ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

2016/12/31 00:01 1981

Эх сайхан Монгол орныхоо бүрэн эрхт эзэн, Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ угтан ирж буй шинэ тоолол, 2017 оны шинэ жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Энэхүү мэндчилгээг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж буй Монгол Улсынхаа нийт иргэдэд хамтатган дэвшүүлж буйг минь хүлээн авна уу?

Улиран одож буй 2016 он монгол түмний хувьд чухал үйл явдал, онцгой содон амжилт баяраар дүүрэн он болж, түүхийн хуудсанд үлдэж байна.

Та бид төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлыг сонгох сонгуулиа амжилттай явуулж, ирэх 4 жилд түмнээ төлөөлөн төрийг удирдах түшээд, гишүүдээ сонголоо.

Байнгын ажиллагаатай парламент 7 дахь удаагаа шинээр бүрэлдэж, сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ дашрамд Монгол Ардын Намыг сонгон, итгэл хүлээлгэсэн ард түмэндээ, нийт сонгогчдодоо Намын даргын хувьд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлэхийг хүсэж байна. Бидний ялалт бүх монгол түмний ялалт байж, эх орноо хөгжүүлэн цэцэглүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дэгжээн дээшлүүлэх эрхэм хүсэл биелэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

2016 онд Та бид Монголын тулгар төрийн 2225, Их Монгол гүрэн байгуулсны 810, Ардын хувьсгалын 95, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой гээд олон түүхэн тэмдэглэлт өдрүүдийг үдлээ.

Мал сүргийн маань тоо толгой үржин олширч, түүхэн дээд хэмжээнд буюу 60 саяыг давж, эх орныхоо үржил шимт хөрс шорооноос энэ онд 475.0 мянган тонн үр тариа, 150 гаруй мянган тонн төмс, 94 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа.  

Монгол Улсын олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогын үр дүн, Монгол хэмээх улс гэр ертөнц дахинд нэр хүндтэй байгаагийн нэгэн илрэл нь энэ зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын гишүүн 53 орон, олон улсын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч оролцсон Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт билээ. Энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээг эх нутагтаа амжилттай зохион байгуулсан нь бидний бахархал мөн.

Дөрвөн жилд нэг удаа болдог Олимпийн их наадмаас Монголын тамирчид дөрвөн медаль хүртэж, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураалаа. Урлаг, соёлын салбарт манай шилдэг авьяастнууд улсдаа төдийгүй дэлхийд алдраа дуурсгасаар байна.

Эх орны өнцөг булан бүрт эрчимт бүтээн байгуулалт өрнөж, Монголын аж ахуйн нэгж байгууллага, монгол иргэд дэлхийн хэмжээний техник, технологийг эзэмшин, шинэ бүтээл туурвиж, шилдэг нээлт хийн, монголчуудын авьяас билиг, эрдэм ухаан оргилон ундарсан, бахархал дуурсгалтай он жилийн нэг нь 2016 он болж чадлаа.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Ирж буй 2017 он түүхэн хариуцлагатай, амаргүй сорилтын жил байх болно. Улс орны эдийн засагт тохиогоод буй хүндрэлийг даван туулахын төлөө монголчууд нэгэн зорилго, нэгдмэл хүчээр хамтран зүтгэх ёстой болж байна. Эв эеийг нэгтгэн, боломж нөөцөө дээд зэргээр ашиглаж, айл гэр, албан байгууллага бүр хэмнэлтийн бодлогод шилжсэнээр бид энэ төвөгтэй нөхцөл байдлаас гарч чадна.

Төрийн бодлого зөв мэргэн, түргэн шуурхай, оновчтой, үр ашигтай байхын зэрэгцээ хөрш болон сайн харилцаатай улс орнууд, олон улсын байгууллагын тусламж дэмжлэг бидэнд чухал байх болно. Ингэхдээ тусламж хүсэж гар тосохыг биш, хамтарч ажиллаж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг Монголдоо татан, эдийн засгаа тэлэх бодлого хамгийн зөв гарц болох учиртай. Тиймээс Улсын Их Хурал энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, Засгийн газрыг саадгүй ажиллах боломж нөхцөлөөр хангах, засаглалын тогтвортой байдлыг эрхэмлэх зорилгыг эн тэргүүнд тавина.

2017 он монгол хүн болгоны сэтгэл итгэлд, монгол өрх бүрийн амьдралд аз жаргал, инээд баяр, хөөр хөгжил, тэмүүлэл бахархал дүүрэн он болох болтугай.

Эрүүл энхийн жаргалан ивээж, эцэг дээдсийн минь сүлд түшиж, эрчимт хөдөлмөр, иргэний зүтгэлээр эх орны минь маргааш улам өнгөлөг гэгээлэг болж, монгол хүн бүрийн хийморь золбоо бадран, сэтгэл уужим, хараа тэнүүн байхын ерөөлийг өргөн барья.

Сайхан баярлаарай.             

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА,

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД