Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2016/10/21 17:10 4767

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.21/ Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Франк Херберт, захирлуудын зөвлөлийн гишүүн Крис Мелвилл нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөлийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Франк Херберт Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцохоор ирснээ уламжлав.

Тэрбээр шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар эдийн засаг, нийгмийн амаргүй цаг үед улс орноо удирдаж байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, бизнесийн таатай нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буйд нь талархалтай байгаагаа тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хойд Америк-Монголын Бизнесийн зөвлөл нь 1990 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээх чиглэлд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа дуулгаад Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс цаашид гадаад, дотоодын эдийн засгийг хамтад нь хөгжүүлэх бодлогыг баримталж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана гэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.