УИХ-ын дарга М.Энхболдын “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын ОУ-ын анхдугаар бага хурлыг нээж хэлсэн үг.

2016/10/13 11:39 2306

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН НҮҮДЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ХОТУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ СЭДЭВТ АНХДУГААР БАГА ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ

Хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай

Хүрэлцэн ирсэн эрхэм анд нөхөд, хатагтай ноёд оо

         Өнөөдөр дэлхийн олон ороны гайхамшигт олон түүх, соёлын төлөөлөл Монгол орны хөх тэнгэрийн дор учран золгож байна.

     Миний бие олон  мянган бээрийн тэртээгээс нүүдэлчдийн өлгий нутагт найрсаг намрыг дагуулан хүрэлцэн ирсэн та бүхнийг мэндчилэн, хүндэтгэх завшаан тохиосонд туйлын баяртай байна.

Эрхэм нөхөд өө,

Та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуучлалын олон улсын бага хуралд оролцож байгаад өөрийн болон Монгол Улсын төр, засгийн зүгээс баяр хүргэн, дэлхийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье.

Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг ба олон сая ажлын байр бий болгож, үл үзэгдэгч экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрийддэг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг, хөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар билээ.

Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ.

Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг  улс орнуудад олгож байна.

Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжуудыг дагаад тогтвортой байдал гэдэг үүрэг хариуцлага ирдэг. 

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно.” хэмээн цаашдын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон.

Цаашид бид тогтвортой хөгжлийг хангахын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлого баримталж байна.

Анд найз нараа,

Аялал жуулчлалын салбарын хөгжил нь бидэнд түүхэн өв уламжлал, ёс заншлаа хадгалан, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, олон улс орнуудад сурталчлан таниулах гол түлхүүр болно гэж итгэж байна.

          Монголчууд бид эрт үеэс мал аж ахуй эрхэлж, жилийн дөрвөн улирлын турш байгалийн сайхан, газрын нөмөр, өвсний тэжээлтэйг сонгон нүүдэллэж ирсэн дэлхийд ховорхон нүүдэлчин ард түмэн билээ.

Монгол орныг зорин жилээс жилд өсөн нэмэгдэж буй жуулчдын урсгалыг Нүүдлийн аялал жуулчлалын жим рүү татаж, аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжлийн гол хөдөлгөх хүчээ болгох өргөн боломж бий.

Өвөг дээдсийн маань захиснаар “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэсэн сайхан хэлц үг бий. 

Үүнээс харахад аялах, жуулчлах нь Монголчуудын соёл, ёс заншлын салшгүй хэсэг байсаар иржээ.

Монголын нүүдэлчин ард түмэн өнө эртнээс дэлхийн хүн төрөлхтний түүхэнд давтагдашгүй түүх соёлын үнэт өвийг бүтээж, дэлхийн соёл иргэншилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулж ирсэн юм.

Ази, Европ тивийг холбож, 2000 гаруй жилийн турш оршин тогтносон, дэлхийн түүхэн дэх хамгийн урт худалдааны зам болох Торгоны замын түүх нь энэ хоёр тивийн дунд оршиж буй Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой билээ.

          Энэхүү хуралдаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гишүүн, Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт нэгдсэн 33 орны төлөөлөл хүрэлцэн ирсэн нь 21-р зуунд Монгол орноо Торгоны замаар аялан явах асуудлыг хэлэлцэж байгаа үйл явдал хэмээн үзэж байна. 

Эрхэм нөхөд өө,

          Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг даган Монголчууд бид суурин соёл иргэншлийг нүүдэлчин ахуйтай хослуулан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт, үлдсэн нэг сая гаруй иргэд хөдөө орон нутагт амьдарч онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил болон жилээс жилд өргөжин тэлж буй хотуудын хөгжлийг хослуулсан нь өнөөдрийн энэ хурлыг манай оронд зохион байгуулах бас нэг шалтгаан болсон юм.

Энэхүү хуралдаанд өндөр хөгжилтэй олон улс орон, хотуудын удирдлага, хотын хөгжлийн талаар дэлхий нийтэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь хуралдааны ач холбогдлыг өндөрт өргөж байна. Ингээд тус хуралдаанд оролцож буй нийт төлөөлөгчиддээ дахин талархал илэрхийлж, хуралдааны ажилд амжилт хүсье.

Та их эзэн Чингис хааны өлгий нутаг болсон Монголын сайхан орны нийслэлд зочлон, нүүдэлчин ахуйтай танилцаж, ард түмний зочломтгой занг мэдэрч, нүүдэлчин түмний аз жаргалын нууцыг нээгээрэй.