Хятадын коммунист намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015/06/26 12:37 957

Хятадын Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны яамны туслах сайд Ли Жюнь, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэн Сүй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Ардын намын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын төлөөлөгчид манай оронд ирж байгаад баяртай байгаагаа хэлээд “ Хоёр орны харилцаа хөгжихөд Хятадын Коммунист нам, Монгол Ардын нам чухал үүрэг оролцоо гүйцэтгэж байсан.

2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийсэн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал байсныг энд дурдах нь зүйтэй. Энэ хүрээнд гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийг ажил хэрэг болгох талд Засгийн газар болон УИХ анхаарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Харин Хятадын Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны яамны туслах сайд Ли Жюнь цаашдаа хоёр намын харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа дуулгаж, ирэх аравдугаар сард Бээжинд болох Ази тивийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтад УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболдыг албан ёсоор урилаа.

Түүнчлэн ирэх есдүгээр сард Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Монголд айчлахаар төлөвлөж байгааг ч энэ үеэр хэллээ. Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Су Жэн Сүй Монголд төлөөлөгчийн газраа нээх хүсэл сонирхолтой байгаагаа дуулгасан юм.

Тус сангийн санхүүжилтээр Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барьж байгаа. Үүний тоног төхөөрөмжийн санхүүжилтэд зориулж, 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа ажээ. Монголын талаас эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргаж өгөхөд болно гэсэн юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хятадын Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны яамны II газрын хэлтсийн дарга Ли Жяньжюнь, мөн газрын дэд дарга У Чуаньбин, БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдын яамны үүрэг гүйцэтгэгч Ян Чиндун, Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны яамны тамгын газрын II нарийн бичгийн дарга Ван Юйюэй болон Энхтайван хөгжлийн сангийн төслийн хэлтсийн ажилтнууд багтаж байна. УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболдтой хамт Гадаад хэргийн яамны дэд сайд Н.Оюундарь болон албаны бусад хүмүүс байлцав.