Ахмад зөвлөхүүдийн үндэсний сүлжээг бий болгоно

2014/01/29 15:21 587

Монгол Ардын Нам цагаан сарын өмнөх ээлжит “Ардын индэр” уулзалтдаа ахмадуудыг урьж, Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд тусгах тэдний санал бодлыг сонслоо.  

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг  Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг удахгүй  УИХ-д өргөн барих аж. Уг баримт бичгийн гол агуулга нь ахмад настнууд зөвхөн халамж хүртэгч биш баялаг бүтээгч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцогч байх юм.

Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан гавьяатай ахмадуудын  эзэмшсэн мэдлэг, дадлага, ур чадвар нь нийгмийн баялаг болон нөөцлөгдөж байдаг учраас тэднийг баялаг бүтээгч хэвээр байлгахыг олон улсын хэмжээнд чухалчлах болжээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа авах эрхтэй гэсэн байдлаар төр бодлогоо чиглүүлэх нь оновчтой хувилбар юм байна.

Өнөөдөр хэрэгжиж буй холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдэд ахмад настны асуудал тодорхой хэмжээгээр тусгагдан хэрэгжиж байгаа боловч хоорондоо уялдаа холбоо муутай, ахмад настанд халамжлах байр сууринаас түлхүү хандсан байдалтай байдаг аж. Үүнээс шалтгаалан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, орон байр, ахуйн нөхцөл, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нийгмийн амьдралд оролцох оролцооны түвшин доогуур байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болжээ.

Тиймээс  ахмад настны бүх талын хэрэгцээнд тулгуурласан нэгдсэн бодлогоор салбар дундын үйл ажиллагааг уялдуулж, ахмад настныг  нийгмийн идэвхтэй гишүүн, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч болгон өөрчилнө гэж үзэж байгаа юм. Ингэснээр эдийн засаг, нийгэмд хүн амын насжилтаас үүдэн үзүүлж болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж чадах аж. Улмаар ахмад зөвлөхүүдийн үндэсний сүлжээг бий болгон, тэднийг сургагч багш  болгон ажиллуулах нь нийгэм, нийтийн тусын тулд нэн хэрэгтэй ажээ.

Үүний зэрэгцээ ахмадуудын орлогын гол эх үүсвэр болсон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, амьдрах нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд анхаарах гэхчилэн нийгмийн асуудлуудад давхар анхаарснаар ахмадуудын асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж чадах юм байна.  

Манай улсын хувьд 1950-1960 оны төрөлтийн түвшин өндөр байх үеийн хүүхдүүд өнөөдөр ахмад настанд шилжиж  байгаа аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн амын хэтийн тооцоогоор манай улсын хүн ам одоогоос 15 жилийн дараа насжиж эхлэх ба дараагийн 20 жилд насжилт эрчимжих төлөвтэй байгаа юм байна. Ахмад настнуудын 94,5 хувь нь тэтгэвэр, 1,4 хувь нөхөн олговор авч буй аж.

2010 оны байдлаар нийт 12,5 мянган ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн  62,7 хувь нь хотод 37,3 хувь нь хөдөөд, тэдний 40,0 хувь нь хөдөлгөөний, 24,0 хувь нь харааны, 18,0 хувь нь сонсгол, хэл ярианы, 6,3 хувь нь сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй байжээ. Ахмад настны сэтгэцийн өөрчлөлтөд бэлэвсрэл, ганцаардал, сэтгэл гутрал зэрэг ахуй амьдралын хүчин зүйлсийн нөлөө өндөр байдаг. Энэ бүхэн нь ахмад настны талаар төрөөс баримтлах бодлогыг үзэл баримтлалын хувьд  шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

МН25-р суваг