлтгэх, бүрдүүлэх, сонгож томилох, дэвшүүлэх бодлогыг хариуцлагын тогтолцоотой хамтатган авч үзэх нь зөв юм. Сахилга баттай, үнэт зүйлтэй, дүрэм зарчимдаа үнэнч боловсон хүчний нөөц бол хариуцлагатай засаглалын үндэс юм.

Зургадугаарт, намын бүх шатны байгууллагын улс төрийн ажилтнуудыг мэргэшүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэг дэв, цалингийн шатлалтай дүйцэхүйц журам боловсруулан мөрдөх асуудлыг судалж, хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй.

Долдугаарт, нэгэнт бий болсон хүний нөөц тасралтгүй шинэчлэгдэж байх ёстой. Дэлхийн түвшний өндөр боловсрол эзэмшсэн, зөв төлөвшсөн, ирээдүйтэй залуу боловсон хүчнээр намын хүний нөөцийн сан байнга баяжиж, тэлж байвал нэн сайн.

Тэднийг судлах, намын ажилд татан оролцуулах, эгнээндээ нэгтгэх ажил ч бодлогоор хийгдэж байх нь зөв юм.

Хүний нөөцийн бодлогын эдгээр шинэчлэлийг хийхдээ 1990-ээд оноос өмнө намын боловсон хүчнийг шилж сонгон, байршуулж ирсэн аргыг загвар болгох боломжтой.

Аймаг, сумын намын байгууллагууд гэхэд наад зах нь сум, багийн Засаг дарга, ИТХ-ын дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчөөр дэвших боломжтой гишүүд, дэмжигчдийг боловсон хүчний нөөцдөө бүртгэж, үүрэг даалгавар өгч, ажил гүйцэтгүүлж, намын болон төрийн албаны туршлага суулгаж, сургалт семинарт хамруулах зэргээр бэлтгэх ёстой.

Манай нам түүхийнхээ аль ч үед боловсон хүчний  хангалттай сайн нөөцтэй байж,  тэднийхээ дундаас мэдлэг туршлагатай  шилдэг сайн зүтгэлтнүүдээ ардчилсан зарчмаар нээлтэй сонгож ажиллуулдаг уламжлалтай нам.

Энэ удаа тэрхүү уламжлал илүү сайн туршлагаар баяжина гэдэгт итгэлтэй байна.

В. Бодлогын шинэчлэлийн бусад асуудлууд

         Намын шинэчлэлд хамгийн чухал, нэн тэргүүнд харгалзан үзэх ёстой гэж  дараах  асуудлаар байр сууриа илэрхийлье.

Бид бодлого, зорилгоо парламентын нэгэн бүрэн эрхийн хугацаа буюу сонгуулийн мөчлөгөөр баримжаалдгаа болих хэрэгтэй байна.

Бодлогын залгамж чанараа үргэлжлүүлж, тогтвортой засаглалыг бэхжүүлэх, тавьсан зорилгоо бүрэн хэрэгжүүлж, хөгжил дэвшлийг хангах, ядахдаа амар хялбар ганхахааргүй зөв суурийг тавья гэвэл 4 жил хангалтгүй.

Дөрвөн жилийн турш зүтгэж байж бид босгодог, тэд ирээд нураадаг, дахиад бид эхнээс нь эхлэхээс өөр аргагүй болдог чөтгөрийн тойргоос гарахын тулд дор хаяж 2 бүрэн эрхийн хугацаанд ажилладаг болох хэрэгтэй байна.

1990 оноос хойших хугацаанд  манай нам дангаараа Засгийн эрхийг барьсан тохиолдол өнөөгийнхийг оролцуулаад ердөө 3 байна.

Хамтарсан Засгийг тэргүүлсэн нь 2006-2008, 2008-2012 онд 2 удаа тохиосон бөгөөд бидний Засаг тэргүүлсэн он жилүүдэд улс орны эдийн засаг өсөж, иргэдийн амьжиргаанд дорвитой өөрчлөлт гарч байжээ.

Харамсалтай нь тэдгээр дэвшил хөгжил сөрөг хүчинд шилжиж очих бүртээ нурсныг монголчууд мэднэ.

Тиймээс бодлого, зорилгоо наанадаж 8 жилээр төлөвлөдөг байя.

Засгийн эрх нэгэнт авсан бол иргэд дараагийн сонгуулиар дахин итгэл үзүүлэх хэмжээнд хүртэл ажилладаг байх бодлого, төлөвлөлтийн менежментийг  бий болгоцгооё.

Зөвхөн намаа гэсэн сэтгэл зүтгэлээр бүхнийг шийдэх боломж зах зээлийн нийгэмд байхгүй ээ.

Намынхаа хүний нөөцийн бодлого, санхүүжилтийн механизмыг эрс өөрчлөхгүйгээр шинэчлэлийн тухай ярих нь учир утга муутай болж байна.

“Улс төрийн намуудын тухай” хуульд дорвитой өөрчлөлт оруулах, намуудын санхүүжилтийг “шилэн” болгох чиглэлд зоригтой алхам хийх цаг болсон гэж бодож байна.

Монголд үндэсний хэмжээний 2 том нам л байна, хүссэн ч эс хүссэн ч энэ хоёрын нэгийг л сонгоно гэсэн тайвшрал, таамгаар замнаж болохгүй.

Сонгуулийн үйл явц, сонгогчдын сонголт санаанд оромгүйгээр эргэх, боломжгүй мэтээр тооцож байсан зүг рүү ханаран савлах үзэгдэл дэлхийн улс төрийн практикт байнга шахуу тохиолдох боллоо.

Тиймээс тулхтай, тууштай, чадавхитай, бодлоготой улс төрийн хүчин гэсэн имижээ тогтвортой хадгалах, сонголт ямагт бидэн рүү чиглэж байх чадамжийг бүрдүүлэх нь үндсэн зорилтын нэг байх ёстой.

Засаглалын бүх түвшинд хариуцлага, сахилгыг чангатгаж, шударга ёсны зарчмыг чанд сахих, авлигаас ангид байх нь нам урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын үндэс мөн.

Авлигад өртсөн этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцож, намын эгнээнээс зайлуулах, төрийн албан тушаалд ажиллах эрхийг хасаж байх нь энэ уршигт үйлдлээс сэргийлэх, таслан зогсоох хөшүүрэг болно.

Гишүүд, дэмжигчидтэйгээ ямагт хамт, ойр байх зарчмыг лоозогнолоос салгаж, энгийн бодит үйл ажиллагаа болгох нь шинэчлэлийн чухал зорилтын нэг юм.

Намын үүр, хороодын ажил гишүүд рүүгээ л чиглэх ёстой.

Нэг ч гишүүнийг орхихгүйгээр хүн бүртэй ядаж улиралдаа нэг удаа уулз.

Ярилц, зөвлөлд. Аж амьдрал, зовлон жаргалыг нь сонс.

Боломжтой бүхнээр тусал, дэмж. Ажлаа танилцуул. Үүрэг даалгавар өг. Сайшаан урамшуул.

Идэвхтэй цөөхөн хүний хүрээнд эргэлддэг, тэднийгээ цуглуулж хааяа хуралдчихаад “Ажил сайн байна.

Гишүүд маань дэмжиж байна” гэж сэтгэлээ хоосон цатгахаа боль. Зөвхөн гишүүдээр хязгаарлахгүй, гишүүн бус хүмүүсийн бодлыг сонсох, тэр ч бүү хэл өөр намын гишүүдтэй ч уулзахад гэмгүй.

Тэд муулаг, шүүмжлэг, хамаагүй. Бодит үнэнийг ингэж байж л олж мэднэ.

Энэ дашрамд намын үүрүүд идэвхтэн сонгуультнаа тогтвортой, үр дүнтэй ажиллуулах механизмыг олох, гишүүдийнхээ ажлын үр дүнг урамшуулах тогтолцоонд шилжих нь чухал байна.

Ийм байж чадахгүй байгаа нь намын анхан шатны байгууллагыг зарим хүн, бүлэг хүмүүсийн өмч мэт болгож, тэдний хүсэл сонирхлоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгон хувиргахад хүргэж байгаа юм. 

Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг ил тод, үр дүнтэй болгох зорилгоор үйл ажиллагааг нь цахим хэлбэрт шилжүүлэх буюу жирийн иргэдийн үзэл бодлыг байнга сонсдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

Нам дахь засаглалыг бэхжүүлж, дотоод ардчиллыг хөгжүүлэх, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, хүний  нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд намын өөрийн хяналт нэн чухал.

Энэ талаар намын удирдах болон хяналтын байгууллагын чиг үүрэг зарим талаар давхацсаныг ялгаж салгах хэрэгтэй байна.

Хяналтын ерөнхий хороо намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаас гадна Намын дүрэм зөрчсөн болон ёс зүйн зөрчил гаргасан, эсэх талаар дүгнэлт гаргаж хариуцлага тооцох эрхтэй байхаар дүрэмд өөрчлөлт оруулах  боломжтой гэж үзэж байна.

Намын байгууллага гишүүнийхээ талаар буруу шийдвэр гаргавал хүчингүй болгох эрхийг хяналтын байгууллагад олгох нь зүйтэй. 

Ер нь намын хяналтын байгууллагын удирдлагад намын эгнээнд 10-аас дээш жил болсон, хариуцлагатай алба хашиж байсан, намын хамт олны дунд өндөр нэр хүндтэй хүмүүсээс сонгох нь зөв гэж үзэж байна.

Орон нутгийн намын байгууллагын ажилд төр, намын өндөр албан тушаалтнууд хутгалдан оролцох нь тийм ч таатай зүйл биш. Одоогийн байдлаар аймаг, дүүргийн намын хорооны даргаар УИХ-ын цөөн биш гишүүн ажиллаж байгаа нь зохимжгүй юм. “Зайнаас” буюу далдаас удирдах энэ арга барил орон нутгийн намын байгууллагыг эзэнгүйдүүлэх, эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх, цаашлаад орон нутгийн намын байгууллагыг хувааж талцуулах зэрэг буруу жишиг тогтоож байгааг анхаарахгүй байж болохгүй.

Намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн талаар энд дурьдаж хэлсэн зүйл, дэвшүүлсэн зорилтыг бодит ажил хэрэг болгоход намын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага, намын төв хэвлэлийн чадавхи чухал үүрэгтэй.

Иймээс “Прогноз” академийг намын бодлого, түүх, үйл ажиллагааны менежментийг боловсруулдаг, сонгогчид, олон нийтийн санаа бодол, нийгмийн сэтгэл зүйг тогтмол судалдаг, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг  үндсэн чиг үүрэг бүхий сургалт эрдэм шинжилгээний төв болгон бэхжүүлэх, “Монголын үнэн” сониныг намын хэвлэл мэдээллийн хүчирхэг төв болгон хөгжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна.

Эрхэм нөхөд өө,

“Гэрээ засаад төрөө зас” гэсэн Эзэн богд Чингис хааны үг бий. Намаа засах, шинэчлэх түүхэн тодорхой шийдвэрийг энэ Их хурлаараа Та бид гаргаж,  намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэх учиртай.

Улмаар намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг төрөө засах, түмнээ амар түвшин болгох амин чухал асуудлыг шийдэх түлхүүр хэмээн  үзэж, энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллахыг уриалж байна.

Ард түмэн минь бидэнд асар их итгэл хүлээлгэсэн. Эд л эвдэрснийг эвлүүлж, нураасныг босгож чадна гэж сонгож томилсон.

Энэ итгэлийг заавал биелүүлэх ёстой. Бид нураах дургүй. Харин босгох дуртай.

Бидний бүтээн босгож чаддаг хүч чадлын эх сурвалж нь эв нэгдэл, эрхэмлэх үнэт зүйлдээ оршдог.

Намын сахилга, төрийн хариуцлагыг тойрч, түшээд гишүүд нь суудлаа ч, гүйдлээ ч олох төлөвшил бүрэлддэг гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна.

Хэрвээ олж харахыг хүсвэл, болж бүтэж байгаа зүйл бидэнд зөндөө бий.

Харахгүй гэсэн ч үзэгдээд байгаа болохгүй зүйл ч бас байна. Тиймээс болж байгаагаа бага, болохгүйгээ их ярьсныг минь зөвөөр ойлгох биз ээ. Асуудал хэрвээ байгаа бол ярих л ёстой.

Гэхдээ хэн нэгэн буруутныг илрүүлж, гэсгээн шийтгэхийг яарах нь зөв зам биш гэж би боддог.

Харин “Яагаад буруудав” гэдгийн учир шалтгааныг олж, ямар аргаар засаж сайжруулах вэ гэдгээ тогтоох нь илүү чухал.

Буруутныг олж тогтоогоод, бусад нь цэвэр үлдэхийг хүсэх хэрэггүй. Ийм замаар явбал магадгүй өөр нэг өдөр Та өөрөө буруутан болох тавилан тохиож ч мэднэ. Харин буруугийн шалгааныг олж чадвал бултаараа, бүгдээрээ буруу замаас гарч чадна.

Манай намын байгуулсан Улсын Их Хурал, Засгийн газрын өмнө олон бэрхшээл, том сорилтууд байгаа. Тэдгээрийг бид даван гарч чадна.

Гэхдээ олуулаа хамтарч, нэгдэн нийлж байж л арай бага хохиролтой, арай богино хугацаанд давах болно.

Монгол Ардын Нам төрийн эрхийг барьж, улс орноо хөгжүүлэх зорилгоо 4 жилээр биш, дор хаяж 8 жилээр төлөвлөдөг болъё, тэгж байж бид босгосноо барагтайд уначихааргүй бат бэх суурьтай болгож, улс орноо тогтвортой хөгжлийн замд оруулах боломж бүрдэнэ гэж илтгэлдээ би дурдсан.

Тиймээс 2020 онд бид ялах ёстой. Энэ удаагийн Их хурал, Засгийн газар дээд зэргээр хичээж чармайлаа гэхэд улсаа хямралаас, эдийн засгаа хэвтрээс л гаргана. Цаашаа өрийн дарамтаас бүрэн гарах, эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах, хуримтлал үүсгэх замаар хямралд өртөөд байхааргүй дархлаа бүрдүүлэх, иргэнээ хөгжүүлэх гээд их ажил бий. Ийм ажлууд 2020 оноос хойш хийгдэнэ.

Тэгэхээр арайхийж босгосон гэрээ хараад л сууж байсан бусдад өгөмгүй байна. 2021 онд тохиох намынхаа 100 жилийн ойг амласнаа бүрэн биелүүлж, ард олныхоо итгэлийг бүтэн хүлээсэн амжилтаар угтацгаая.

Энэ бидний заавал биелүүлэх ёстой зорилго гэдгийг гишүүн бүртээ ойлгуулж, одооноос сонгуулийн бэлтгэлээ базаах хэрэгтэй.

Хууль эрх зүйн хүрээнд хийх ёстой олон чухал ажил бидэнд бас бий. Тухайлбал, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулиудыг цаг алдалгүй шинэчлэх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл 2017 ондоо багтаад өргөн баригдана гэж тооцож байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сөрөг хүчний эсэргүүцээд байгаа шиг МАН өөртөө зориулаагүй юм аа.

Үндсэн хуулийг мөрдсөн өнгөрсөн 25 жилийн туршлага, сургамж, эрдэмтэн мэргэдийн дүгнэлт, иргэдийн санал бодолд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурь давамгайлж байгаа.

Энэ  намар УИХ-аас  зохион  байгуулсан хэлэлцүүлэгт 327,3 мянган санлын хуудас ирсний 60-78 хувь нь өөрчлөлт  оруулах ёстой  гэж үзсэн. 

2000 оноос хойш УИХ-ын гишүүд л гэхэд дөрвөн ч төслийг өргөн барьсан байдаг юм. Бид биш ч өөр нэг нь хийж л таарна. Тэгэхээр зоримог алхам хэрэгтэй.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-үүдийн хэрэгжилтийг хангахад УИХ, Засгийн газартайгаа Монгол Ардын Нам хамтран ажиллах, үр дүнг тооцох, шахаж шаардах хэрэгтэй.

Ингэснээр төрийн дээр нам гараад суучихаж байгаа хэрэг биш ээ.

Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, улс  төрийн тогтвортой байдал, Засгийн газрын хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүх талаар хангах зарчмыг бид тууштай баримталбал зохино.

Сөргөлдөж тэмцэлдэхийг хойш тавьж, гар нийлэн ханаа дугуйлж, санаа нийлэн тоосгоо өрж байж л өргөө гэрээ босгож чадна гэдгийг хэлье. 

Эрхэм журмын нөхөд, Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,

Намайг дэвшүүлж томилсон намдаа, хамтарч ажиллаж, түшиж тулсан мянга мянган гишүүддээ  чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Намын даргын алба бол эрх мэдэл, эзэн суудал гэхээс илүү асар их хариуцлага, амарч тайвшрахын аргагүй зүтгэл чармайлт, мөр дарж сэтгэл чилээсэн, хүнд хэрнээ хүндэтгэлтэй ачаа байдаг юм аа.

Намынхаа ажил, амьдралын  талаар дээр миний дурдаж дэвшүүлсэн санаа, оноо  бол улс төрийн хатуу ертөнцөд хал үзэж, халуун чулууг нь барьсан,  болж бүтэхийн сайхныг, бас болохгүй бүтэхгүйн хэцүүг мэдэрсэн журмын нөхрийн чинь сэтгэлийн  үг гэж хүлээн аваарай.

Энэ удаад би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн нам, гишүүдийнхээ даалгаврыг биелүүлж чадаагүйнхээ төлөө өөртөө хариуцлага ногдуулж байна.

Авч болсон юм, өгч чаддаг байх хэрэгтэй гэсэн үг ч бий. Гэхдээ би эгнээнд нь бойжиж өдий зэрэгт хүргэсэн намтайгаа, халуун журмын анд нөхөд та нарынхаа дунд ямагт хамт байх болно оо. 

Монгол Улсын мандал бадрал, Монгол Ардын Намын ялалт амжилтын төлөө өөрт байгаа бүхий л чадвар мэдлэгээ дайчлан зүтгэнэ ээ. Монгол Ардын Нам улс орныхоо, ард түмнийхээ өмнө хүлээсэн түүхэн хариуцлагаа гүнээ ухамсарлаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг улс төрийн хүчин билээ. Би намынхаа олон мянган гишүүд, дэмжигчдийн саруул ухаан, эх оронч үзэл, эв нэгдэл, дотоод ардчилал, улс төрийн туршлагад  бүрнээ итгэж,  найдаж байна.

ЭЦЭСТ НЬ “ЭРДМИЙГ ХИЧЭЭЖ, ЁСЫГ САХИЖ, ЭВ ЭЕЭР НӨХРИЙГ ЗАСАН, ТҮВШИН ТӨВӨӨР АЛСЫГ ЗОРИГЧ ХҮМҮҮНД МЯНГАН ОНЫ БАЯСГАЛАНГИЙН ҮҮД ТҮМЭН УДАА НЭЭГДМҮЙ” ХЭМЭЭХ ЭРТНИЙ СУДРЫН ЭШЛЭЛ ҮГИЙГ ЖУРМЫН НӨХӨД ТА БҮХЭНДЭЭ СОНОРДУУЛЖ, ИЛТГЭЛЭЭ ӨНДӨРЛӨЕ.

Та бүхэндээ сайн сайхан бүхнийг ерөөж,

Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.