​Ц.Цолмон: УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв гэж үзсэн

2019/01/04 13:13 587

Ерөнхийлөгчийн УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхоор чөлөөлдөг болохгоор Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьсан. Тус хуулийн төслийг хэзээ хэлэлцэх болон УИХ-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Ерөнхийлөгч УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрч Өчигдөр буцаасан шалтгаан нь юу байсан юм бэ?

-Хуулийн төслийг боловсруулах, өргөн барих , хэлэлцэх зэрэг энэ бүхэн нь  хуулиар зохицуулагддаг. Хэн нэгний хүслээр хуулийн төслийг хүлээж авна, авахгүй хэлэлцэж болно, болохгүй гэдэг  асуудал байхгүй. Энэ бүхэн Хууль тогтоомжийн тухай хууль, Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. УИХ-ын Тамгын газар гурав хоног хуулийн төслийн бүрдлийг хянадаг. Хэрвээ хуулийн дагуу шаардлага хангаж байна гэж үзвэл УИХ-ын даргад  өргөн мэдүүлдэг. Өчигдрийн тухайд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зарим нэг зүйл  нь дутуу байсан. Жишээлбэл, хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ олон нийтийн санал заавал  авдаг. Тухайн  хуулийн төслийг олон нийт  мэдэж байх шаардлагатай. Энэ мэт зарим зүйл дутуу  байсан учраас буцаасан.

-Хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ?

-Хууль хэлэлцэгддэг журмаараа  л явна. Хүн бүхэн хуулийн төсөл өргөн барьж дур дураараа тухайн хуулийн төслийг хэлэлцэнэ гээд байж болохгүй. Хэлэлцэх журам болох Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга нь Ерөнхийлөгчийн санаачилсан  хуулийн төслийг  хэлэлцүүлье гээд УИХ-ын Даргын зөвлөл дээр саналаа хэлдэг. Даргын зөвлөлийн гишүүд нь ярилцаад тухайн долоо хоногт хэлэлцэгдэх асуудлын дараалалд оруулдаг энэ дагуу л явна. Нэгэнт хуулийн төслийг өргөн барьсан учраас энэ нь УИХ-ын ажил гэсэн үг. УИХ-ын гишүүд өөрсдөө бусад  бүх асуудлыг хэлэлцдэг журмын дагуу хэлэлцэнэ.

-Ирэх долоо хоногт багтааж хэлэлцэж амжих уу?

-Би үүнийг хэлж мэдэхгүй.

-Тухайн хуулийн төслийг 30 хоногийн турш олон нийтэд танилцуулж  саналыг нь  авсны дараа өргөн мэдүүлдэг хуультай. Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан  хууль Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү?

-УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв гэж үзсэн. Дэгийн тухай хууль өргөн барьж байгаа бол нарийн шаардлага тавигддаггүй. Гэхдээ энэ хуулийн төслийг боловсруулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан яаж бодсоныг би мэдэхгүй. Уг нь үндсэн асуудал нь  УИХ-ын даргын асуудал учраас УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал ярина. Гэвч шууд Дэгийн тухай хууль өргөн барилаа. Зөрчилтэй асуудал гарчихлаа л гэж  ойлгож байна.

-Намрын чуулганы хугацаанд УИХ-ын чуулган 50 хоног хуралдах ёстой. Гэвч сар хуралдаж чадсангүй. Тиймээс хуульд заасан 50 хоногоо заавал хуралдуулах уу?

-Хугацааг сунгах эсэх асуудал нь хуулиараа л зохицуулагдана. Хоёрдугаар сарын 10 хүртэл хуулийн хугацаатай. Магадгүй УИХ-ын Даргын зөвлөл дээр захирамж гарч хугацааг нь наашлуулах эсвэл хойшлуулах эсэхийг нь тухайн үед нь шийдэх байх.