М.Энхболд: Бид хамтдаа өрийг дарж, хямралыг давна

2016/06/11 13:56 4768

УИХ-ЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ

НЭЭЖ МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

2016.06.11                                                                                              “Тусгаар тогтнолын ордон”

 

         Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо!

Хүн зоны сэтгэл талбиун, мал сүргийн зоо тэнэгэр, дэлгэр зуны  өлзийт сайн энэ өдрийн мэндийг хүргэн, энх мэндийн хадаг дашлуулан барьж, төр, түмний үйлс төгөлдөр байхын өлзийт ерөөлийг өргөн двшүүлье.

          Өнөөдөр УИХ-ын болон НИТХ-ын 2016 оны сонгууль, босго өндөр, дэлгэр үүдээ өргөж байна.

УИХ-д болон НИТХ-ын нэр дэвшигчид, сонгогч ард түмэн хоёрын таних, танигдахын эгшин эндээс эхэллээ.

          Монголчуудын баяр, бахархалын дээд наадмын морьд гарааны зурхайнаас нижигнэн эргэх мэт, нэр дэвшигчид маань “сонгуулийн гараанаас” эргэж, төрийн бариа руу хөдөллөө гэж зүйрлэн хэлж болмоор байна.

          Сонгууль бүр иргэдээс хариуцлагатай байхыг шаарддаг нь ардчилал, улс төрийн хөгжлийн жам ёс  билээ.

Ардчиллын амьд биелэл болсон төрөө засан тохинуулах эрхээ, ард олон бид 1460 хоногт ганц удаа эдэлдэг, тэр эрхэм үйлсийнхээ босгон дээр тулж ирээд байна.

          Энэ эрхийг зөв эдэлбэл улс орны болоод айл өрхийн хувь заяаг тэгшитгэж, хөгжил дэвшлийн үүд хаалгыг нээж өгнө.

Буруу эдэлбэл хор уршиг нь 4 жилээр барахгүй, 40 жил, 4 үеэрээ ч засч залруулахын аргагүй эрсдэл дагуулж болзошгүй.

Иймд улс орны эдийн засаг, нийгмийн болон улс төрийн нөхцөл байдал ямар байгааг төрийн сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, нэр дэвшигчид, сонгогч хэн ч байсан чин сэтгэлээсээ, үнэн бодитой үнэлж дүгнэн, дор бүрнээ нэгийг бодоцгооё!

          Эрх баригчдын алдаатай бодлого эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, улс орноо өрийн дарамтанд орууллаа.

Түмэн олноо ядууруулж, төрдөө итгэх итгэлийг нь алдагдууллаа. Эрүүл энх аж төрж, эрдэм боловсрол эзэмших боломж хумигдаж байна.

Засаглалын чадавхи илт суларч, хуулийг уландаа гишгэж, дур зоргоор авирлах явдал хэрээс хэтэрлээ.

Дүгнэж хэлбэл, эх оронд минь эдийн засаг, нийгмийн хямрал, засаглалын хомсдол нүүрлэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сэв гав суулгах хэмжээнд хүрээд байна.

          Чадах зүйлээ амлаж, мэдэх зүйлээ ярих, алдаа буруугаа ухаарах цагийн зүү бидний өмнө хилэнтэйгээр “цохилж” байна.

Бид сэрэх, шинээр сэтгэх, зүтгэх болсон гэдгийг Монгол Ардын Нам ашид нотод ойлгож байна.

          Манай намд улс орноо сүйрлээс сэргийлж, уналтаас босгож, эдийн засгаа сэргээж явсан туршлага ч бий, түүх ч бий.

Үүнийг сүүлийн 25 жилийн төдийгүй, 20 дугаар зууны түүх бэлхнээ гэрчилнэ. Иймд манай намд дүүрэн итгэж, бүрэн найдаж болно.  

  Эрхэм хүндэт сонгогчид оо!

          Монгол Ардын Нам уламжлалыг хүндэтгэж, шинэчлэлийг дээдэлсэн алдаа, оноо хоёроос оноог нь авсан, буруу зөв хоёроос зөвийг нь сонгосон, эх орныхоо салбар салаа бүхэнд, хүн бүхэнд хандсан, оюуны бядтай, ул суурьтай, ухаалаг судалгаатай, бүтэн бүрэлдэж болох, дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөртэй энэ сонгуульд оролцож байна.

          Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон.

Түүнийг боловсруулахдаа намын гишүүд, жирийн иргэд, эрдэмтэн мэргэдийнхээ санаа оноог тусгаж, бодолдоо богшоож, сэтгэлдээ ширгээж, хэрэгжүүлэх арга замыг нь шинжлэх ухааны үндэстэй нарийн тооцсон.

          Бид мөрийн хөтөлбөртөө, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, ногоон хөгжил, засаглалын болон нийслэлийн хөгжлийн гэсэн таван цогц бодлогыг багтааж, хийх ажил, хэрэгцээтэй өөрчлөлтийг одоогийн байдал, үнэн баримтуудтай жишин эргэцүүлж ард түмэндээ толилуулж байна.  

Манай нам урьд өмнө эхлүүлсэн, эх газрынхаа шимийг хүртэх газар тариалан, мал аж ахуйг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлэн, эрдэс баялгийг зохистой ашиглах, хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг сэргээх, эдийн засгийн хямралыг даван туулах, өрийн дарамтыг бууруулах, алагчлалгүй хуультай, авлигагүй шударга байхыг онцгойлон анхаарна.

Хүн нь хөгжсөн орон байхын тулд, шинжлэх ухаан, соёл боловсрол, урлаг, спортыг дэмжиж, технологийн судалгаа, инновацын санхүүжилтийг 5 дахин нэмэгдүүлж, оюуны үйлдвэрлэл “Монгол контент” бүтээгчдийг тууштай дэмжинэ.

Ард түмний амар амгалан, энх тунх, эрүүл саруул амьдрах боломжийг бүрдүүлж, өчигдөр, өнөөдөр, маргаашийн гурван цагийн төлөөлөл болсон        “Хүн эрдэнийг” дээдлэнэ.

          Бид эгэл амьдралаа бүтээн босгогчид, бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэлийг хөхиүлэн өргөжүүлж, бусдын царайг харахгүй, ухаан,  чадвар хоёр дээрээ бат зогсох болно.

          Зөв төлөвшсөн зан суртахуунтай, эрдэм боловсролтой, мэргэжил мэдлэгтэй, өгөөмөр нинжин сэтгэлтэй, монгол заншлаа сахин хүндэтгэж чаддаг, эх орон, эх байгальдаа хайртай үр садаа өсгөн хүмүүжүүлж монголын гэрэлт маргаашид итгэл сэтгэл дүүрэн, омог бардам байх боломжийг бүрдүүлнэ.  

          Эртний их түүхийн үргэлжлэл, төрт ёсны уламжлалт агуу Монгол орон мандан бадарч, эр зориг, ухаан төгөлдөр ард түмэн нь эвийг сахиж, төрийг дээдэлж явбаас дэлхий баярлах болно оо.  

          Бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр улс орны өнөөгийн түүхэн дуудлагад яв цав таарч байгаа.

Намынхаа бодлого, хөтөлбөрийг биечлэн хэрэгжүүлэх учиртай нэр дэвшигчдийн тухайд энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Нам Та бүхний итгэлийг даах манай нийгмийн бүхий л бүлэг, давхрагын шилдэг төлөөлөгчдийг намынхаа мянга, мянган гишүүдээс шилж сонгон, тухайн нутаг орны иргэдийн санал бодолд тулгуурлан дэвшүүлж, сонгуулийн байгууллагад бүртгүүллээ.

Монгол төрийн төлөө биеэ зориулж, ухаанаа уудалж, хат суусан ахмад үе, түмний ачаа даах идэр насныхан, айсуй цагийн өнгийг тодорхойлж чадах залуус аль алиныг нь шигшиж сонгосон.

Манай нам монголын эмэгтэйчүүдийн сор болсон, цаашдаа улс Монголынхоо төлөө амь биеэ огоорон тэмцэгч Мандухай сэцэн хатан лугаа Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг нэр төртэй залгамжилж чадах шилдэг эмэгтэйчүүдээ дэвшүүллээ.

Энэхүү ахмад, идэр, залуу үеийн алтан хэлхээ, чандмань холбоо нь төр, түмний ажил үйлс бүтэмжтэй байх эх сурвалж, залгамж чанарын илэрхийлэл, уламжлал, шинэчлэлийн бат барилдлагад суурилан улс орны тулгамдсан асуудлыг шийдэх бүрэн төлөөлөл болж чадна гэдэгт илтгэлтэй байна.  

 

          ЭРХЭМ ХҮНДЭТ СОНГОГЧИД ОО!

          Монгол төрийн босго ямагт өндөр байх учиртай. Тиймээс энэ  босгоор хэн дуртай нь алхаад орчихдог хялбархан даваа бишээ.

Таны нэг саналын үнэ цэнэ асар их.

Таны сонголтын эцсийн шалгуур нь эх орон, улс үндэстний том эрх ашиг мөн. Та нэгэнт саналаа өгчихсөн бол төрийн галт тэрэг хөдөллөө гэсэн үг.

Түүнийг наад зах нь 4 жилдээ зогсоох боломжгүй.     

Бид хамтдаа ирэх он жилүүдэд өрийг дарж, хямралыг даван, эвийг бататгаж, төрөө төвхнүүлж, бүтээн босгож чадна.

Туурга тусгаар Монгол Улсаа цэцэглүүлэн хөгжүүлнэ.

Энэ зорилгоо хэрэгжүүлж чадах эсэх нь эрхэм сонгогч Таны сонголтоос шууд хамаарах нь тодорхой.

Та бүхнийг Монгол Ардын Намд урьдынх шигээ итгэж, саналаа өгсөн шиг өгөхийг уриалж байна. Ардын нам, ард түмэнтэйгээ хамтдаа ялна.

УИХ-ын болн НИТХ-ын 2016 оны сонгуулийн гарааны энэ өдөр их үйлс, аз жаргал, амар амгалангаар дүүрэн монголын маргаашийн эхний өдөр хэмээн билэгшээж байна.

          Бидний монголчууд элгээрээ дотно, эвээрээ цул байж бүтэн Монголоо авч явах болно.

          Бусад намуудаас болон бие даан нэр дэвшиж байгаа хүн бүхэнд төрийн сонгуулиа дээдлэн хүндэтгэж, хуулийн дор ёс зүйтэй, шударга өрсөлдөхийг уриалж байна.

          Бидэнд хэрхэн хүндэтгэл үзүүлэхийг “Бүрэн эрхт” сонгогчид, зөвхөн миний Монголын ард түмэн мэднэ.

Бид эрхэм сонгогч Таны уухайлан дэмжих итгэлийн түрлэгийг угтан өргөж, ирэх цагийн бат суурийг бүтээн цогцлоох болно.

Таны сонголт Монгол түмний ирээдүйн хувь заяаг шийднэ.

          Сонгогч түмний минь мэлмий хурц, ухаан цэлмэг, сонголт  мэргэн байх болтугай! Монголын төлөө, Монгол түмнийхээ төлөө зүтгэж, хамтдаа ялцгаая!

          Монгол эх орныг минь мөнх хөх тэнгэр, монгол түмнийг минь энх гэгээн төрийн сүлд өршөөх болтугай!