УИХ-ЫН ДАРГЫН ХЭЛСЭН ОНЦЛОХ 15 ЭШЛЭЛ

2017/10/23 10:19 7971

 

  1. УИХ-ын 15 гишүүн Засгийн газрын гишүүн болж, гүйцэтгэх засаглалд ажиллах боллоо. Та бүхэн ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаарай гэж захъя.
  2. Засгийн газрын гишүүний хувьд УИХ-д өргөн барьж байгаа хууль тогтоомж, шийдвэрийн төслүүддээ ихээхэн хариуцлагатай хандаж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, иргэд, олон нийтийн санал бодлыг тусган, үндэслэл, боловсруулалтдаа хариуцлагатай хандахыг хүсье.
  3. Засгийн газрын гишүүд захирах, захирагдах ёсыг эрхэмлэж, кабинетийн зарчмыг хатуу чанга баримталж ажиллах ёстой.
  4. УИХ, ард түмэн та бүгдийн ажлыг бодит үр дүнгээр үнэлж, цэгнэх болно.
  5. Уул уурхайн салбарын хариуцлагатай, ил тод байдлыг хангах асуудалд Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаарай. Лиценз, зөвшөөрөл олгохоос эхлээд, геологи хайгуулын ажил хийх, олборлож ашиглах хүртэлх бүх асуудал ил тод, орон нутаг, иргэд болон төр засгийн байгууллагуудад тодорхой байж, үнэлгээ дүгнэлт нь өгөгдөж, дүрэм журмынхаа дагуу явах ёстой.
  6. Одоогоос 10 жилийн өмнө орон нутгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас цагдаа, онцгой байдал, татвар, мэргэжлийн хяналт гэсэн дөрөвхөн агентлагийн удирдлагыг л төвөөс томилдог, бусдыг Засаг дарга өөрөө томилдог байсан. Энэ бол орон нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, нэг баг бүрэлдэхүүн болж ажиллахад чухал асуудал. Өнөөдөр орон нутгийн удирдлагад өөрөө мэдэж томилдог агентлагийн дарга бараг байхгүй болсон. Энэ байдалд шинэ Засгийн газар дүгнэлт хийж, өөрчлөлт гаргах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.
  7. Сургуулийн өмнөх болон бага боловсролын салбарын сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэ Засгийн газар тусгайлан авч үзээсэй гэж хүсэж байна. Монголчуудын ирээдүй монгол хүүхдийн хүмүүжил, боловсрол, ёс суртахуунаас ихээхэн хамаарна. Балчир багачуудынхаа хүмүүжил, ёс суртахууныг хэрхэн төлөвшүүлэхээс ирээдүйн Монголын үнэ цэнэ тодорхойлогдоно гэдгийг мартаж болохгүй. Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, өндөр ёс суртахуунтай монгол хүнийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах цаг болжээ.
  8. Шинэ Засгийн газар Улаанбаатар хотын ажил амьдралд онцгой анхаарна гэдгийг сая Ерөнхий сайд хэллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж, өөрчлөх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, өргөн барьсан төсөл дээр ажиллаж байна. УИХ нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хичээж ажиллана.
  9. Утаа, орон сууц, түлшний бүтцийг өөрчлөх гэсэн гурван үндсэн асуудлаар зөв шийдэл гаргаж, хөрөнгөө зөв зарцуулж, үр дүнд хүргэх нь зүйтэй байна.
  10. Авто замын түгжрэлийн асуудал. Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 онд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд давхар зам, гүүрэн гарцын байгууламж барих нь зүйтэй гэж үзээд төсөл боловсруулж, гаднын хөрөнгө оруулалт татахаар ярьж тохирсон байсан.Гэвч тухайн үед шинээр байгуулагдсан Засгийн газар, хотын удирдлага үүнийг хойш тавьж, “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн.
  11. Цэвэрлэх байгууламжийн асуудал олон удаа хөндөгдлөө. Мэргэжлийн байгууллага, хүмүүсийн үгийг сайн сонсож, хойшлуулалгүй шийдвэрлэх хэрэгтэй. Асуудлыг шийдчих боломж, хугацаа бидэнд байсан. Харамсалтай нь мэргэжлийн хүмүүсийн биш, улстөрчдийн үгийг сонсож байж цаг хугацаа алдсан тал бий.
  12. Бидний болон олон нийтийн анхаарлын төвд байгаа эмч, багш нарын цалин хөлсний асуудлыг нийт төрийн албан хаагчдын хүрээнд, нэгдсэн байдлаар авч үзээрэй.    
  13. Бага насны хүүхдүүд өвлийн улиралд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэсдэг. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэг, эмчийн хүрэлцээ, хангамжаа сайжруулах талаар тодорхой ажлыг одооноос бодож, төлөвлөх нь зүйтэй.
  14. Удахгүй 1-2 сарын дотор малчдын гадна хонин толгойд шилжүүлснээр 10-15 сая шахам малын арьс шир бий болно. Түүнийг хэрхэн борлуулж, ашиглах вэ гэдгийг одооноос бодоорой. Малаас гардаг энэ баялгийг үнэ өртөгт хүргэж, малчдад ашиг орлого болгох ажлыг зохион байгуулах нь өвлийн бэлтгэлийн нэг хэсэг мөн.
  15. Отрын малчдын эрүүл мэнд, оторт явсан малчин өрхийн хүүхдүүдийн хичээл, сургуулийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг ч өвлийн бэлтгэл ажлынхаа хүрээнд авч үзэх ёстой.

 

/УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2017.10.20-ны өдөр. Төрийн ордон/