МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 24 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

2016/01/13 19:29 2110

Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахыг тунхагласан Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны түүхт 24 жилийн ой тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, сэтгэл зүтгэл, оюун ухаанаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, АИХ-ын депутатууд Та бүхэнд МАН-ын удирдлагын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг дэвшүүлье!

1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тухайн үеийн эрх баригч намын Улс Төрийн Товчоо сайн дураараа огцорсон, 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  нэг намын дангаар засаглахыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг халж улс төрийн олон ургалч ёсыг хүлээн зөвшөөрсөн зэрэг МАН-ын удирдлагын улс орныхоо эрх ашгийг эрхэмлэсэн ухаалаг, алсыг харсан холч шийдвэр нь Монгол Улсын хөгжлийн шинэ үеийн  эрх зүй, хууль тогтоомжийн шинэтгэлийн эхлэл байсан юм.

Дээрх шийдвэрийн дагуу 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ардын Их Хурлаас  “БНМАУ-ын төрийн байгууллагын  тогтолцооны тухай” тогтоол гаргаж төрийн дээд байгууллагуудын тогтолцоо, эрх зүйн үндсийг шинэтгэх арга замыг тодорхойлсон.

Түүнчлэн 1990 оны 05 дугаар сарын 10-нд “БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн хууль, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай зэрэг хуулиудыг шинээр гаргаж мөрдсөн юм.

 Улмаар 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олон нам оролцсон анхны ардчилсан сонгуулийг   амжилттай зохион байгуулсан нь түүхэн үйл явдал байв.

Сонгуулийн дүнгээр Ардын Их Хурлын нийт 430 суудлын  343 суудлыг МАН авснаар үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 хүн нам бусчуудаас нэр дэвшин сонгогдсон.

Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны 09 дүгээр сард болж Улсын Бага Хурлыг байгуулсан ба Улсын Бага Хуралд МАН 33 суудал авч мөн үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, МоАН 13, МСДН 4, МҮАН 3 суудал тус тус авсан байдаг.

МАН-ын төлөөлөл үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн шинэ парламент захиргаадалтын дэглэмийг бэхжүүлсэн хуулиудыг халж ардчилсан шинэ хуулиудыг батлан  мөрдүүлсэн нь энэ үеийн хууль тогтоомжийн эхлэл, шинэтгэлийн гол агуулга байв.

Эдгээр нь шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын үндэс тулгуур болсон бөгөөд түүнийг түшиглэн анхны  ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулж ард нийтээр гурван сар хэлэлцүүлсэн.

Нийгмийн бүх давхаргын 900 мянган хүнээс ирүүлсэн давхардсан тоогоор 200 мянган саналаас 44 хувийг нь тусгасан Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлын 53 гишүүн дөрвөн хэлэлцүүлэг дамжуулж хоёр удаа, Ардын Их Хурлын 430 депутат 50 гаруй хоног хоёр удаа үг нэгбүрчлэн нухацтай хэлэлцэж эцэст нь цэг, таслалгүй нягталж, уншиж, сонссоноор 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан түүхтэй.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдсөн 24 жилд Монгол орон улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой үр дүнд хүрч, Үндсэн хуулийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төрийн бүх шатны байгууллагыг чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг тогтолцоог бүрдүүлж чадсан нь Та бүхний түүхэн гавьяа мөн.

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг боловсронгуй болгох талаар санал, санаачилга олонтоо гарч зарим тохиолдолд хүч түрэн УИХ-аар хэлэлцүүлэхийг оролдох боллоо.

Мөн зарим нэр бүхий улс төрчид Үндсэн хуулийн манаач болох Үндсэн хуулийн цэцийн хууль ёсны шийдвэрт эгдүүцэх, Цэцийн бүрэн эрх, халдашгүй байдал, гишүүдийн хараат бус байдалд халдах, гүтгэх, улмаар улс төрийн шалтгаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуульд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөхөөр оролдох болсныг яавч хүлээн зөвшөөрөх ёсгүй.

МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэдэгтэй санал нэг байгаа.

Гэхдээ өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа санал, санаачилгыг нухацтай судалж шийдвэрлэх ёстой гэсэн байрь суурь баримталдаг.

Харин болохгүй, бүтэхгүй болгоныг, өөрсдийн алдаа дутагдлыг Үндсэн хууль руу чихдэг байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлээд нийтэд ил тод байж, иргэд, судлаачид болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах мөн Монгол Улсын Үндсэн хуулийн  үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарласан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх учиртай.

Хууль тогтоогчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ өмнө тулгамдсан асуудлыг бусад хуулиудаар зохицуулах боломж байгаа эсэхийг нягтлан судалж, Үндсэн хууль ба бусад хуулиудын уялдаа холбоог сайжруулах нь Үндсэн хуулийн үзэл санааг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хүчин зүйлийн нэг гэдгийг анхаарах ёстой гэж үзэж байна.

 

ТА БҮХЭНДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ!