М.Энхболд: Эдийн засаг хүндрэлд орсон нь Засгийн газрын буруу

2014/04/02 16:45 746

УИХ дахь МАН-ын бүлгээс “Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдоос  зарим зүйлийг тодрууллаа.

-“Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа” нээлттэй хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг ярьж байна. Хэрхэн даван туулах вэ?

-Эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын санал бодлыг сонсож, төр засгийн бодлого шийдвэрүүдийг зөв болгоход юуг анхаарах вэ гэдэг дээр ярилцаж байна. Та бүхэн санаж байгаа байх, гуравдугаар сард МАН-ын бүлгээс Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах арга замын талаар яг өнөөдрийнх шиг ийм нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан.

Харин өнөөдөр “Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа” сэдвийн хүрээнд эдийн засаг нийгэмд, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг дээр илүү нарийн ярилцаж байна. Үнэхээр сүүлийн үед хийгдсэн судалгаа тооцоо иргэдээс ирж байгаа санал, бидний орон нутагт хийж байгаа ажлын үр дүнгээс танилцахад амьдрал асар их доройтол бий болж байгаа дүр зураг ажиглагдсан. Тиймээс энэ хүндрэлээс гарах ёстой гэж Засгийн эрх барьж буй нам, Засгийн газарт манай нам тодорхой байр суурийг илэрхийлсээр байна.

-Тэгвэл эдийн засгийн хүндрэлийг юутай холбож тайлбарлах вэ?

-Сүүлийн нэг жил хагасын дотор манай орны эдийн засагт асар их хэмжээний өөрчлөлт орж, хүндэрсэн. Экспортын нөлөө багахан хэмжээгээр нөлөөлж байгаа. Харин бусад улс орнуудад манай эдийн засагт нөлөөлөхүйц ямар ч хямрал явагдаагүй. Тиймээс одоогийн төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж л ийм байдалтай болчихсон гэж дүгнэж байна.

Үүнийг юутай холбон тайлбарлах вэ гэвэл, улсын нэг жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийдлээр цөөхөн хэдэн компанид өгсөн. Мөн хөтөлбөр төслүүд нь бэлэн болоогүй байхад гадаадаас ихээхэн хэмжээний өр зээлийг тавьчихсан байна. Гэх мэт Засгийн газрын буруутай үйл ажиллагаа нь эдийн засгийн 17 хувийн өсөлтийг 11 хувь болголоо. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш ч өслөө.

Eagle TV