Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хурал эхэллээ

2015/12/02 11:18 1523

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид ирсэн даруйдаа УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай уулзсан бөгөөд үдээс хойш Төрийн ордонд Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хурал эхэллээ. УИХ-ын дэд дарга М.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ “БНХАУ хөрш орнуудтайгаа харилцахдаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, хүртээмжтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас илүү ашиг тус хүртээх” бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү их боломж, таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол Улсын “Талын зам” санаачилга, Хятадын “Бүс болон Зам” санаачилгын хүрээндгазар зүйн ойр дөт байршил, эдийн засгийн харилцан нөхөх байдал зэрэг давуу талуудаа бүрэн ашиглан бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг тууштай урагшлуулж, хөгжлийн бодлогоо уялдуулж, хөгжлийн шинэ боломжийг эрэлхийлэн хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө ажиллах бодит боломж, нөхцөл бүрдэж буйг хэлэхийг хүсч байна. Энэ хүрээнд хоёр орны дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, бодлогын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа бодитоор өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Цаашид хоёр улсын улс төрийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам бэхжүүлж, идэвхтэй хамтарч ажиллах нь чухал юм” гэлээ. Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын энэхүү уулзалтаар хоёр талын хууль тогтоогчид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд хууль тогтоох байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, мөн эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн солилцоо зэрэг өргөн хүрээний сэдвээр ярилцах ажээ.