Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй

2015/10/21 15:57 488

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Уг хэлэлцүүлгийн үеэр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Төсөв бол тухайн Засгийн газрын ямар үйл ажиллагаа, бодлого явуулах вэ гэдгийн илэрхийлэл юм. Нефть бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж байгаа нь жижиглэн худалдаалах үнийг одоогийн төвшинд цаашид үргэлжлүүлж барих гэсэн ийм бодлого байна. Бензин шатахууны жижиглэн худалдаалах үнээ бууруулж, шинээр татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэн эдийн засгаа өөд нь татъя гэсэн бодол Засгийн газарт ерөөсөө алга.

Тэгээд асуудал тавингуут та буруу ойлгож байна гэх юм. Би Ерөнхий сайд байхдаа наад татварыг чинь дээш доош нь болгох Засгийн газрын тогтоол гаргаж байсан юм. Ойлгоод тогтоол гаргаж байсан юм шүү. Ер нь ачаа бараа, татлага татах цаг дөхлөө, үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.7 хувийн хүүтэй баахан мөнгө тараасан, үүнийхээ хагас хугасыг буцаагаад улсад төлүүлье, энэ боломжийг нь нефтийн компаниудад олгоё гэдэг байдлаар асуудалд хандаад байна уу даа.

С.Баярцогт та сүүлийн үед нефть бүтээгдэхүүний асуудалд илүү анхаарал тавиад байх юм. Энэ бол ЗГХЭГ-ын эрхлэх асуудалд хамааралгүй. Энэ талаар холбогдох сайд нар нь үндэслэлээ ярих ёстой. Ийм байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.

Засгийн газар цалин, тэтгэврийг энэ жил нэмэгдүүлэхэд зориулсан 90 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасах, төрийн албан хаагчдын цалинг 10, 30 хувиар бууруулах санал гаргажээ. Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй. За яахав, УИХ, Засгийн газрын гишүүдийн цалинг бууруулдаг юм байж.

Төрийн албан хаагчдын цаана олон мянган өрх айлын амьдрал байгаа шүү дээ. Ингэж цалин хасахын оронд 2015 онд байгуулагдсан 119 төрийн болон орон нутгийн өмчит компаниудаа татан буулгаач. Бизнес эрхлэгчдийн ажлыг булааж авдаг тэр компаниудаа татан буулгаж эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал хямралаас гарахад тус дэм болно.

Дөнгөж сая Бакей дарга Төрийн албаны тухай хуулийн 38.2-т "Хямралаас гарах зорилгоор төрийн албан хаагчдын цалинг бууруулж болохгүй" гэсэн заалтыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим талаас нь авч үзвэл Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн төсвийн тодотгол өргөн барьсан байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Цогоо та Төрийн албаны тухай хуулийг хамгаалж манаж ажилладаг юм бол энэ танхимд суухын оронд Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалт 800 тэрбумаар тасарсан. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахаас өмнө хоёр зүйлийг Засгийн газар хийж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улс хөрөнгө оруулалтыг шингээх чадамж хэр байна вэ? Бид өмнө нь дандаа үүнийг тооцдог байсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нэгжийн үнэлгээ, үнэ өртөг ямар байна вэ? Гуравхан жилийн өмнө 95 сая төгрөгөөр нэг км зам тавьж болдог байсан.

Одоо 600 сая төгрөг болсон. Үнэ өссөн, өртөг өссөн. Гэхдээ зургаа дахин өсөх хэмжээнд хүрээгүй. Тавьсан замын чанар гурван жилийн өмнөхөөс дээрдсэн зүйлгүй. Ганцхан жил болоод хуулж хаяж байгаа зам ч бий. Энэ мэт асуудлаа эргэн харж хөрөнгө оруулалтын асуудалд ултай суурьтай хандмаар байна" гэлээ.