УИХ-ын дарга М.Энхболдын намрын чуулганыг нээж хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

2016/10/06 10:16 2022

УИХ-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН 2016 ОНЫ УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГНЭЭС ОНЦЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

  1. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт 2012 оноос улирал дарааллан буурсаар 2016 онд 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан.  Ажлын байр хомсдож ажилгүйдэлийн түвшин 2009 оноос хойш анх удаа 2 оронтой тоонд шилжлээ.
  2. Макро эдийн засгийн зохицуулалтаа оновчтой болгон, хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал юм.
  3. Улстөржсөн хоосон хэрүүл тэмцлээ зогсоож, ажлаа эхлүүл гэдэг үүрэг, даалгаврыг ард түмэн сонгуулиар бидэнд өгсөн. Дөрвөн жил өнгөрсний дараа хийж амжаагүйдээ халаглан, харамсаж суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газарт аль алинд нь тавигдаж байна.
  4. Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя. Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

  1. Хяналт тавих боломжгүй боллоо гэж шүүмжлэх өнгө аяс ч сонсогдож байна. УИХ аливаа алдаанаас ангид биш гэдгээ мартаж болохгүй.
  2. Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, гаргах шийдвэртээ тэдний санал, үндэслэлийг аль болох тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг  мөн.  
  3. Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын арга гэж тэс өөр зүйл байх ёсгүй, харин зөвхөн “Зөв арга зам” л байх ёстой гэдэгт итгэлтэй байна.  
  4. Үндэсний ашиг сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж Монголоо гэсэн чин сэтгэлээр ажиллаасай гэж улс төрчдөөс хүсэж байна.
  5. Бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна.
  6. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр Улсын Их Хурлын гишүүд бид бүхэн оюун бодлоо уралдуулан, аливаа улс төржилт, субьектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна.
  7. Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих учиртай.
  8. Энэ намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
  9. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд нийцэхгүй асуудлууд гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэх, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулахаар төлөвлөөд байна. 
  10. Нийслэлийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж байгаа хотын утааны асуудалд Засгийн газар, хотын захиргаа хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг иргэд хүсэн хүлээсээр байгаа гэдгийг сануулан хэлье.

 

         

 

      Ж.Мөнх