Өмнөх ИТХ-ын бүрэн эрхийг сэргээсэн нь үндсэн хуулийн зөрчилд шууд хүргэнэ

2014/01/08 14:34 933

2012 оны орон нутгийн сонгуулиас хойш Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны нэхэмжлэлтэй маргаан үргэлжилсээр өнгөрөгч оны есдүгээр сард эцэслэж, аймгийн таван тойрог болон намын нэрийн жагсаалтаар сонгогдох 12 мандатад дахин сонгууль явуулахаар болсон.

Тодруулбал, Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум болон Баяншанд багийн сонгуулийн тойрогт хувь тэнцүүлэх хэлбэрээр дахин сонгуулийг энэ сарын 19-ний өдөр явуулахаар болсон билээ. Мөн шүүхээс өнгөрөгч сонгуулийн дараа байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаанаас 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгосон юм.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой бүх шийдвэрийг хүчингүй болгосон хэрэг. Тэгэхээр үлдсэн 18 төлөөлөгч ердөө л тухайн тойрогт нэр дэвшиж, олонхийн санал авч, ялалт байгуулсан нэр дэвшигч болж хувирч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сонгуулиар байгуулагдсан ИТХ гээч юм үндсэндээ үгүй болж, 2008-2012 оны ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч нар өдгөө ГовьАлтай аймгийг удирдаж байгаа.

 

Говь-Алтайд үүссэн асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлснээр бүр ч ойлгомжгүй байдал үүссэн юм.

Нөгөө талаас эл маргаантай холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсаны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг “Эрх зүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь хуулийн хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн үү, биш үү гэсэн асуудал үүсгэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе” гэсэн албан тоот илгээсэн бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн гарын үсэг бүхий албан тоотод “Танай аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгөөр хуралдуулах боломжтой байгааг анхааралдаа авна уу” гэжээ.

Ийнхүү ЗГХЭГ, УИХ-ын эрх бүхий Байнгын хорооны удирдлагууд Говь-Алтайд үүссэн асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлснээр бүр ч ойлгомжгүй байдал үүссэн юм.

Аймгийн сонгуулийн хороо сонгууль явуулах зардлын тооцоог Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснийг хянаж, 32.4 сая төгрөг байхаар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Бие биедээ асуулт тавьсан, гайхсан, эргэлзсэн байдал энэ хуралдааны бүтэн дүр төрх. Гишүүд юун дээр эргэлзэж, уур амьсгал ямар байсан талаар хүргэе.

МАН-ын дарга М.Энхболд:

-АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулсан гэрээндээ орон нутаг болон Ерөнхийл өгчийн сонгуульд хамтарч оролцоно гэж заасан. Тэр гэрээ нь хэрэгжих ч юм шиг, хэрэгжихгүй ч юм шиг тодорхойгүй явсаар орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид нь бүртгүүлж чадахгүй байдалд хүрсэн. 2008 онд байгуулагдсан ИТХ таван жил зургаан сарын дараа нөхөн сонгууль явуулсугай гэж шийдвэрлэснийг бид зардлыг нь гаргаж өгөх гээд сууж байна.

Энэ сонгуулийн дараа аль нэг нэр дэвшигч нь Үндсэн хууль зөрчиж байгуулсан ИТХ-ын гаргасан шийдвэрийн дагуу зохион байгуулсан сонгууль учраас үр дүн нь хүчингүй гэж Үндсэн хуулийн цэцэд хандвал Говь-Алтайд болж буй маргаан УИХ-ыг Цэцэд дуудагдахад хүргэх юм биш биз дээ.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Дахин сонгууль явуулах асуудал нь хуулийнхаа 55, 56 дугаар зүйлээр зохицуулагддаг. Дээд шүүхийн шийдвэрт эдгээр заалтыг ер эшлээгүй байгаа юм. Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэдэгт эргэлзэж байна. 55 дугаар заалтаар дахин санал хураалт явуулж, тэр нь сонгуулийн дүн ноцтой зөрчихөөр бол 56 дугаар зүйлээр дахин сонгууль явуулах ёстой.

Сонгуулийн зардлыг оруулж ирснээр нь баталбал асуудал дагуулна. СЕХ асуудлаа татсан нь дээр. Харин Говь-Алтайд шууд санал хураалтаар ялсан төлөөлөгчид ИТХын бүрэлдэхүүний 50-иас дээш хувийг бүрдүүлж байвал үргэлжлүүлэн хуралдуулах нь зүйтэй. 50-иас доош хувийн бүрэлдэхүүнтэй байгаа бол дахин сонгуулийн тухай ярьж болно.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа:

-С.Баярцогт гишүүний хэлээд байгаа зөв. Өмнө нь дахин санал хураалт явуулж байж дахин сонгууль яригдах ёстой.

Өнөөдөр сонин