УИХ-ын дарга М.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

2017/03/22 08:05 6304

Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын нийт казах иргэд ээ,

Баярын мэндчилгээгээ казах түмний төлөөлөл болсон сайхан хүмүүстэй хамтран дэвшүүлж байгаадаа би баяртай байна.
Наурызын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаас өмнө наурызыг тэмдэглэж байсан гэсэн эх сурвалж байдаг юм билээ. Тэгэхээр Наурыз бол зөвхөн бидний биш, хүн төрөлхтний баяр юм.

Энэ бол Таны, Таны гэр бүлийн, Таны өвөг дээдсийн, Монголын төр, засгийн дэлхийн соёлын өвд оруулсан үнэт хувь нэмэр мөн гэж бодож байна. Монголын төр казах иргэдийнхээ үндэсний соёл, зан заншил, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, онцлог өвөрмөц байдлыг хойч үеийнхэнд нь уламжлуулан үлдээхийн төлөө цаг ямагт анхаарлаа хандуулсаар байдаг билээ.
УИХ-ын даргын хувиар миний бие саяхан Баян-Өлгий аймагт очиж, Та бүхнийхээ санал бодлыг сонссон. Ажилгүйдлийг багасгах, дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бид онцгойлон анхаарах болно.
Перс хэлнээс үгчлэн орчуулбал наурыз гэдэг үг “Шинэ өдөр” гэсэн утгатай байдаг. Тиймээс шинэ өдөр болгон Та бүхнийг шинэ амжилт, шинэ баяр, шинэ тэмүүллээр угтан тосож байх болтугай.
Наурызыг хэрхэн тэмдэглэхээс ирэх өдрүүдийн өнгө тодорхойлогдоно гэж казах түмэн хэлэлцдэг. Тиймээс хайр энэрлийг түгээн, үржил шимийг тэтгэж, найрамдал нөхөрлөлийг бататгагч, эрхэм баяраа сайхан тэмдэглээрэй.
Та бүхэндээ буян заяа тань тэгш, аз хийморь, цог золбоо дүүрэн, эрүүл энх, жаргал баяраар бялхам байхын ерөөл өргөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД