М.Энхболд Хятадад айлчилж байна

2014/03/18 16:29 968

МАН-ын дарга, М.Энхболдын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Монгол Ардын нам, Хятадын Коммунист Нам нь  Азийн хамгийн ууган улс төрийн хүчний хувьд олон жил харилцаа, холбоотой ажилласаар ирсэн.

МАН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан бол Хятадын Коммунист Нам мөн оны долдугаар сарын 1-нд байгуулагджээ.

МАН, ХКН-ын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, үйл ажиллагааг нь цаг үетэй нийцүүлж хөгжүүлэхэд МАН-ын дарга М.Энхболдын БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын зорилго чиглэж байна. Мөн харилцан туршлага солилцох, орчин цагийн Хятад улсын нийгэм, эдийн засгийн байдалтай газар дээр нь танилцах аж. Энэ хүрээнд Гуандун мужийн Гуанжоу хөгжлийн бүстэй танилцан, үйлдвэр аж ахуйн газруудаар орох юм байна.

Түүнчлэн хамтын ажиллагаатай намын удирдлагуудтай уулзаж, намууд болон хоёр орны харилцааны асуудлаар санал солилцоно. МАН-ын даргын БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн болон албаны бусад хүн багтжээ. Дашрамд дурдахад, өнөөдөр БНХАУ-ын хүн ам 1,3 тэрбумд хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7,7 хувьтай байна. Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 14,915 их наяд ам.доллар болжээ.

Info.mn