Мэндчилгээ

2015/03/20 18:46 680

Монгол Улсын нийт казах иргэд ээ!

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!

Олон зуун жилийн уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа нийт казах иргэддээ МАН-ын Удирдах зөвлөл, намын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хатуу өвлийг давж, дулаан улиралтай золгож, үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг Наурызын баяр нь Монголын казах иргэд ёс заншил, уламжлал соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, хадгалж ирсний бодит илрэл юм.

Казахын ард түмэн Наурызын баярын өлзий билэгтэй өдрийг тэмдэглэхдээ өтгөс буурлуудаа хүндэтгэн үр ач нар нь золгон мэндчилж, буянтай буурлуудынхаа сургаалыг сонсож, улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж байгаа жилийнхээ өнгө төлвийг тунгаан ярилцахын зэрэгцээ байгаль орчноо хайрлан хамгаалах талаар сургамж хайрладаг сайхан уламжлалтай билээ.

Энэ утгаараа Наурызын баяр ёс заншил, үндэсний соёлыг хүндлэн дээдэлж, хойч үедээ уламжлан өвлүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх, залуу үедээ экологийн хүмүүжил олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой баяр юм.

Тиймээс ч ЮНЕСКО биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сарД Олон улсын Наурызын баярыг тэмдэглэхийг тунхаглан зарласан байдаг.

Улс орондоо нэртэй, удам хойчдоо хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг. боловсролын салбарын алдартнууд, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, үйлдвэр, хөдөө аж ахуйн сайчууд казах иргэдийн дундаас олноор төрөн гарч Монгол орныхоо өнцөг булан бүрт нийгмийн амьдралын бүхий л салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Тэдний тэргүүн эгнээнд МАН-ын үе үеийн гишүүд дэмжигчид, манлайлан хоёргүй сэтгэлээр зүтгэж^ ардчилсан хүнлэг, иргэний нийгмийг цогцлоон байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр дэлхийн дөч гаруй оронд казахууд амьдардаг бөгөөд судлаач, эрдэмтэн мэргэдийн тогтоосноор тэдний дотроос хэл соёл, ёс заншил, үндэсний өв уламжлалаа унаган төрхөөр хадгалж үлдсэн нь Монголын казахууд мөн гэж дүгнэсэн нь 94 жилийн түүхтэй МАН-аас үндэсний цөөнхийн талаар алсын хараатай зөв бодлого явуулж ирсний тод илрэл бөгөөд казах түмний хичээл зүтгэлийн үр дүн юм.

Төр засгаас ч ач холбогдол өгч энэхүү баярын өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохоор хуульчилсан.

Казах иргэд манай намын бодлогыг ямагт дэмжиж байдагт бид талархдаг бөгөөд цаашид ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Казах түмэн эх орон, төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлалыг өвлөн үргэлжлүүлж ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг онцлон тэмдэглэхийн ялдамд цаашид манай нам казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгаж ажиллах болно.

Уламжлалт Наурызын баярын билэгт сайн өдөр халуун бүлээрээ цугларан амжилт бүтээл, аз жаргал, хөөр баяслаар дүүрэн байгаа нийт казах иргэд Та бүхэндээ шинэ ондоо элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань дэлгэрэх болтугай.

УИХ-ын дэд дарга, ман-ын дарга М.Энхболд