Эрх баригчдын гавъяагаар хэвтэрийн эдийн засагтай улс орон болж уруудлаа.

2016/03/28 09:58 1614

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М. ЭНХБОЛДЫН УИХ ДАХЬ

МАН-ЫН БҮЛГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛД ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт иргэдээ

Энд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

          УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд, нийслэлийн иргэд, сонгогчидтой уулзаж, улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагаа, манай намаас сонгогдсон гишүүдийн боловсруулж батлуулсан хууль, тогтоомж, гаргасан санал, санаачилгууд болон цаашид эдийн засгаа сэргээж, хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэд, сонгогч Та бүхэнтэй санал солилцож, таны санаа бодлыг сонсох, сонирхсон асуултанд нь хариулт өгөх зорилгоор өнөөдрийн уулзалтыг хийж байна. Цаашид ийм уулзалт ярилцлагыг нийслэлийн дүүргүүд, аймаг, орон нутагт үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

          Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, арга хэмжээний уршгаар улс оронд засаглалын болон эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг нухацтай ярилцах цаг болсон гэж үзэж байна.

  1. Хуулийг уландаа гишгэж, дур зоргоор авирлах явдал хэрээс хэтэрлээ

2012 оны сонгууль ихээхэн маргаан, талцал дагуулсныг Та бүхэн санаж байгаа. Энэхүү сонгуулиар УИХ-д ард түмний 40 гаруй хувийн төлөөлөл болсон МАН-аас сонгогдсон гишүүдийн хуулиар олгогдсон эрхийг нь хааж, бүтэн 5 сар бүлэггүй байлгаж, дуу хоолойг нь хязгаарласан нь гашуун сургамж үлдээсэн.

УИХ-д олон суудал авсан цагаасаа эхлэн эрх баригчид олонхиороо хүч түрэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг ноцтой зөрчих, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль санаачлан батлах эсхүл шаардлагатай хууль тогтоомжийг хэлэлцүүлэлгүй хав дарах, хуулийг засварлах байдал хэвийн үзэгдэл болсон. Хамгийн сүүлд гэхэд л энэ хавар ээлжит бус чуулганыг зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг хууль зөрчин ажлаас нь чөлөөлөх зорилгоор зарлан хуралдуулсан.

 УИХ, Орон нутгийн сонгуулийн дүнг гажуудуулах шударга сонгуулиар ялалт байгуулсан гишүүд, төлөөлөгчдийг хууль хяналтын байгууллагаар дарамталж, ард түмний сонголтыг луйварддаг гаж тогтолцоог эрх баригчид бий болгосон.

Төрийн дээр нам, фракцийн эрх ашиг тавигдаж, ардчилал, иргэний эрх, эрх чөлөөнд аюул учирч, өмч хөрөнгө хамгаалалтгүй, бас үнэ цэнэгүй болж байна. Дүр эсгэсэн ардчилагчид төрийн эрхэнд гарснаас хойш ихээхэн хүч хөдөлмөр, үнэ цэнээр бий болсон ардчиллын үнэт зүйлс бүдгэрэн үгүй болох эрсдэлд орлоо.

Монгол Улсад парламентын ардчилал замхарч УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг татан буулгах, өмч хөрөнгийг нь хураах, сонгуульд оролцох эрх чөлөөг хааж боомилох тухай хүртэл яригдаж байна.

Эрх баригчдын хуль зөрчсөн ажиллагааг УИХ дахь манай намын гишүүд эсэргүүцэж, сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллаа. Тухайлбал,

Сонгогчдийн саналыг хар машин, хууль, шүүхийн байгууллагаар засварладаг байдлыг таслан зогсоох зорилгоор миний бие бүлгийн бусад гишүүдийн хамтаар “Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан боловч эрх баригчид өнөөг хүртэл хэлэлцүүлэхгүй дарсаар байна.

Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлахад 100 хувь гараар давхар тоолдог болох, намын жагсаалтаар сонгогддог байдлыг болиулах гэх мэт олон зарчмын саналуудыг дэвшүүлж зарим нэг асуудлыг хуульд тусгуулж чадсан. Тухайлбал, хар машинаар тоолсон саналын 50 хүртэл хувьд хяналтын гар тооллого хийх, орон нутгийн сонгуульд жагсаалтаар сонгогддог байсныг болиулсан.

Эрх баригчид Авилгал, хээл хахууль, албан тушаалын хэргээр ял шийтгэл эдэлж байгаа иргэдийг Өршөөлийн хуульд, мөн төрийн албан хаагчийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулахаар байсныг бүлгийн шахалт, шаардлагаар болиулсан. МАН-ын бүлэг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж  2 удаа Засгийн газарт буцааж байсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороонд бусдын өмнөөс карт хийж ирц бүрдүүлэх, санал өгөх эрх баригчдын хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор “Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн бариад хэлэлцэгдэхгүй дарагдсаар байна.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хариуцлагагүй ажиллаж байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох санал, шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа тавьж байсан бөгөөд 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүн Н.Алтанхуягийг огцруулж байсан.

  1. Төрийн албыг төрлийн алба болголоо

Эрх баригчид 30 мянга гаруй мэргэшсэн төрийн албан хаагчдыг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж, хоморголон халж, оронд нь төрд бэлтгэгдээгүй өөрсдийн ах дүүс, найз нөхөд, ардчилсан намыг л дэмждэг бол ямар ч чадваргүй, туршлагагүй хүмүүсээр төрийн албыг дүүргэн төрийн дархлаа, ой санамжийг сулруулж, төр ажил үүрэг гүйцэтгэх чадамжаа алдсаныг өнөөдрийн төрийн гадаад дотоод бодлого, мега төслүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, санаачлан оруулж байгаа хууль, тогтоомжийн төсөл, бусад чухал баримт бичгүүдийн боловсруулалт бэлхнээ харуулж байна. Үүний нотолгоо нь, Төрийн албаны зөвлөлөөс анх удаа төрийн албаны тогтворгүйшил нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлтийг УИХ-д танилцуулсан хийсэн явдал юм.

          Төрийн бүтэц данхайж, сайд дарга нарын тоо нэмэгдэж, эрх баригч намаас сайд, дарга болж үзээгүй УИХ-ын гишүүн байхгүй болсныг зөвтгөх аргагүй. МАН Засгийн эрх барьж байхад  11 яам, 15 Засгийн газрын гишүүнтэй байсан бол АН-ын Засгийн газар 16 яам,  19 Засгийн газрын гишүүнтэй болж нэмэгджээ. Мэдээж үүнийг дагаад газар, хэлтэс, албадын тоо нэмэгдэж, энэ хэрээр захиргааны болон бусад зардал огцом өсч байна.

Төрийн албан хаагчид болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажиллагсадын тоо өнөөдөр 186 мянгыг давж, төрийн албаны хүнд суртал иргэдийг ихээхэн бухимдуулж байна.

Эрх баригчид хийсэн алдаагаа, түүнээс гарах гарцаа ч олж харж чадахгүй, төрийн албыг бизнес мэт харж, авирлаж ирлээ. Тэд өөрсдийн алдаатай бодлого, үйл ажиллагааг дэлхийн эдийн засгийн байдал, өмнөх Засгийн газарт нялзаахыг оролдсоор 4 жилийг өнгөрөөлөө.

Төрийн албыг тогтворгүй болгож байгаа эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг зогсоох талаар манай намын бүлэг удаа дараа шаардлага хүргүүлж ажилласан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа.

Юуны өмнө төрийн албын мэргэшсэн, чадварлаг болгох, хууль бус халаа сэлгээ хийж байгааг таслан зогсоохыг удаа дараа, шаардаж ирсэн.

Төрийн данхайсан бүтэц, сайд дарга нарын тоог цөөлөх зорилгоор яамдын тоог 17-оос 9 болгон бууруулах, яам, агентлагын дэд сайд, орлогч дарга нарын тоог цөөлөх, төрийн албаны давхардсан чиг үүргийг арилгах замаар бүтэц, орон тоог цомхон чадварлаг болгох шаардлагуудыг тавьж тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. Тухайлбал, яамдын тоог цөөлж чадаагүй ч дэд сайд,  аймаг нийслэлийн засаг даргын орлогч нарын тоог цөөлж, яам, агентлагын орон тоог 15 хувиар, мөн төрийн зарим байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах, зарим орон тоог бууруулахаар болсон.

Төрийн албыг бизнес мэт ашиглан авирлаж, төрийн өмч хөрөнгийг шамшигдуулж буй этгээдүүдтэй хариуцлага тооцохыг шаардах, холбогдох байнгын хороодоос шалгалт хийлгэх зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.

  1. Эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ

Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ онд 0,6 хувьд хүрэх урьдчилсан таамаг гарсан. Эрх баригчдын “гавъяагаар” манай улс “хэвтрийн” эдийн засагтай улс болж уруудлаа. Энэ нь эрх баригчид гадны бодлогыг хуулбарлаж, эдийн засгийн үндэслэл, тооцоо муутай, алдаатай төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлсэний хор уршиг гэж үзэж байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого сүүлийн 3 жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, зарлага санхүүжилтийг цаг тухайд нь хийж чадахгүй болж, төрийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн олон мянган иргэд аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй, хохирох байдал хэвийн үзэгдэл боллоо. 

Төсвийн алдагдал, өрийн дарамт нэмэгдсэнээр 2016 онд манай улс төсвийн орлогынхоо 37 хувийг буюу 2,6 их наяд төгрөгийг гадаад, дотоод өр, зээлийн хүүд төлөхөөр байна. Үүнээс зөвхөн зээлийн хүүд 932,8 тэрбум төгрөг төлөхөөр байгаа нь 2011 оныхоос 25 дахин нэмэгдсэн байна.

Засгийн газрын гишүүд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх мэдэгдэл хийж, тэдний итгэлийг алдсанаар Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орох биш, харин гадагшлах урсгал нэмэгдэж байна. Хөрөнгө оруулагчид “Төр засгийн бодлого тодорхойгүй, баталсан хууль, гаргасан шийдвэр нь тогтворгүй, яам, агентлагууд нь мэргэшсэн бус” байгаа нь Монголд хөрөнгө оруулахад саад тотгор болж байгаа талаар шүүмжлэн хэлэлцэж  байна.

2011 онд 4,6 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 4-хөн жилийн дотор 25 дахин буурч, 182 сая ам.доллар боллоо. 2012 оноос хойш төгрөгийн ханш 50 гаруй хувиар унаж, төгрөг үнэгүйдлээ.

Мөн Монгол банкны бие даасан байдалд халдаж, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийдлээр цөөн хэдэн компаниудад их хэмжээний мөнгө тарааж, зах зээлийг гажуудуулж, авлига, хээл хахуулийг хавтгайруулсан, мөнгөний нийлүүлэлтийг 45 орчим хувиар нэмэгдүүлсэн, БНХАУ руу өндөр үнээр нүүрс экспортлохоор хийсэн Таван толгойн  гэрээг цуцалсан, Хөгжлийн банк Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчин Засгийн газрын үнэт цаас худалдан авсан гээд тоочоод байвал урт жагсаалт гарах болно.

Төрөөс ХАА-н салбарт баримтлах бодлого алдагдсанаас манай улсын эдийн засгийн энэхүү тулгуур болох гол салбар уналтанд орсон. 2015 онд нийт 519,5 мянган га талбайд тариалалт хийсэн боловч, 216,3 мянган тонн үр тариа хураан авсан нь өмнөх оныхоос 58,3 хувиар буурчээ. 2012 онд улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, 100 мянган тонныг экспортлох хэмжээнд хүрээд байсан бол өнөөдөр дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг ч хангаж чадахгүй байдалд орж доройтоод байна.

 Манай улс 2015 оны эцэст 56 сая орчим тоо толгой малтай болсон ч мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унасан нь малчдын орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

Ийнхүү манай малчид тариаланчдын нөр их хөдөлмөр эрх баригчдын алдаатай бодлогын уршгаар үнэгүйдэж, зээлийн дарамтанд ороод байна.

Бизнес эрхлэгчдийг хууль, мэргэжлийн хяналт, татварын хяналт шалгалтаар дарамталж, төр хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд хутгалдан орж, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөж, тэднийг өмнө нь эрхэлж байсан бизнесээс нь шахах хандлага газар авлаа. Санхүү, төлбөрийн чадваргүй болсон 64301 ААН-үүд буюу бүртгэлтэй ААН-үүдийн 50,8 хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа бариад байна.

Он гарсаар НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байна. Татвар төлөгчдийн бүртгэл, мэдээллийг сайжруулж, төлсөн татварын зарим хэсгийг буцааж олгох асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ татварын хуулийг хэрэгжүүлэхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг татварын дарамтанд оруулж болохгүй.

Төсөв, санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийг хямралаас гаргах чиглэлээр УИХ дахь МАН-ын бүлэг дараах санал санаачилгуудыг дэвшүүлж, эрх баригчдын бодлогын алдааг засч залруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж ирлээ.

Төсвийн гадуур зарцуулж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис, Самурай, Хөгжлийн банкны зарцуулалтыг УИХ-ын хяналтанд оруулах, төсвийн нэгдмэл байдлыг хангах ажлыг хийж 1 төсөвтэй болгосон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох, Монголбанкийг хөтөлбөрөөс үе шаттай гаргах арга хэмжээ авсан.

 

Төсөв, мөнгөний алдаатай бодлогыг засах шаардлагыг 2013 оны хавраас эхэлж тавьж, тодорхой санал, зөвлөмжүүдийг эрх баригчдад өгч байсан бөгөөд үүний ч үр дүнд 2015 оноос эхлэн мөнгөний бодлогыг чангаруулж эхэлсэн нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахад нөлөө үзүүлсэн.

 

Төсвийн үрэлгэн, үр ашиггүй зардлыг бууруулах бодитой саналуудыг дэвшүүлж 2015 оны төсвөөс 150 гаруй тэрбум төгрөг, 2016 оны төсвөөс 50 гаруй тэрбум төгрөгийн тэвчиж болох урсгал зардлуудыг бууруулж, хэмнэсэн мөнгөөр дуусаагүй сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдийг дуусгах шаардлагатай гэсэн зарчим барьж ажилласан.

Мөн төсвийн ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн ААН-үүдийн санхүүжилтийг олгуулж, өр зээл, татварын дарамтаас гаргах талаар төсөв хэлэлцэх бүрт тавьж хөрөнгийг нь төсөвт суулгах, вексель гаргах замаар шийдвэрлүүлж байв.

 

Бүлгийн зүгээс Эдийн засгийн хямралыг даван гарах хөтөлбөр санаачлан боловсруулж УИХ-аар 2015 онд батлуулж Засгийн газарт чиглэл өгсөн боловч үр дүнтэй, шуурхай ажиллаж чадахгүй хямралыг даамжруулсаар байна.

 

Эдийн засгийн хямралтай үед шинээр татвар бий болгох, татвар хураамж, торгуулийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг хатуу эсэргүүцэж, шүүмжилж ирсэн. 

 

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс стратегийн томоохон төслүүд болох ОТ, ТТ төслийг яаралтай хөдөлгөхийг дэмжиж, шаардаж байсан боловч  эрх баригчдийн дотоод зөрчлөөс үүдэн ТТ төсөл өнөөдрийг хүртэл гацсан хэвээр байна.

 

Иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих зорилгоор шатахууны үнийг бууруулах санаачлага гарган эрх баригчдыг удаа дараа шахаж шаардсаны үр дүнд шатахууны үнэ орон нутагт нийслэлтэй ойролцоо болохын сацуу үнийг 80-400 төгрөгөөр бууруулж чадсан.

Малчдаа дэмжих, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор махны экспортыг нэмэгдүүлэх шаардлага Ерөнхий сайдад, салбар хариуцсан сайдад нь асуулга тавьж шахаж ажилласан.

Бизнес эрхлэгчдээ дэмжих, төвлөрөлийг сааруулах зорилгоор аймаг сумдын бизнес эрхлэгчдэд нийслэлээс алслагдсан зайнаас хамааран 90 хүртэл хувийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг Бямбацогт нарын бүлгийн нэр бүхий гишүүд санаачлан өргөн  барьж өнгөрсөн намрын чуулганаар батлуулсан.

Мөн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1,5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй УИХ-ын даргын ширээн дор дарагдсаар байна.

  1. Улс оронд өрийн хямрал нүүрлэлээ.

Монгол Улсын нийт гадаад өр 21,6 тэрбум ам.долларт хүрч дөнгөж төрсөн нярайгаас өтгөс, буурал хүртэл хүн бүр 15,000,000 төгрөгийн өртэй боллоо. “Дараагийн Катар” болох байсан улс орноо “Өнөөдрийн Грек”-ээс ч дор байдалд хүргэлээ. Монгол Улс зөвхөн 2017-2018 онд бондын өрөнд 1,3 тэрбум доллар төлөхөөр байна. Монгол Улсын эдийн засагт Ардчилсан Намын бий болгосон өр хүнд дарамт болж байна.

Зөвхөн Монголбанк гэхэд л сүүлийн 3 жилд БНХАУ-ын Ардын банкнаас Чингис, Самурай бондыг нийлүүлсэнээс их буюу 2,3 тэрбум ам.долларыг “Юаны Своп” хэлцэл нэрийн дор, жилийн 5 орчим хувийн хүүтэй зээлж, гадаад өрөө 9 дахин нэмэгдүүллээ.

Монголын төр, аж ахуйн нэгжүүд нь гадаад, дотоод бонд, банкны зээлийн өртэй, ажиллагсад нь цалингийн, ахмад буурлууд нь тэтгэвэрийн, өрх гэрүүд нь банкны өр зээлтэй, өдөр хоногийг аргацааж байна.

2015 оны эцэст нийт 247 мянган хөдөлмөр эрхлэгчид  жилийн 8-42 хувийн хүүтэй 1,4 их наяд төгрөгийн цалингийн зээл, нийт  212 мянган ахмад буурлууд жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлтэй байна.

Эрх баригчид улс орон, иргэд, аж ахуйн нэгжээ өрийн дарамтаас гаргах, энэхүү их өрийг хэрхэн яаж барагдуулах талаар өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлээгүй бөгөөд УИХ дахь манай намын бүлгийн гишүүд өрийг нэмэгдүүлэхгүй байх, ДНБ дахь өрийн хязгаарыг тогтоож, хатуу мөрдөх талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж, тэмцэж ирсэн. Тухайлбал,  

Улс орны өрийн хэмжээг үндэслэл тооцоогүй нэмэгдүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг хатуу шүүмжлэн, засаж залруулах, тодорхой санал, зөвлөмжүүдийг эрх баригчдад өгч ирсэн.

Эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн хэмжээг хэтрүүлсэн байсныг ил болгож,  хүрсэн түвшин буюу 58,3 хувьд хуульчлан баталж, цаашид үе шаттай бууруулахаар хуульд тусгуулсан.

2017-2018 онд бондуудын төлбөр хийхтэй холбогдуулан хуримтлалын сан байгуулах шаардлага тавьж байсан боловч эрх баригчид дэмжээгүй.

Бондын зарцуулалттай холбогдуулан хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулан Хөгжлийн банкинд шалгалт оруулан, ноцтой зөрчлүүдийг ил болгосон. Ажлын хэсгийн тайланг эрх баригчид хүлээн зөвшөөрч чадахгүй, байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй байна.

Өр зээлийн дарамтанд орсон иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор тэтгэврийн, цалингийн, малчны зээлийн хүүг бууруулах шаардлагыг удаа дараа тавьж ирсэний үр дүнд малчны зээлийн хүү 30 хувиас 10-18 хувь болон буураад байна.

  1. Түмэн олноо ядууруулж, төрдөө итгэх итгэлийг нь алдагдууллаа

Эдийн засгийн хямрал гүнзгийрэхийн хэрээр ажилгүй, орлогогүй иргэд олширч, ядуурал нэмэгдэж байна.

2012 онд ажил хайж бүртгүүлсэн 2 хүн тутмын 1 нь ажилд зуучлагдан орж байсан бол 2015 онд 5 хүн тутмын нэг нь ажилд оржээ. 2015 оны эцэст ажилгүйдлийн түвшин 6,5 хувьд хүрсэн ба нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61,4 хувь нь 15-34 насны залуучууд байна.  

Өнгөрсөн 4 жилд эрх баригчид ард иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэх, тэдний нийгмийн халамж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авсангүй.

          Өмнөх үе үеийн Засгийн газруудаас хэд дахин их хөрөнгө, санхүүгийн бололцоотой байсан эрх баригчид ажиллагсдын цалин, өндөр настны тэтгэврийг 8-10 орчим хувиар нэг удаа нэмэгдүүлснээс өөр арга хэмжээ авсангүй. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн өсөлт төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтөөс хол хоцорч, иргэд талхыг таллаж, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг граммлаж авдаг болсны дээр дэлгүүр, мухлагт өр зээл тавьж хоногийн хоол хүнсээ залруулж байна. Гэтэл МАН Засгийн эрх барих хугацаандаа цалин тэтгэвэрийг 300 хүртэлх хувиар нэмэгдүүлж байсныг манай иргэд санаж байгаа.

Эдийн засгийн хямралаас үүдэн нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авлаа. 2015 онд улсын хэмжээнд 27757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 4 жилийн өмнөхөөс 45 хувиар нэмэгдэж, 144,3 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулжээ.

УИХ дахь манай намын бүлгийн гишүүдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг алагчлалгүй олох талаар олон чухал санал санаачлага гаргаж, үр дүнд хүрч байна. Жишээ нь:

Эрх баригчид 2016 оны төсвийг өргөн барихдаа төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь буруулахаар, дээрээс нь нэмээд нийт цалингийн санг 10 хувиар бууруулах төсөл өргөн барьсаныг манай бүлэг буруушаан шүүмжилж төрийн албан хаагчдын цалин бууруулахгүй, хэвээр үлдээж чадсан. Мөн эмч, багш, цагдаа, онцгой байдалд ажиллагсдаас бусад төрийн байгууллагуудын цалингийн санг 10 хувиар бууруулсан.

Манай бүлгээс 2013 оноос эхлэн цалин, тэтгэврийг бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулах үүднээс 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг тавьж ирсэн боловч эрх баригчид сонгуулийн 4 жилд ердөө 10 хүрэхгүй хувиар нэмэгдүүлсэн.

Бүлгийн шахалт, шаардлагын үр дүнд хүүхдийн мөнгийг алагчилгүй олгодог болсон. Өөрөөр хэлбэл, бидний шаардлагаар хүүхдийн мөнгө авах эрхээ хасуулсан 400 000 гаруй мянган хүүхэд дахин хүүхдийн мөнгөө авахаар болсон.

Алдарт эхийн одонгийн мөнгө, жирэмсэн эхчүүдэд олгодог мөнгийг хуульд өөрчлөлт оруулан бууруулах саналуудыг эрх баригчид оруулж ирснийг эсэргүүцэж болиулсан.

Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.

НӨАТ-ын хуулийг сурталчлах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамтгүй шийдвэрлэх тал дээр эрх баригчид туйлын хангалтгүй ажилласнаас болж бизнес эрхлэгчид ихээхэн татварын болон эдийн засгийн дарамтанд ороод зогсохгүй дампуурах, үйл ажиллагаа зосоох хэмжээнд хүрээд байна. Иймд манай намын бүлгээс хуулийн төсөл санаачлан өргөн барих болно.

  1. Эрүүл энх аж төрж, эрдэм боловсрол эзэмших боломж алдагдаж байна

Боловсролын салбарын шинэчлэл үр дүн муутай, багш нарын ажилд хүндрэлтэй байгааг тус салбарын өнөөгийн байдал харуулж  байна. Агуулга муутай, монгол хүүхдийн сэтгэхүйд нийцээгүй, алдаатай сурах бичгүүд хүүхдэд сайн мэдлэг  олгохгүй нь ойлгомжтой.

Хот суурин газарт анги дүүргэлт 50-100 хувь хэтэрсэн сургууль цөөнгүй, цэцэрлэгийн насны 2 хүүхэд тутмын 1 нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Сүүлийн 3 жилд нийслэл хот түүхэндээ хамгийн их төсөвтэй байсан ч эрх баригчид хүүхдийн цэцэрлэг барихын оронд хогийн уут тараах, гурван сарын настай цэцэг тарихыг илүүд үзэх болсныг зөвтгөх аргагүй.

Иргэдийн дунд өвчлөл, ялангуяа хорт хавдар, халдварт өвчний тархалт нэмэгдэж  байна. Манай улсад бүрэн устсан гэж тэмдэглэгдсэн халдварт улаан бурхан өвчин дахин дэгдэж, энэ оны эхний 2 сарын байдлаар 6000 гаруй хүн халдварт улаан бурхан өвчнөөр өвчилж, 10 гаруй хүүхэд эндээд байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж муу байгаагаас иргэд олон цагаар эмнэлэгт дугаарлан зогсч эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байна. Хөдөөгийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтайгаас иргэд аймгийн төв, нийслэл рүү зардал, чирэгдэл гарган ирж, эмнэлэгт үзүүлдэг боллоо.

Нийслэл Улаанбаатар хотод төрөх эмнэлгийн ачаалал 3 дахин нэмэгдэж, дөнгөж амаржсан эхчүүд 24 цагийн дараа эмнэлгээс гарахаас өөр аргагүй болж байна.

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын улс төржсөн томилгоо, удирдлагын чадамжгүй байдал  эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы хангамж, эмч ажилтнуудын сахилга хариуцлага сулрахад нөлөөлж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж байна. Гэтэл эрх баригчид эмнэлгийн шинэ барилгын зориулалтыг өөрчилж, суурилагдсан өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг нь эвдэн, 2011 онд эхэлсэн Яармагийн төрөх эмнэлгийн төсөв санхүүжилтийг царцааж, балгас болголоо.

 

Эрүүл мэндийн салбарт бий болсон хариуцлагагүй  байдал нь иргэдийн итгэлийг бууруулж гадаадад эмчилгээнд явах иргэдийн тоо нэмэгдэж байна.

Эрх баригчид нийгэм, эдийн засгийн удирдлага, хяналтаа алдаж байгаа дүр зураг харагдаж байна. Тухайлбал, валютын ханшийг хянаж чадахаа болилоо, өрийг нэмэгдүүлж, дөнгөж саяхан гадны банкнаас 250 сая ам.долларын зээлийг өндөр хүүтэйгээр нэмж авлаа, хүн малын халдварт өвчин газар авч, хянаж чадахаа болилоо,

Эрхэм хүндэт нөхөд өө

Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн байдал ийнхүү доройтож байна. Энэхүү хямралаас бид бусдын амыг харж, бусдын хүчээр гарна гэж байхгүй. Эрх баригчид тулгамдаад буй бодит байдлыг хүлээн зөвшөөрч, бидний саналыг сонсож, хямралыг даван туулах арга замыг ард түмэнтэйгээ хамтран хайх нь улс үндэсний ашиг сонирхолд нийцнэ гэж МАН үзэж байна.

Сүүлийн 20 жилийн судалгаанаас манай нам Засгийн эрх барьсан он жилүүдэд эдийн засаг өсч, ард иргэдийн амьжиргаа дээшилж, харин АН засаг барьсан үед хүрсэн түвшин, ололт амжилтаас ухарч, эдийн засаг уруудан, өсөлт нь нэгээс доош хувьд хүрч, ард иргэдийн амьдрал доройтдог дүр зураг ажиглагдах болсон билээ.

  1. Төрөө дампуурлаас аваръя

Монгол Улсад Үндсэн хуулийн хямрал нүүрлэж, Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө “хуульгүй” мэт удирдах явдал хэрээс хэтрээд байна.                         Орон сууцны ипотек хариуцсан зөвлөх.

Улс орондоо засаглалын тогтвортой байдлыг хангаж, эрх мэдэлтнийг биш, эрх зүйт төрийг дээдэлсэн, түмэндээ ойртсон төрийн үйлчилгээ, улс төрөөс хараат бус, шударга хууль, шүүхийн тогтолцоог бий болгож, иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах засаглалын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгож, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн зааг, ялгааг тодорхой болгох нь зүйтэй байна.

Төрийн албаны тогтвортой байдлыг Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулж, төрийн захиргааны төв байгууллагуудын тоог цөөрүүлэх ёстой гэж үзэж байна.

  1. Түмэн олноо ядуурлаас гэтэлгэе

          Эдийн засгийн хямралын үед ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, ядуу иргэдээ хамгаалахад чиглэсэн  бодлого, арга хэмжээнд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

          Ядуурлыг бууруулахад юуны өмнө хөдөлмөрийн зах зээлийг сэргээж, иргэдээ байнгын ажилтай, орлоготой болгох явдал чухал зорилт болж байгаа бөгөөд Монгол хүний мэдлэг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага ч тавигдаж байна.

          Эдийн засгийн идэвхжлийг бий болгосноор ядуурлыг бууруулах боломжтой болох бөгөөд ингэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, үндэсний хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжих, бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн бизнесийн таатай орчинг бий болгох нь тулгамдсан зорилт болж байна.

          Ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгосон, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, хүн амын бололцоотой нь илүү татвар төлдөг, шударга татварын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эдийн засгаа дахин сэргээснээр түүний үр өгөөжийг нь хүн бүрт, ялангуяа ядуу, бага орлоготой иргэдэд түлхүү хуваарилах замаар дундаж давхаргыг дэмжсэн, хөгжлийн баримжаатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж,  Монгол хүн эх орондоо тав тухтай, сэтгэл тэнүүн, элбэг хангалуун амьдрах нөхцөл, бололцоог бий болгоно гэж найдаж байна.

  1. Эдийн засгаа хямралаас гаргая

Эрх баригчдын өнгөрсөн 4 жилийн эдийн засгийн алдаатай бодлогыг засч, улс орноо хямралаас гаргах нь тулгамдсан зорилт болоод байна. Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжүүлэх нь энэ хямралаас гарах нэн тэргүүний арга хэмжээ байх учиртай.

Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгож, төсвийн хөрөнгө оруулалтаар тэргүүлэх ач холбогдолтой, нэн шаардлагатай обьектуудыг санхүүжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг бараа, үйлчилгээ худалдан авахыг дэмжихийн зэрэгцээ,  гадаад валютын эрэлтийг өсгөхгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголбанк хууль зөрчиж, улс төрийн үйл ажиллагаанд хутгалдан орсноор хараат бус байдлаа алдаж, улмаар мөнгөний бодлогын хүрээнд ноцтой алдаа гаргасныг нэн даруй засч, Төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлага, хяналтын тогтолцоог чангатгах, хамтын шийдвэр гаргадаг болгох, Монголбанкны Ерөнхийлөгчийн мөнгө хэвлэн нийлүүлэх эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Монголоо хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч орон болох зорилт дэвшүүлж, өвөг дээдсээс өвлөсөн уламжлалт ХАА-н салбараа тэргүүлэх салбар болгон хөгжүүлснээр хүн амаа чанартай, аюулгүй,

эрүүл хүнсээр бүрэн хангахын зэрэгцээ экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Стратегийн ач холбогдолтой Тавантолгой, Төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлж, уул уурхай, эрчим хүчний салбараас Монгол улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллах нь зүйд нийцнэ.

  1. Эх орноо өрөөс чөлөөлье

Монгол Улсаа өрийн хүнд дарамтаас чөлөөлөх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд Чингис, Самурай, Хөгжлийн банкны зэрэг бондын эргэн төлөлтийг хийх хуримтлалын сан байгуулж, өрийн удирдлага, менежментийг сайжруулахад анхаарах учиртай.

Санхүүгийн салбарын эмзэг байдлыг бууруулах, засаглалыг сайжруулах эрсдлийн хөтөлбөр боловсруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ өрийн дарамтаас чөлөөлөх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Тухайлбал, Монголбанкны хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Хөгжлийн банкны Чингис, Самурай бонд, зээлийн зарцуулалтыг дүгнэж, төсөл хөтөлбөрт үнэлгээ хийх замаар зориулалт бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлэх ёстой.

Олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан хөтөлбөр боловсруулж, Монгол орноо хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх зорилтыг бид хамтдаа хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эдийн засгаа хямралаас - Эх орноо өрнөөс

Иргэдээ ядуурлаас – Төрөө дампуурлаас аварья

Монголоо аврах цаг ирлээ.