МАН-ын дарга М.Энхболдыг Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагналаа

2016/01/27 10:00 3442

Монгол Ардын намын дарга М.Энхболдын Нэгдсэн Орос намын урилгаар Оросын холбооны Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Уг айлчлалын хүрээнд  МАН-ын дарга М.Энхболдыг ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко хүлээн авч уулзжээ. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээтэй санал солилцсон байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд МАН-ын дарга  М.Энхболдын оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнажээ.

Түүнчлэн МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дэд дарга И.М.Умаханов, Төрийн дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев болон намын удирдлагууд, Төрийн думын гишүүдтэй уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Ардын намын дарга  М.Энхболд хэлэхдээ "Сүүлийн жил гаруйн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Холбооны хурлын зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн думын дарга С.Е.Нарышкин нар Монгол Улсад айлчилсан нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл" гэдгийг онцолсон. Түүнчлэн Монгол Ардын нам эрх барьж байх хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр үзүүлэхүйц томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг талууд цохон тэмдэглэж байлаа.

Мөн талууд хоёр орны эдийн засгийг дэмжих чиглэлд хамтран ажиллах боломж бололцоог хамтдаа эрэлхийлэх болно гэдгээ мэдэгдсэн юм. Монгол Ардын намын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, намын боловсон хүчний мэдлэг боловсролыг сайжруулах, хоёр намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлд хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.