М.Энхболд: Бид хариуцлагыг чухалчилна.

2016/12/13 11:41 3903

УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын МАН-ын бага хурлын VII хуралдаанд тавьсан улс төрийн

илтгэлийн онцлох эшлэл. №1

-Улсын эдийн засаг хүнд нөхцөлд байна, нуух хэрэггүй. Өнгөрсөн 4 жилд засаг, төрийн эрхийг барьсан улс төрийн хүчний алдаатай бодлого өнөөгийн хямралт байдлын гол үндэс болсон.

-Энэ тухай бид үнэнийг хэлэхээс өөр аргагүй. Хэлж ч байгаа. Байн байн, хэтэрхий ил шууд хэлж байна гэж Ардчилсан Намынхан дургүйцэж байгаа.

-Ер нь Ардчилсан нам хийсэн үйлдэл, үүссэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж чадахгүй гэдэг нь саяхан болсон их хурлаас нь тодорхой харагдаж байна. Одоо тэдэнтэй маргаж, мэтгэлцэхээ больё.

-Зөвхөн урагшаа харъя. Цаг алдаж, алгуурлан алмайрч огт болохгүй, тэгсэн хэрнээ алдаатай, буруу алхам нэгийг ч хийж үл болох түүхэн мөч бидэнд тулгараад байна.

-Унаж өеөдсөн эдийн засгаа өөд татан босгох, Монголынхоо нэр хүндийг олон улсын тавцанд сэргээх, байгаа боломж бүхнийг ашиглах, нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлтэй байх, эцэст нь иргэд олон түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх гарцаагүй тулгамдсан, нэн амаргүй энэ зорилт бол бидний хувьд энэ цаг үед тулгарсан нэг ёсны тулаан гэж хэлж болно.

-Гэхдээ ялагдаж болохгүй тулаан. Энэ тулаанд бид ялснаар Монгол ялах болно.

-Хүндрэл бэрхшээл нүүрлэсэн энэ цаг үед монголчууд бид эвээ нэгтгэж, хүчээ зангидах нь нэн чухал байна.

-Нөгөө талаар хөрш орнууд болон манайхтай харилцаа, хамтын ажиллагаатай дэлхийн улс орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэг туслалцаан шаардлагатай болж байна. Бидэнд тэдэнтэй хамтран ажиллаж, сайн үр дүнд хүрч байсан туршлага, уламжлал бий.

-“Цаг алдаж байна, алгуур удаан байна” хэмээн Засгийн газрыг олон нийт шүүмжилж байна. Энэ бол бодитой шүүмжлэл мөн.

-Хөрөнгө мөнгө хомсодсон нь гар хүлээтэй мэт байдлыг бий болгож байгаа нь үнэн ч боломж, нөөцөө дээд зэргээр шавхан дайчлах ёстой. “Бурхан чамд хаалга онгойлгож өгөхгүй байсан ч цонх нь үргэлж нээлттэй байдаг” гэсэн мэргэн үг байдгийг санацгаая.

-Томоохон төсөл, хөтөлбөрүүд гацсаар удлаа. Хэзээ, хэрхэн эргэлт хөдөлгөөнд орох бол гэсэн ард түмний хүлээлтэд энэ Засгийн газар л хариу өгөх учиртай. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т зорилго чиглэлээ багтааснаар нэг хэсэг амар тайван сууна гэж бодохын хэрэггүй.

-Одоо хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэх ажлыг шат дараатай, алхам алхмаар, гэхдээ хурдацтай хийж эхлэх ёстой. Бидэнд нэг цаг, нэг өдөр бүр үнэ цэнэтэй байгааг санагтун.

-Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжих цаг болсон гэдгийг зориуд цохон тэмдэглэе.

-Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ард олноо, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг уриалан дуудаж, үлгэр жишээ үзүүлэгч нь Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг байх ёстой.

-Улсын Их Хурлын Тамгын газар өнгөрсөн 9 дүгээр сард орон тоогоо 10 хувиар хэмнэж, зардлаа багасгасан жишгийг төр, засгийн бүх байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Орон тоо, зардлаа хэмнэх ажлыг дороос биш дээрээс эхлэх учиртай.

-Өөрөөр хэлбэл төрийн жирийн албан хаагчийн цалин, орон тоог хасах биш, удирдлагын зардлаа эхлээд бууруул, дарга нарынхаа тоог цөөл, урсгал зардлаа боломжит төвшинд хүртэл хяна, багасга.

- “Олдохоороо өлдөнө” гэж нэг үг бий. Ийм зам руу бид халтирч болохгүй. Бидний сонгуулиар олж авсан үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй үүрэг хариуцлага гэдгийг санагтун.

-Сүүлийн жилүүдэд ардчилал нэрийн дор дураараа аашлах, үүрэг хариуцлагатаа эзэн биш байх явдлыг өөгшүүлж, хариуцлага тооцох механизм эрс суларч, хариуцлагын тогтолцоо алдагдсаныг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай нам энэ буруу зуршлаас ангид байх ёстой.

-Хариуцлага бидэнд, Монгол Улсад ус, агаар мэт нэн чухал байна. Бид хариуцлагатай байж чадах эсэхээс, хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлэхээс улс орны хийгээд Монгол Ардын Намын ирээдүй шалтгаална. Ийм ч учраас хариуцлагын асуудлыг Бага хурлаараа зориуд онцлон хэлэлцэх гэж байгаа юм.

-Нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэх засаглалынхаа жийрэг, хавсарга мэт байж таарахгүй. Ийм байхгүй гээд бас өрсөлдөн тэрсэлдэгч болох учиргүй.

-Гүйцэтгэх засаглалынхаа зөв бодлого, шийдвэрийг дэмжиж, хяналт тавьж, хамтран зүтгэж байж төлөөллийн зохист үүргийг ханган, олон түмний итгэлийг хариулж чадна. Үүнийг би орон нутгийн төлөөллийн байгууллагын хариуцлага гэж ойлгож, ийм байхыг Та бүхнээс шаардах болно.

-Өмнөх Засгийн газраас илүү эрч хүчтэй, шинэлэг, зоримог, зөв бодлоготой ажиллаж байж иргэдийнхээ итгэлд эзэн болно.

-Засгийн газарт болон Засгийн газрын танхимын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үүрэг хариуцлагад нь байнгын хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримтлах нь Монгол Ардын Намын бодлого байх болно.

-Авлигаас ангид, хол байх зарчмыг төрийн албан тушаалтнууд цээжиндээ бат баринтаглавал зохино.

-Энэ үзэгдэл төр, түмнийг түйвээж, нийгмийн баялгийг тарамдуулан, итгэл найдвар, эрмэлзэл тэмүүллийг үгүй хийн, улс орныг үгүйрлийн зам руу хөтөлдөг.

-Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэнд ч ямар нэгэн өршөөл байхгүй, хууль ёс тийм хүмүүст хамгийн хатуу чанга үйлчлэх болно гэдгийг сануулъя.

 

 Үргэлжлэл бий.