Монгол улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндчилгээ

2018/10/26 11:32 701

УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөнии 80 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН

ИЛГЭЭЛТ

Монгол улсад усны салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойд

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ салбарын үе үеийн ажилтан, алба хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, хүндэт усжуулагчид Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.  

Бидний өвөг дээдэс үеийн үед усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэн амьдралын ЭХ үндэс хэмээн дээдэлж, усаа бохирдуулахгүй, ариун тунгалаг байлгахыг эгнэгт эрхэмлэж, усны эх булгийг онцгойлон хамгаалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.  Төв Азийн цээжинд эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас бага, жигд бус тархсан усны хязгаарлагдмал нөөцтэй Монгол орны хувьд амьдралын эх булаг болсон ус нь хамгийн үнэт баялаг юм.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа  Нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, насжилт, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол нь усны салбарын өмнө нэн тулгамдаж байгаа асуудал төдийгүй, та биднээс нөр их хүчин чармайлтыг шаардаж байна.

Монгол Улсын Их Хурал 2012 онд баталсан байгаль орчны багц хуулийн хүрээнд усны салбарт эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийсэн. Үүний үр дүнд Монгол улс олон улсын нийтлэг чиг хандлагын дагуу усыг сав газраар нь хамгаалах бодлогыг нэвтрүүлж, өнөөдөр 21 сав газрын захиргаа үйл ажиллагаагаа явуулснаар гол, мөрөн, нуур, усны орд газрыг хамгаалах, зохистой ашиглах, ус ашиглалтад тавих хяналт орон нутгийн хэмжээнд эрс сайжирсан.

 

Монгол улсын Засгийн газар усны салбарт томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхлээд байгааг энд дурдах нь зүйтэй. Хаягдал усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэн, эргүүлэн ашиглах боломжтой байдлаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхлүүлээд байна. Мөн Америкийн Нэгдсэн Улсын Мянганы Сорилтын Корпорацийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд 350 сая ам долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах цогц төслийг хэрэгжүүлж, ирээдүйд бий болох усны асуудлыг Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бүрэн шийдвэрлэх болно.

Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн гол цөм бол усны нөөц гэдэгтэй санал нэгдэж, усны сайн засаглалыг бүх түвшинд төлөвшүүлж, усны нөөцийг үр ашигтай ашиглахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн аливаа асуудалд байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэхийг чухалчилж байна.

Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх зорилтын хүрээнд усны салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох талаар Улсын Их Хурал байнга анхаарч ажиллах болно.

Усны салбарын ажилтан, албан хаагчид, “Усжуулагчид” Та бүхэн ахмад үеийнхээ баялаг туршлагыг бүтээлчээр өвлөн баяжуулж, Монгол орныхоо усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй уялдуулж байгаль орчны салбарыг манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

            МОНГОЛ УЛСЫН                                                               МИЕЭГОМБЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                      ЭНХБОЛД