Зөв шийдэл

2017/01/23 10:30 1009

Үндсэн хуулийг ч өөрчлөх хүчтэй 65-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг төрхөмд нь буцаах санал гаргаснаар УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа хэлэлцэн, баталлаа.

Ингэснээр ирэх зургадугаар сард товлогдох Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулиар зохицуулагдах боллоо. Гэсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын улстөржүүлээд байсан асуудал шийдэгдэхгүй, УИХ-д суудалтай нам л хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ, нэр дэвшигч нь 45 нас хүрсэн, сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан, уугуул иргэн байх зохицуулалт хэвээр үйлчилнэ. Хууль буцсан ч зарчим өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Харин МАН анхны хэлэлцүүлгийн шатанд ирээд байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах болсон нь дараах гурван шалтгаантай.

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн нэгдсэн хуулиас салгаж аван тусад нь хуулиар зохицуулахаар болсон ч баталсан тохиолдолд 189 заалт хүчингүй болох нөхцөл үүсчээ.  

Хоёрдугаарт, цаг хугацааны хувьд дээрх хуулийг батлах боломжгүй болсон. Учир нь сонгууль товлон зарлахаас эхлээд тодорхой цаг хугацаа заасан асуудлууд хуульд заасан хэм, хэмжээг зөрчих нөхцөл үүссэн тул буцахаас өөр арга зам байсангүй. Цаг хугацаа алдахад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн тав хоногийн завсарлага ч нэрмээс боллоо. Мөн сонгууль болохоос зургаан сарын доторх хугацаанд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй “дүрэм”-тэй, МАН хуулиа дээдэллээ. Энэ бол улс төрийн соёл, бас зангарагтай нам болохоо харуулсан явдал юм.

Гурав дахь үндэслэл нь “бүдүүн” бүлэг 65 суудалдаа эрдсэнгүй, зөвшилцлийг тэргүүнд тавьж, улстөрийн намууддаа хүндэтгэлтэй хандлаа. Цаашид ч зөвшилцлийн зарчмаа хангаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан хуулийг баталж гаргах нь Монголд улс төрийн намууд төлөвших, парламент нь хүчээр асуудлыг шийддэг бус зөвшилцлөөр, ойлголцлоор асуудлыг шийддэг соёл руу хөтлөх сайн жишигтэй.

Одоо гол нь хуучин хуулиараа сонгуулийг шударга, будилаангүй зохион байгуулах нь хамгийн чухал.

Учир нь Сонгуулийн нэгдсэн хуульд зохицуулалтгүй үлдээсэн, эргэлзээ дагуулсан олон асуудал бий. Тухайлбал, дээрх хуульд “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь олонхийн санал авч чадаагүй бол  дахин сонгууль зарлана” гэж заасан. Гэтэл хоёр өөр хугацаа бий. Эхнийх нь дахин сонгуулийг 30 хоногийн дотор зарлан явуулах. Хоёр дахь нь дахин сонгуулийг долоо хоногийн дотор товлон зарлахаар заасан. Тодруулж хэлбэл, сонгууль дахих бол дээрх хоёр хугацааны алиныг нь сонгох вэ?. Энэ бол өмнөх УИХ-ын ажлын “гологдол” юм.

Мөн Сонгуулийн нэгдсэн хуульд “Цэргийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг Батлан хамгаалах яам гаргаж өгнө” гэж заасан хэрнээ хилийн цэргийг орхигдуулсан. Иймээс Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн жил “ашигласан” арга барилаараа энэ асуудлыг зохицуулахаас аргагүй болж буй. УИХ-ын гишүүн Н.Энхболд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлан, өргөн барьсан байсан нь дээрх алдааг засахад чиглэж байлаа.

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсний дараа олонхийн бүлэг амласан ёсоороо УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг тусад нь боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлж, алдааг залруулах нь дараа, дараагийн сонгуулийг зохион байгуулахад хүндрэл бэрхшээлгүй болж, ойлгомжгүй асуудлаас үүдэж гарч болзошгүй эрсдлийг хааж чадна.

Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn