Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа.

2016/12/01 20:20 1207

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш эхлэх (XII.02) Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний амьдрал ахуйд чухал хувь нэмэр оруулсан олон чухал төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн Дэлхийн банкийг монголчууд хамгийн дотнын түншээ гэж үздэг гэдгийг тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улсын эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгарч, өнгөрсөн 3-4 жилд явуулсан төсвийг хэт тэлсэн бодлого, төсвөөс гадуурх санхүүжилт эрс нэмэгдсэн, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унасан зэрэг шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт хасах руу орж магадгүй болсон, олон улсын үнэлгээ, шинжилгээний байгууллагууд эдийн засгийн төлөв байдлыг сөрөг үзүүлэлтээр дүгнэж буй амаргүй цаг үеийг даван туулахад бидний өөрсдийн хүчин чармайлтаас гадна олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрш болон харилцаа, хамтын ажиллагаатай улс орнууд, түүний дотор Дэлхийн банкны дэмжлэг чухал гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан уулзалтад оролцох үеэрээ Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, манай талын тавьсан саналын дагуу хөгжлийн бодлогын тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ноён Б.Хофман хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Миний бие 22 жилд нь Монголтой холбоотой ажил алба эрхэлж байгаадаа баяртай байна” гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг УИХ байнга, тууштай дэмжиж буйд талархаж байна. Хэдийгээр богино хугацаанд хүндрэл учирч байгаа ч урт хугацаандаа Монгол Улсыг дэвшил хөгжил, өөдрөг ирээдүй хүлээж байна.

 Монгол Улс ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлж байгааг бид мэднэ. Энэ нь Дэлхийн банк, Монгол Улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл бидэнд техникийн тусламж дэмжлэг үзүүлэх, хөгжлийн түншүүдийн үйл ажиллагааг Монгол руу чиглүүлэх боломж бүрдэх юм хэмээн онцоллоо.

Ноён Б.Хофман УИХ-аас саяхан баталсан Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” сайн хөтөлбөр болсон бөгөөд олон улсын банк, санхүүгийн байгууллага, түнш орнуудад итгэл төрүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

“Дэлхийн банк Монгол Улстай тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байдаг. УИХ-аар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төслийн зээлийн хэлэлцээр”-ийг баталсанд талархаж байна. Цаашид бид хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх, санхүү эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, эрчим хүчний хөгжлийг дэмжих гээд гурван ч төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Удахгүй УИХ-аар орж хэлэлцэгдэнэ гэдэгт найдаж байна” гэж ноён Б.Хофман онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөтэй манай орны хувьд зөв бодлого, оновчтой шийдвэр гаргаж ажиллаж чадвал хүндрэлээс гарах, цаашид хөгжлийн ирээдүйг бүтээх бүрэн боломжтой гэсэнтэй ноён Б.Хофман санал нэгтэй байгаагаа тэмдэглээд “Хамтын ажиллагааны асуудлаар Таны дэвшүүлсэн санал бодлыг Дэлхийн банк Монгол Улстай хамтран ажиллах зорилт, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болно” хэмээв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.