Өнгөрсөн 25 жилд МАН-ын ололт амжилт ч их бий, алдсан алдаа ч бий

2015/10/27 16:07 1133

Өчигдөр өдрийн 13:00 цагт төрийн ордны их танхимд “Тулгарах бэрхшээлийг хамтдаа тодорхойлж, туулах гарцыг хамтдаа эрэлхийлье” уриан дор МАН-аас хэрэгжүүлж байгаа “Бид хамтдаа” аяны хүрээн дэх Үндэсний форум нээлтээ хийв.

Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн 22 намын төлөөллүүд урилгаар оролцож байгаа Үндэсний форумын нээлтийн хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат даргалж, Үндсэн илтгэлийг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд тавьсан юм.

МАН-ын дарга М.Энхболд 20 минут үргэлжилсэн үндсэн илтгэлдээ өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа эдийн засаг, санхүүгийн хямрал, түүнээс гарах арга замыг хамтран эрэлхийлэх, дэлхийн зах зээл дээр Монголын байгалийн баялагийн үнэ ханш унасаар байгаа нөхцөлд хойшдынхоо зорилгыг хэрхэн тодорхойлох гээд олон чухал асуудлыг багцлан хөндсөн байв. Илтгэл тавьсных нь дараа МАН-ын дарга М.Энхболдоос дараах тодруулга, ярилцлагыг авлаа.

 -Үндэсний форумын нээлтээс ажиглахад МАН энэхүү арга хэмжээндээ нэлээн их ач холбогдол өгч, улстөрийн бүх намууд, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагуудыг олон тоогоор урьж оролцуулж байгаа юм байна. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа үед энэ форумаас нэлээн үр дүн хүлээж, багагүй хөрөнгө зардлаар зохион байгуулж байгаа нь тодорхой. Энэ асуудлаар ярилцлагаа эхлэе?

 -За тийм ээ. МАН-ын Удирдах зөвлөл шийдвэрлэж Монголын бүх л улстөрийн хүчнүүд, мөн улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудад өөрсдийн байр суурийг илэрхийлж байдаг ТББ-ууд, эрдэмтэн мэргэд, судлаачид, нийгэм эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс, ер нь нийгэмд идэвхтэй байр суурь илэрхийлж байдаг иргэдийг Үндэсний форумд урин оролцуулж байна.

 МАН-ын зүгээс хойшид бидэнд тулгарах хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлох юм, түүнээс гарах гарцыг яаж тодорхойлох вэ гэдгийг хамтран ярилцахаар таван өдрийн “Бид хамтдаа” форумыг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ энэ форум нь өнөөдөр эхэлж байгаа асуудал бол огтхон ч биш. Бид энэ оны зургаан сарын дундуураас МАН-ын Удирдах зөвлөл Монголын бүх айл өрхүүдэд захидал илгээж “Бид хамтдаа” аяныг эхлүүлсэн юм.

 Өнгөрсөн зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх таван сарын хугацаанд УИХ-ын гишүүд, намын Удирдах зөвлөлийн гишүүд, орон нутгийн намын байгууллагын удирдлагууд Монгол Улсынхаа бүх өнцөг булан бүрт хүрч, ард иргэдтэйгээ тулж ажиллалаа. Манай орны өнцөг булан бүрийн иргэдээс МАН-д хандсан маш олон тооны захиа даалгавар, санал хүсэлт ирсээр байна.

 Эдгээр захиа даалгавар, санал хүсэлтээс хамгийн гол нь улс орны эдийн засаг, санхүүгийн байдал, ард түмний амжиргаа өдрөөс өдөрт муудаж байгаад сэтгэл зовсон, эмзэглэсэн захиа, илгээмж дийлэнх хувийг эзэлж байна. Улс орны эдийн засаг бодитойгоор хямарчихлаа, ирэх оноос их өр төлбөр төлж эхэлнэ, энэ бүх хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд ямар ямар үр дүнтэй, бодитой арга хэмжээ авч ажиллах вэ гэдэг дээр Монголын улстөрийн хамгийн тулхтай, туршлагатай намын хувьд МАН өөрийн байр суурийг илэрхийлээч, олноороо ярилцаач гэдэг санал маш их ирсэн.

 Тийм ч учраас бидний зүгээс таван сар үргэлжилсэн “Бид хамтдаа” аянаа үндсэнд нь дүгнэж, таван өдрийн хуралдаан, харилцан ярилцлага, хүндрэлээс гарах арга замыг хамтран эрэлхийлсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

 -Таван өдрийн хуралдаанд ямар ямар асуудлыг голлон авч үзэж, харилцан ярилцахаар төлөвлөсөн бэ?

-Хамгийн гол нь өнөөдрийн эдийн засгийн хямралаас хэрхэн хохирол багатай, ард түмнээ тэгтэл нь чирэгдүүлэхгүй гарах арга зам байж болох вэ гэдгийг ярилцана. Тэгээд улстөр, нийгэм, эдийн засаг, эдийн засаг дотроо үндэсний үйлдвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай гэх мэтчилэн салбар салбараар нь салгаж ярилцахаар хөтөлбөрөө боловсруулсан.

 Тэгээд баасан гарагт орон нутгаас ирсэн саналууд, энэ таван өдөрт эрдэмтэн, судлаачдын ярьсан санал, санаачлагуудыг үнэлж, дүгнээд ойрын ирээдүйд Монгол Улс өнөөдөр бий болчихсон хүндрэл бэрхшээлээсээ гарахын тулд, эдийн засаг, нийгмээ эрүүлжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг дээр нэг томоохон ойлголт, гарц, шийдэлтэй болъё гэсэн зорилготойгоор Үндэсний форумыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. 

-Та сая форумын үндсэн илтгэлдээ энэ арга хэмжээний гол зорилго нь “Монгол Улсын хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлоход оршино” гэсэн. Та бүхний гаргасан шийдвэрийг өнөөдрийн эрх баригчид хүлээж авах болов уу. Ер нь энэхүү форумаас гаргасан шийдвэрийг улстөрийн бүх хүчин хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна уу? 

-Бидний зүгээс улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 22 улстөрийн намын удирдлагуудад форумынхаа урилга, хөтөлбөрийг бүгдэд нь хүргүүлсэн. Тэгээд нээлтийн арга хэмжээн дээр парламентад суудалтай намууд байр сууриа илэрхийлэн үг хэлье гэж санал гаргасан юм. Тэр ч үүднээс намуудын удирдлагууд үгээ хэлж байна. 

Таван өдрийн хэлэлцүүлгийн явцад бусад улстөрийн намууд өнөөдрийн эдийн засгийн байдал, ер нь Монгол Улсад бий болоод байгаа улстөрийн нөхцөл байдал зэрэгт үнэлэлт дүгнэлтээ гаргаж хэлэлцүүлэх байх. Эрх баригчдад бусад намуудтай л адил урилга, хөтөлбөрөө хүргүүлсэн. Гэхдээ одоогоор хараахан хариу ирүүлээгүй байна. Эрх баригчид манай форумаас гаргасан санал санаачлага, тодорхой шийдвэрийг аль талаас нь, хэрхэн яаж дүгнэхийг одоо хэлэхэд арай эрт байна. 

-Монгол Улсад дөрвөн жилийн давтамжтай улстөр, эдийн засгийн бодлого хэрэгжсэн ч биш, хэрэгжээгүй ч биш үлгэн салган яваад байдаг тогтолцоотой болоод удаж байна. Ер нь хөгжлийн хэтийн бодлого, тасралтгүй үргэлжлэх учиртай төрийн хар хайрцагны бодлогын талаар МАН ямар байр суурьтай байдаг юм бол? 

-Мэдээж энэ бол маш чухал асуудал л даа. Ер нь Монгол орны ирээдүйн хөгжлийн стратеги, хөгжлийн гол баримтлах баримт бичгийг бий болгох нь амин чухал асуудал юм. Нэгдүгээрт хуулийн хүрээнд ийм хууль эрхзүйн орчныг тодорхойлох ёстой. Хоёрдугаарт яг бодитой хүрэх түвшин, өнөөдрийн байгаа нөхцөл байдал зэргээ тусгасан чиглэл стратегийг батлах ёстой. 

Энэ талаар манай намын зарим гишүүд УИХ-аас нэн яаралтай хөгжлийн тогтвортой баримт бичгийг батлан гаргах ёстой гэж тодорхой санаачилга дэвшүүлсэн ч харамсалтай нь хэлэлцэх асуудлын дэс дараалалд оруулахгүй, удаашруулсаар байгаа. Нэг сайн мэдээ нь УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг намрын чуулганд хэлэлцүүлж, ер нь Монгол Улс цаашдын хөгжлийн стратегийн баримт бичигтэй болно гэж мэдэгдсэн байгаа. 

Гэхдээ Монгол Улс өнөөдрийг хүртэл ирээдүйн хөгжлийн стратеги, бодлого чиглэлийг зангидсан хөгжлийн урт хугацааны баримт бичиггүй, ерөөсөө л УИХ-ын сонгуульд ялимгүй олонхи болсон аль нэг улстөрийн хүчин нь шууд өөрсдөө дур мэдэн төлөвлөөд яваад байсан уу гэвэл үгүй юм. Бид 2007 онд “Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэж томоохон баримт бичгийг боловсруулан гаргасан юм шүү дээ. 

Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэх, ажил болгох асуудалд сонгуульд ялалт байгуулсан улстөрийн хүчнүүд нь хайхарч үзэхгүй дур зоргоороо авирлаж, сонгуулийн амлалтаа зайлшгүй хэрэгжүүлэх хөтөлбөр мэтээр ихээхэн алдаатай бодлого явуулснаар улс орны эдийн засаг, санхүүг өнөөдрийн хямралд хүргэчихлээ л дээ. Тийм учраас улстөрийн ямар ч хүчин гарч ирсэн Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогоо хуульчилсан хуулийн хүрээнд явуулах, түүнийг зөрчихийн аргагүй байхаар эрхзүйн орчныг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа. 

-Өнөөдрийн эдийн засаг, санхүүгийн хямралд МАН ямар хариуцлага хүлээх вэ. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн өнгөрсөн 25 жилээс хамгийн олон буюу найман жилд нь МАН дангаараа засагласан байдаг. Харин өнөөдрийн эрх баригчид долоон жил, хамтраад 12 жил засагласан. Өнөөдрийн хямралын гол буруутан нь МАН гэж АН-ын зарим гишүүд ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Өнөөдрийн эдийн засаг, санхүүгийн хямралыг аваад үзвэл өнгөрсөн 25 жилд МАН-ын тухайд олсон ололт амжилт ч бий, тодорхой алдсан алдаа ч бий. Гэхдээ өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг аль нэг улстөрийн намд наах гээд, заавал хариуцлага үүрүүлэх гэх, эсвэл аль нэгийг нь магтаж урамшуулах гээд байх хэрэггүй, зохимжгүй юм. 

Энэ талаар “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” хэмээсэн дорно дахины мэргэн үг байдаг. Ер нь өнгөрсөн 25 жилийн түүхийг аваад үзвэл МАН дангаараа найман жил, АН долоон жил мөн л дангаараа засагласан. Тэгвэл хамтраад 12 жил ажиллахдаа ихэнхэд нь бидний зүгээс хамтран ажиллах, улс эх орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудаа хамтран ярилцаж, шийдээд явах санал санаачлагыг дэвшүүлж байсан. 

Өнгөрсөн хугацааны алдаа, оноог зайлшгүй хуваалцах ёстой улстөрийн гол хүчин бол яахын аргагүй МАН мөн. Түүнчлэн улстөр, нийгэм эдийн засгийн амьдралд улстөрийн бусад намуудын үүрэг оролцоо багагүй байсныг ч зүй ёсоор тэмдэглэх учиртай. Монголчууд шинэ нийгмийн тогтолцоог байгуулахдаа оносон нь олон ч мэдээгүй, чадаагүй, дутуу ухаарсан, туршлага дутсан, дулимаг гүйцэлдүүлсэн, эргэж буцсан цөөнгүй алдаа, дутагдал байсныг хэлэх ёстой. Энэ бүхний эцсийн үр дүн нь өнөөгийн бидний амьдарч буй нийгмийн дүр төрхийг бүрдүүлж байгаа юм. 

Эдийн засгийн их өндөр өсөлт буюу 2011 оны жилийн эцэст өмнөх оныхоо мөн үеэс 17.3 хувиар өсч байсныг дан ганц уул уурхайн салбартай холбож тайлбарлах нь зохимжгүй гэдгийг бид тухайн үед хэлж л байсан. Үнэхээр уул уурхайн салбар нөлөөлж байсан уу гэвэл тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан. 

Гэхдээ тухайн үед Монгол Улсын эдийн засаг нийгмийг авч явах бүхий л салбарын тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгын үүднээс УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд нь тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалтай маш сайн уялдаж байсан гэдгийг онцлон тэмдэглэх ёстой. 

Гэтэл шулуухан үнэнийг хэлэхэд сүүлийн гурван жил гаруйн хугацаанд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зориулалт нь тодорхой бус 2.1 тэрбум ам. долларын хоёр бондын өр зээл, тэгээд аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг боомилсон олон бодлогогүй үйл ажиллагааны улмаас Монгол Улсын эдийн засаг, санхүүд ноцтой хямрал нүүрлэлээ гэдгийг Монголын жирийн иргэд маш сайн ойлгож байгаа. 

Үндсэндээ Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн олон алдаатай бодлого, 2.1 тэрбум ам. долларын “Чингис”, “Самурай” бондын өр зээл, хүүгийн дарамт ирэх оноос манай эдийн засагт нэлээн хүчтэй мэдрэгдэж эхэлнэ. Гэтэл өнөөдрийн Шийдлийн Засгийн газар тэр их өр зээл, хүү төлөхөд бэлтгэлгүй шахам л сууцгааж байна. Энэ мэтчилэн өнөөдрийн манай форумаар хөндөх сэдэв, ярилцах асуудал маш өргөн хүрээг хамарна. 

Товчхондоо эх орны хөгжлийн гарц нь “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” бус хүний хөгжил, хүнээ дээдэлсэн, мэдлэгт суурилсан оюунлаг нийгэм гэдгийг ухаарах, тийш тэмүүлэх цаг болсон. Бид давын өмнө оюунлаг, чадварлаг, хүчирхэг Монгол хүн гэдэг брэндийг бий болгох ёстой. Мөн ажилгүйдлийн асуудалд онцгой анхаарахаас өөр арга байхгүй. 

Ажилгүйдэл нэмэгдэх нь бүтээмжийн өсөлтөд муугаар нөлөөлж, ажил хийх сонирхолтой хүмүүст тохирсон боломжийн ажлын байрны олдоц тааруухан байгаа нь Монгол Улсын хөгжлийг удаашруулах гол нөхцлийн нэг болсоор байгааг өнөөдрийн форумаар тодорхой ярилцах болно.

 

Өглөөний сонин