Орон сууцны метр кв-ын үнийг сая төгрөгт багтаах боломжтой

2013/06/03 15:12 641

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Иргэдийг орон сууцжуулахаар зохион байгуулж буй ажлын талаар тодрууллаа. Өмнө нь зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хоёроос гурван мянган иргэнд олгосон. Иргэд зээл авч барилгын компаниа олоод тодорхой хугацаанд орон сууцтай болох боломжийг бүрдүүлсэн бодлогыг төр засгаас авч хэрэгжүүлсэн.

Түүнчлэн төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц хөтөлбөрийг нилээд амжилттай хэрэгжүүлж олон арван мянган төрийн албан хаагчид орон сууцтай болж байсан. Энэ бүгд өнөөдөр бодлогын алдаа гэдэг хоёр үгэнд дарагдаад шинэ зөв бодлого гаргаж найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон. Өнөөдөр хэдэн иргэн зөв бодлогоор явж буй найман хувийн хүүг аваад байна вэ.

Хуучин аваад, хийгээд, хэрэгжүүлээд болж байсан зүйлийг нь зогсоочихлоо. Шинэ зөв бодлого нь яаж хэрэгжих вэ? Хэдэн иргэнд хүрсэн бодлого болсон талаар тодорхой хариу өгөөч. Барилгын салбарт баригдаж байгаа орон сууцны барилга байгууламжууд бүгд чанарын өндөр шаардлага хангаж чаддаггүй.

Тиймд Засгийн газар хяналт тавихын тулд барилгын компаниудын чанартай, сайн гүйцэтгэж байгааг нь Засгийн газраас дэмжих бодлогыг урьд нь барьж байсан. Одоо та бүхэн нийтэд нь дэмжих бодлого явуулж байх шиг байна. Орон сууцны барилга иргэдийн шаардлага хангахгүй, чанар муутай болвол хариуцлагыг хэн хүлээх талаар асуув.

Мөн одоогоос хоёр жилийн өмнө монголын барилгачдын холбооны гишүүнчлэгддэг бүх барилгын компаниудтай Улаанбаатар хотод  сая нэг зуун 96 мянган төгрөгөөр метр квадратынх  нь барилгыг барьж иргэдэд өгье гэж ТББ-тай нь тохироод бүх бизнесийн удирдлагуудтай нь гарын үсэг зураад явж байсан.

Тэр сая нэг зуун ерэн зургаан мянган төгрөг бас буруу бодлого болсон уу. Өнөөдөр орон сууцны барилгын нэг метр квадрат талбай ямар үнэтэй байна. Түүнчлэн та бүхэн нийлүүлэлт талаа дэмжсэн бодлого явуулж байх шиг байна.

Нэг талыг дэмжсэн бодлого дараа нь буруу бодлого болох вий. Барилгын салбарт эрэлт нийлүүлэлтийг хоёуланг нь дэмжиж байж эдийн засгийн эргэлтэнд орж улс орон болоод иргэдэд тодорхой бодит үр дүнгээ өгдөг. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ? гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Өмнө нь төрийн албан хаагчдыг орон сууцжуулах бодлогын хүрээнд найман хувийн хүүтэй зээл өгч, 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгон 4300 орчим иргэд хамрагдсан. Дараа нь Засгийн газар зургаан хувийн хүүтэй зээл гаргаж эх үүсвэрийг нь 200 хүртэл тэрбум төгрөгийг шийдвэрлэхийг хөгжлийн банкинд үүрэг болгосон.

Албан хаагчдыг орон сууцжуулах бодлогын хүрээнд 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгон 4300 орчим иргэд хамрагдсан

Хүндрэлтэй тал нь хязгаарлагдмал эх үүсвэр, дээр нь дуусаагүй 50-иас дээш гүйцэтгэлтэй барилга дээр өгсөнөөс шалтгаалан цаашдаа хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргахгүй учраас төвөгтэй болсон. Зургаан хувийн хүүтэй дээр бид юуг ярьж байна гэхээр барилга нь дуусаагүй учраас иргэдээс нэмэлт шаардлага, барьцаа нэхдэг.

Дээр нь нөгөө барилга нь төлөвлөсөн хугацаандаа дуусдаггүй. Үүнээс болж иргэд хохирдог. Мөн хэрэгжүүлэх нь ганц банк учраас бүх иргэд хамрагдаж чаддаггүй. Бидний одоо гаргаж буй найман хувийн хүүтэй зээл бол ямар нэгэн эх үүсвэрээс хязгаарлагдахгүй.

Иргэдийг хязгаарлалгүйгээр ямар ч их хурал, засгийн газар дээр тогтвортой мөрдөгдөх схем л бидэнд хэрэгтэй байна. Ингэж чадвал иргэдээ орон сууцаар хангах төрийн бодлого хэрэгжинэ. Энэ зөвхөн шинэчлэлийн засгийн газрын бодлого гэхгүйгээр аль ч засгийн газрын үед хийх ажил.

Үүний эх үүсвэр нь урт хугацаанд байх, иргэдийг бүгдийг нь хамруулах, арилжааны банкууд бүгдээрээ олгодог байх  ёстой. Тэр хүнд авч байгаа орон сууц нь л зээлийн баталгаа, барьцаа болох учраас илүү олон зүйл шаардахгүй, ажил орлоготой иргэд хамрагдаад явах боломжтой. Ерөнхий журмаа баталсан. Ирэх долоо хоногоос хэрэгжүүлэх ажилдаа орно.

Чанарт анхаарал хандуулж, материалын хувьд шаардлага тавьж байгаа. Үнийн хувьд тогтвортой нэг үнэ зарлахад зохимжгүй. Үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дотоодын барилгын компаниуд маань сая төгрөгнөөс дотогшоо ч барих боломжтой гэсэн. Эрэлт нийлүүлэлтийг тогтвортой барьж явах дээр тантай санал нэг байна гэсэн хариултыг өглөө.