МЭНДЧИЛГЭЭ  

2015/12/02 10:46 1280

Эх орныхоо өнцөг булан бүрт  ажиллаж, амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа  эрхэм хүндэт ахмадууд аа,

Та бүхэндээ олон улсын ахмадын өдрийн баярын халуун мэндчилгээ хүргэж, энх тунх, эрч хүчтэй байж, идрийн жавхаатай, элбэг хангалуун, сэтгэл дүүрэн аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Ахмад үеийнхэн Та нарын халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, хайрлан хамгаалж, хийж, бүтээсэн бүхний ачаар Монгол Улс  ХХ зуунд үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалан бэхжүүлж, эдүгээ ардчилал, зах зээлийн жам ёсны гольдролоор хүн төрөлхтний хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхаж байна.  Манай ахмадууд  бахархан дуурсгах бүтээлтэй, бахдам сайхан дурсамжтай, үлгэрлэн дуурайх үнэт зүйлстэй эрхэм хүндтэй хүмүүс юм.

Ахмадууд Та нарын бүтээн цогцлуулсан бүхэн өнөөгийн хөгжил дэвшил, үнэ цэнтэй зүйлсийн үндэс суурь болж байдагт бид ямагт баяртай байдаг билээ.

Өндөр настан, ахмадуудаа дээдлэн, ямагт халамж анхаарал тавьж, тэдний үг сургаалийг хүндэтгэн хүлээж авч, амьдралд хэрэгжүүлэх явдал түүхийн бүхий л үеийн турш Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагааны анхаарлын төвд байсаар ирсэн юм.

Азай буурал, ахмадуудаа хэрхэн хүндэтгэн хайрлан халамжлах нь  төрийн эрх баригч хүчний болон хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн нэгэн гол шалгуур үзүүлэлт юм.  Ахмад, дунд, залуу үеийн чандмань гурван хэлхээ, харилцан шүтэлцээг хангаж, ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлагаа залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлэх бүхий л бололцоог бүрдүүлэх нь төр засгаас авч хэрэгжүүлэх цаг  зуурын арга хэмжээ биш, өнө мөнхийн үргэлжийн үйл хэрэг байх учиртай.

Өдгөө тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан индексжүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зэрэг ахмадуудын амьдрал, эрх ашигтай холбоотой ойрын хугацаанд даруй шийдвэрлэвэл зохих олон асуудал  хуримтлагдан сэтгэл зовоосоор байна. Бид Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барьсан боловч хэлэлцэгдэхгүй их удаж, жил гаруй хугацаа өнгөрлөө.  Дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталвал цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмжийг үнийн өсөлтийн хэмжээгээр жил бүр нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулахгүй байх хууль, эрх зүйн тогтвортой орчин бүрдэх учиртай. Гэвч олонх хүссэн хуулиа дуртай цагтаа хэлэлцүүлдэг, цөөнхийн санаачилсан хууль тогтоомжийн төслүүд УИХ-ын болон байнгын  хороодын дарга нарын ширээнд дарагдаж үлддэг буруу жишиг тогтсоноос ахмадуудын болон иргэдийн амьдралд онцгой ач холбогдолтой эдгээр төслүүд өнөөг хүртэл батлагдахгүй байна.

Манай нам ахмад настны талаар баримтлах бодлого, хуулийн төсөл, санал санаачилгаа бодит байдал болгохын төлөө чармайн ажиллаж, ахмадуудын өдөр тутмын амьдралаас урган гарч буй хэрэгцээ шаардлага дээр тулгуурласан урт хугацааны тогтвортой бодлогыг цаашид ч тууштай хэрэгжүүлэх болно.

Азай буурал, ахмадууд Та бүхэн эх орон, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийсэн бүтээснийхээ буян заяаг дүүрэн эдлэх зүй ёсны эрхтэй. Манай ахмад үе ирээдүйдээ итгэлтэй өөдрөг сэтгэлтэй байж, цаг ямагт Монгол Ардын Намтайгаа хамт байна гэдэгт бат итгэж байна.

Монголын ахмад үеийнхний бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс өөдрөг, өлмий бат оршиж хийморь лундаа нь бадарч, буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай!

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга,

Монгол Ардын  Намын дарга Миеэгомбын Энхболд