Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай

2017/05/12 11:19 398

 

2017 оны 05 сарын 12 өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

            1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

            2 дугаар зүйл.Нялх, балчир хүүхдийн хүнсний                                                          

                                                тухай хууль тогтоомж

 

            2.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Эрүүл мэндийн тухай хууль[2], Хүнсний тухай хууль[3], Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль[4], Төрийн хяналт, шалгалтын тухай хууль[5], Зар сурталчилгааны тухай хууль[6], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

 

            3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо

 

            3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

                        3.1.1.“нялх хүүхэд” гэж төрснөөс хойш нэг хүртэлх насны хүүхдийг;

                        3.1.2.“балчир хүүхэд” гэж нэгээс гурав хүртэлх насны хүүхдийг;

                        3.1.3.“нялх, балчир хүүхдийг хооллох зориулалтын бүтээгдэхүүн /цаашид “зориулалтын бүтээгдэхүүн” гэх/” гэж эхийн сүүнээс бусад энэ хуулийн 3.1.5-3.1.10-д заасан хоол, хүнсний бүтээгдэхүүн болон хооллох хэрэгслийг;    

 

                        3.1.4.“олон улсын хүнсний стандарт /цаашид “хүнсний стандарт” гэх/” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хүнсний эрх зүйн хорооноос баталсан стандартыг;

 

                        3.1.5.“хооллох хэрэгсэл” гэж нялх, балчир хүүхдийг хооллоход  зориулсан угж, хөхөлт болон соруул, сорох хошуу, хөхөлт бүхий тагтай аяга, тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

 

                        3.1.6.“нялхсын сүүн тэжээл” гэж зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

 

                        3.1.7.“сүүн тэжээл” гэж зургаан сартайгаас дээш насны хүүхдэд зориулж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

 

                        3.1.8.“нэмэгдэл хоол” гэж зургаан сартайгаас эхлэн хүүхдийн хөгжлийн үе шатанд тааруулан нэмэгдлээр өгөх хүнсийг;

 

                        3.1.9.“нялх, балчир хүүхдийн эмчилгээний тусгай сүүн тэжээл” гэж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн, өвчний улмаас эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдэд эмчилгээний зориулалтаар өгөх сүүн тэжээл болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

 

                        3.1.10.“нялх, балчир хүүхдийн ундаа” гэж зургаан сартайгаас дээш насны хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн цай, ундаа болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

 

                        3.1.11.“эхийн сүүгээр дагнан хооллох” гэж зургаан сар хүртэлх насны хүүхдэд зөвхөн эхийн сүү өгөхийг.

                       

            4 дүгээр зүйл.Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг

                                                            дэмжих бодлого

 

            4.1.Эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого нь хүүхдийг төрсний дараа амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, зургаан сартайгаас хоёр нас хүртэл болон цаашид үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжих үйл ажиллагаа байна.

           

            4.2.Эх нь нас барсан, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй, энэ хуулийн 15.2-т заасан эхийн сүүний нөөцийн банк нөөцгүй тохиолдолд хүүхдийн сүүн тэжээлийг эмнэлгийн мэргэжилтний заавраар хэрэглэж болно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Зориулалтын бүтээгдэхүүний НАЙРЛАГА, САВ БАГЛАА

БООДОЛ, ШОШГОД ТАВИХ ШААРДЛАГА, ХОРИГЛОХ ЗҮЙЛ

           

            5 дугаар зүйл.Зориулалтын бүтээгдэхүүний найрлагад

                                               тавих ерөнхий шаардлага

 

            5.1.Зориулалтын бүтээгдэхүүний найрлага нь энэ хуулийн 3.1.4-т заасан стандартаас гадна дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна:

 

                        5.1.1.нялх, балчир хүүхдийн хүнсний найрлага, шимт бодисын мэдээллийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу сав, баглаа боодол, шошгод байршуулсан;  

 

                        5.1.2.зориулалтын бүтээгдэхүүнд энэ хуулийн 3.1.4-т заасан стандартаар зөвшөөрсөн хоёр, түүнээс дээш хүнсний нэмэлтийг оруулсан бол шошго дээрх найрлагын жагсаалтад бичсэн;

                       

                        5.1.3.хүүхдийн хүнсэнд агуулагдах бохирдуулагчийн хэмжээ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.1.1-д заасан шаардлагыг хангасан;

 

                        5.1.4.хүүхдийн хүнс нь пестицид агуулаагүй.

           

            5.2.Хүүхдийн хүнсний дээжинд даавар, антибиотик, пестицид, эмгэг төрөгч нян, хор болон бусад бохирдуулагчийн түвшинг итгэмжлэгдсэн лабораториор тогтоолгосон байна.

 

            5.3.Зориулалтын бүтээгдэхүүн нь энэ хуулийн 3.1.4-т заасан стандарт болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байна.

           

            5.4.Зургаан сартайгаас гурав хүртэлх насны хүүхдийн хүнсний найрлагад зөгийн бал болон байгалийн гаралтай чихэр агуулсан байж болно.

 

            5.5.Хүүхдийн хүнсэнд транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд ашиглахыг хориглоно.

 

            5.6.Энэ хуулийн 3.1.6, 3.1.9-т заасан зориулалтын бүтээгдэхүүнээс бусад зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулсан хүнсийг импортлох, худалдахыг хориглоно.

 

            5.7.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж энэ хуулийн 3.1.9-т зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно.

 

            6 дугаар зүйл.Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол,              

                                                шошгод тавих ерөнхий шаардлага

 

            6.1.Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5-д зааснаас гадна дараахь мэдээллийг агуулсан байна:

 

                        6.1.1.бүтээгдэхүүнийг зөв бэлтгэх заавар;

                        6.1.2.хооллох хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээг хийх арга;

                        6.1.3.бүтээгдэхүүний орц, найрлага, агууламжийг тайлбарласан бичвэр;

                        6.1.4.үйлдвэрлэх, түгээх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч /цаашид “хуулийн этгээд” гэх/-ийн шаардлагатай мэдээлэл;

 

                        6.1.5.бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг нээхийн өмнө болон нээсний дараа хадгалах заавар.

 

            6.2.Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод байршуулах  мэдээлэл монгол хэлээр бичигдсэн байна. 

           

            6.3.Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод дараахь мэдээлэл байршуулахыг хориглоно:

 

                        6.3.1.бүтээгдэхүүний найрлагыг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгасан мэдээлэл;

                       

                        6.3.2.тухайн бүтээгдэхүүн хүүхэд бүрд тохирно гэсэн агуулгатай мэдээлэл;

 

                        6.3.3.үйлдвэрлэгчийн лого, дүрсээр илэрхийлсэн хэрэглэх заавраас бусад зураг, дүрс;

 

                        6.3.4.бүтээгдэхүүний найрлагыг тодотгосон эрүүл мэндийн болон шим тэжээллэг чанарын тухай анхааруулга.

           

            7 дугаар зүйл.Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгод

                                         тавих тусгай шаардлага, хориглох зүйл

 

            7.1.Нялх, балчир хүүхдэд зориулсан сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт дараахь мэдээллийг байршуулна:

 

                        7.1.1.тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нас;

                        7.1.2.“эхийн сүү хамгийн сайн хоол мөн” гэсэн агуулга бүхий санамж;

 

                        7.1.3.“зөвхөн эмнэлгийн мэргэжилтэн зөвлөсний дагуу энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ” гэсэн анхааруулга.

 

            7.2.Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошго дээрх үйлдвэрлэгчийн брэнд нэр, бусад бичвэр нь уг бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адилтгасан агуулгатай байхыг хориглоно.

           

            8 дугаар зүйл.Нэмэгдэл хоол, ундааны сав, баглаа боодол, шошгод                          

                                             тавих тусгай шаардлага, хориглох зүйл

 

            8.1.Нэмэгдэл хоол, ундааны сав, баглаа боодол, шошгод энэ хуульд заасан ерөнхий шаардлагаас гадна дараахь мэдээллийг байршуулна:

                       

                        8.1.1.шошгын нүүрэн хэсэгт бүтээгдэхүүнийг хэрэглэх нас;

                        8.1.2.бэлтгэх, хадгалах горим алдагдсантай холбоотой үүсэх эрүүл мэндийн эрсдэлийг сануулсан анхааруулгыг “САНАМЖ” гарчгийн доор;

 

                        8.1.3.энэ бүтээгдэхүүнийг зургаан сар хүртэлх насны хүүхдэд өгч  болохгүй тухай анхааруулга;

 

                        8.1.4.хэрэглэх зааврын хажууд “ДАВС, ЭСХҮЛ ЧИХЭР НЭМЖ БОЛОХГҮЙ” гэсэн мэдээлэл том үсгээр.

 

            8.2.Нэмэгдэл хоол, хүүхдийн ундааны сав, баглаа боодол, шошгод тухайн бүтээгдэхүүнийг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгасан, эсхүл эхийн сүүний ач холбогдлыг бууруулсан агуулга бүхий мэдээлэл байршуулахыг хориглоно.

 

            8.3.Сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод “энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн шимт бодис, эрдэс, аминдэмийн хэрэгцээг дангаар хангахгүй” гэсэн агуулга бүхий анхааруулгыг байршуулна.

 

            9 дүгээр зүйл.Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод                                     

                                           тавих тусгай шаардлага, хориглох зүйл

 

            9.1.Нялх, балчир хүүхдийг хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод дараахь мэдээллийг байршуулна:

                       

                        9.1.1.энэ хуулийн 7.1.2-т заасан санамж;

                        9.1.2.“угж ашиглан хооллох нь таны хүүхдийн хөхөө хөхөх төрөлхийн рефлекст сөрөг нөлөөтэй” гэсэн анхааруулга.

 

            9.2.Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод хуулийн этгээдийн лого, цэвэрлэх, ариутгахыг харуулсан дүрслэлээс бусад зураг, дүрс байршуулахыг хориглоно. 

           

            9.3.Хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгод “эмнэлгийн мэргэжилтний зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн” гэсэн агуулга бүхий мэдээлэл байршуулахыг хориглоно.

 

            9.4.Хуулийн этгээд нь хүнсний бус зориулалтын хуванцраар үйлдвэрлэсэн хооллох хэрэгслийг импортлох, худалдахыг хориглоно.

 

            9.5.Энэ хуулийн 7.1, 7.2, 8.1, 8.3, 9.1-д заасан сав, баглаа, боодол, шошго дээрх мэдээлэл ил тод, монгол хэлээр байна.

 

            9.6.Энэ хуульд заасан хүнсний стандарт, ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй зориулалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдахыг хориглоно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАР СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ

 

            10 дугаар зүйл.Нялх, балчир хүүхдийн хүнс, хооллох

                                                хэрэгслийн зар сурталчилгаа

 

            10.1.Доор дурдсан бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжихийг хориглоно:

 

                        10.1.1.энэ хуулийн 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.9, 3.1.10-д заасан бүтээгдэхүүн;

                        10.1.2.эрүүл мэндийн болон хяналтын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн бүтээгдэхүүн.

 

            10.2.Хуулийн этгээдэд зориулалтын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

                        10.2.1.үнийн хямдрал, хөнгөлөлт, тусгай урамшуулал өгөх, танилцуулах дэлгэц ашиглах;

 

                        10.2.2.нялх, балчир хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой материал бэлтгэх, хэвлүүлэх, түгээх;

 

                        10.2.3.анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургууль, коллеж болон судалгаа, шинжилгээний байгууллагыг ивээн тэтгэх;

 

                        10.2.4.эрүүл мэндийн байгууллагын орчинд зориулалтын бүтээгдэхүүнтэй холбоотой танилцуулга, зурагт хуудас байршуулах;

         

                        10.2.5.нялх, балчир хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн чиглэлээр ажилладаг эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтэн, судлаачид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх;

 

                        10.2.6.нялх, балчир хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлаар арга хэмжээ зохион байгуулах, оролцогчдыг сонгох, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх;

 

                        10.2.7.зориулалтын бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэг, сувилал, асрамжийн газарт бэлэглэх, хямд үнээр өгөх.

 

            10.3.Хуулийн этгээд нь зориулалтын бүтээгдэхүүнийг худалдах зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтан, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, түүний дээжийг дангаар нь, эсхүл бусад бүтээгдэхүүнтэй багц байдлаар бэлэглэх, хямд үнээр өгөхийг хориглоно.

                       

            10.4.Энэ хуулийн 3.1.5, 3.1.6, 3.1.7-д заасан зориулалтын бүтээгдэхүүнийг эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын орчинд худалдахыг хориглоно.

 

            10.5.Зориулалтын бүтээгдэхүүний нэр, барааны тэмдэг, лого, бусад ялгарах онцлогийг энэ хуулийн хүрээнд хамаарахгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглахыг хориглоно.

 

            11 дүгээр зүйл.Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн

                                                         мэдээлэл, сургалт

 

            11.1.Нялх, балчир хүүхдийн хооллолтын талаархи мэдээлэл, сургалтыг эрүүл мэндийн байгууллага болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй төрийн бус байгууллага ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан доор дурдсан агуулгын хүрээнд зохион байгуулна:

        

                        11.1.1.зургаан сар хүртэлх насны хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид тогтвортой үргэлжлүүлэн хөхүүлэхийн ач холбогдол;

 

                        11.1.2.хүүхдийг эхийн сүүгээр хооллохын давуу тал, ач холбогдол;

                        11.1.3.хүүхдийг хөхнөөс хүчилж гаргах шийдвэрийн сөрөг үр дагавар;

                        11.1.4.хүүхдэд зургаан сартайгаас эхлэн нэмэгдэл хоол өгөх, түүний ач холбогдол;

 

                        11.1.5.угж, хөхөлт ашиглан хөхүүлэх, нэмэгдэл хоолонд эрт оруулахын сөрөг үр дагавар;

           

                        11.1.6.хөхүүл эхийн эрүүл хооллолт;    

                        11.1.7.гэрийн нөхцөлд нэмэгдэл хоолыг бэлтгэх.

 

            11.2.Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн тухай мэдээлэл, сургалтын материал шинжлэх ухааны үндэслэлтэй байх бөгөөд үйлдвэрлэгч, түгээгчийн лого, зориулалтын бүтээгдэхүүний брэнд нэрийг оролцуулахыг хориглоно.

 

            12 дугаар зүйл.Хүүхдийг сүүн тэжээлээр хооллох

 

            12.1.Эмнэлгийн мэргэжилтэн энэ хуулийн 4.2-т заасны дагуу хүүхдийг сүүн тэжээлээр хооллох эхэд доор дурдсан мэдээллийг өгнө:

 

                        12.1.1.бүтээгдэхүүнийг хэрэглэх, хооллох хэрэгслийг цэвэрлэх, ариутгах тухай;

 

                        12.1.2.нялхсыг аяга ашиглан хооллох тухай;

                        12.1.3.бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглээгүйн улмаас гарах эрсдэлийн тухай.

 

            13 дугаар зүйл.Зориулалтын бүтээгдэхүүний талаар эрүүл

                                                мэндийн ажилтанд өгөх мэдээлэл

 

            13.1.Зориулалтын бүтээгдэхүүний талаар доор дурдсан мэдээллийг эрүүл мэндийн ажилтанд өгнө:

 

                        13.1.1.бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, хэрэглэх аргын тухай шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээлэл;

 

                        13.1.2.тухайн бүтээгдэхүүн, түүний найрлага болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн харилцан хамаарлыг нотолсон судалгааны эх сурвалж.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙ үүрэг

 

            14 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллага болон

                                                мэргэжлийн салбар зөвлөлийн чиг үүрэг

 

            14.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэнд, хүнс, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд хамтарч ажиллана.

 

            14.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүрэгтэй:

 

                        14.2.1.Хүнсний тухай хуулийн 5.1-д заасан хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг үндэслэн нялх, балчир хүүхдийг хооллох зааврыг батлах, хэрэгжүүлэх;

 

                        14.2.2.эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтийг хангах;

 

                        14.2.3.энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, зааврыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх.

 

            14.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутагт өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдийн хүнс үйлдвэрлэхийг дэмжиж, урамшуулна.

 

            14.4.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн эх, хүүхдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн[7] 22 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.

 

            14.5.Нялх, балчир хүүхдийн хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөл /цаашид “салбар зөвлөл гэх”/ Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллах бөгөөд салбар зөвлөлийн дарга нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

 

            14.6.Салбар зөвлөл дараахь чиг үүрэгтэй:

 

                        14.6.1.хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;

 

                        14.6.2.энэ хууль болон холбогдох бусад шийдвэрийг зөрчсөн зөрчлийг илрүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх, эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;

 

                        14.6.3.хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэр болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээний тухай Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах.

 

            15 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын чиг  үүрэг

 

            15.1.Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаархи бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг:

 

                        15.1.1.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах;

 

                        15.1.2.хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаархи мэдээлэл, мэргэжил арга зүйгээр эрүүл мэндийн ажилтныг хангах;

 

                        15.1.3.эрүүл мэндийн ажилтан болон иргэдэд энэ хуулийн 11, 12, 13 дугаар зүйлд заасан мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулах.

 

            15.2.Амаржих газар, тасаг нярай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулна.

 

            15.3.Эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            16 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын

                                                            ажилтны үүрэг

 

            16.1.Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан  хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэрийн хэрэгжилтэд саад учруулсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй.

                       

            16.2.Эрүүл мэндийн байгууллагын болон анагаах ухааны боловсрол олгодог байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын ажилтан энэ хуулийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилд автсан тухай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс  эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд бичгээр хүргүүлнэ.

 

            16.3.Эрүүл мэндийн байгууллагын ажилтны гаргасан зөрчлийн талаархи мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлнэ.

 

            16.4.Анагаах ухааны боловсрол олгодог байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын ажилтны гаргасан зөрчлийн талаархи мэдээллийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлнэ.

 

            16.5.Энэ хуулийн 16.3, 16.4-т заасан хяналтын хороод нь гаргасан дүгнэлтээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

                 

            17 дугаар зүйл.Төрийн байгууллага, аж ахуйн нэгж,

                                                            иргэний хүлээх үүрэг

 

            17.1.Төрийн байгууллага, аж ахуйн нэгж нь хүүхэд хөхүүлэх, хооллох орчин, нөхцөлийг бүрдүүлж болно.

           

            17.2.Иргэн хүүхдэд зориулсан хүнстэй холбоотой зүй бус зар сурталчилгаа болон хууль зөрчсөн үйлдлийг холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

            18 дугаар зүйл.Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

 

            18.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд хяналт тавина:

 

                        18.1.1.төрийн хяналтыг бүх шатны Засаг дарга, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд;

 

                        18.1.2.олон нийтийн хяналтыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.

 

            18.2.Энэ хуулийн 14.6.3-т заасан үнэлгээг хийх заавар, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран батална.

 

            18.3.Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага иргэн, олон нийт, хуулийн этгээдээс дараахь хэлбэрээр танилцуулсан, эсхүл ирүүлсэн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авна:

         

            18.3.1.хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын өргөдөл, гомдол хүлээж авах нээлттэй утас;

 

                        18.3.2.эрх бүхий байгууллагын цахим хуудас;

                        18.3.3.цахим худалдаа, нийгмийн сүлжээнд байршуулсан нотолгоо бүхий мэдээлэл;

 

                        18.3.4.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв;

                        18.3.5.өргөдөл, гомдол, албан бичиг.

 

            19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх

                                                         хариуцлага

 

            19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

            20.1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                М.ЭНХБОЛД

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[3] Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[4] Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт  нийтлэгдсэн.

[5] Төрийн хяналт, шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт

  нийтлэгдсэн.

[6] Зар сурталчилгааны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[7] Нийгмийн халамжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 8 дугаарт нийтлэгдсэн.