Эрдэнэт үйлдвэрийн асуудлаарх Ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш Засгийн газарт танилцуулна.

2016/10/03 16:54 985

УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан анхны хуралдаанаа хийлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хоёр ажлын хэсэг байгуулсан талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийсэн юм.

2017 оны төсвийн төсөлд санал дүгнэлт боловсруулах бүлгийн ажлын хэсгийг МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахлах юм.

Бүлгээс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодруулсан. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Засгийн газар ажлын хэсэг байгуулж ажилласан. Маргааш Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг мэдээллээ танилцуулах юм билээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газар сонссоны дараа УИХ-аар хэлэлцэх байр суурьтай байна” гэв.