Цэц хотоо манахаа больчихлоо

2015/10/07 15:41 804

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс энэхүү хуулийн заалтыг 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлээд буй. Өөрөөр хэлбэл, төрийн бүх албан тушаалтан сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс ажил, албан тушаалаасаа түдгэлзэхгүйгээр сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм. Гэтэл энэ нь нэр дэвшигчид ижил гараанаас өрсөлдөх боломжийг хаахаас гадна тэнцвэргүй нөхцөл байдлыг үүсгэхээр болоод байна. 

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд эхний байдлаар хүлээж авах боломжгүй гэж үзэв. Ямартай ч Үндсэн хуулийн Цэцийн 12 тоот дүгнэлтийн талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

М.ЭНХБОЛД: ТӨРИЙН АЛБАНД ТОДОРХОЙ БОСГО, ШАЛГУУР БАЙХ ЁСТОЙ

Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоног бүр л Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт хэлэлцдэг боллоо. Цэц урд урдахаасаа илүү шуурхай ажиллаад, хурдан дүгнэлт гаргаад байгаа юм уу. Эсвэл ерөөсөө УИХ- ын баталж байгаа хууль, тогтоомж байгаа хэм хэмжээ, хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн, чанар чансаамуутай болоод байгаа юм уу гэдгийг бодох ёстой болоод байна.

Төрийн албан хаагчдын ажил албаа гүйцэтгэж байгаад нэр дэвших нь зүйтэй, зургаан сарын өмнө ажлаасаа чөлөө- лөгдөхөөр хүний эрх зөрчиж байна гэдэг дүгнэлтийг Цэцээс гаргасан байна л даа. Харин энэ талаарх өргөдлийг хэн, яаж өгснийг С.Баярцогт гишүүн сайн мэдэж байгаа юм билээ. “Энэ өргөдлийг арай өөр утгатай өгсөн, би үүнийг сайн мэдэж байна” гэж байсан. Өгүүлсэн ч байж магадгүй л дээ. Ер нь энэ Цэцийн дүгнэлтэд УИХ нэлээд анхааралтай хандаж баймаар байна. Жишээлбэл, өрийн босгыг гуравны хоёроор шийддэг байсныг ердийн олонхиор шийддэг болгосон.

Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох УИХ-ын гишүүний эрхийг Үндсэн хуулийн Цэц үгүй болгосон. Харин одоо сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид ажил албанаасаа чөлөөлөгдөхгүйгээр шууд өрсөлдөөнд ордог болох нь. Энэ мэтээр сүүлийн үед гарч байгаа үнэлэлт дүгнэлтийг харахаар тодорхой захиалгад үндэслэж гарч байна уу гэмээр. Цаана нь улс орон, ард түмний эрх ашиг байгааг бодож шийдвэр гаргаж байгаа эсэхийг харгалзаж байгаа эсэхэд эргэлзмээр. Улс орны эдийн засгийн байдал, хариуцлагын тогтолцооны хувьд ч тэр. Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байна, улс орны эдийн засаг, нийгмийн байдал ямар байна, хүмүүсийн санаа бодол, сэтгэгдэл ямар байгаа билээ.

Ийм үед ажлаа хийж чадахгүй байгаа гүйцэтгэх засаглалын нөхдүүдтэй хууль тогтоох байгууллага хариуцлага тооцох ёстой. Улс төрийн албан тушаалд ороход тодорхой шалгуур, босготой байх ёстой л доо. Бид тухайн үед ажилд орж байхдаа хууль дүрэмд нийцүүлээд л орж байсан. Гэтэл одоо улс төрийн албанд ороход шууд бусдаас давуу эрхтэй сонгуульд оролцож, сурталчилгаанд өөрийн ажил албан тушаал, эрх мэдлээ ашиглах бололцоог нь нээж өгч байна.

Тэгвэл цаана нь байгаа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллага, сайн дурынхан яах юм. Энэ хүмүүс нэг шатны дороос төрийн албан тушаалтнуудтай өрсөлддөг болох гэж байгааг эсэргүүцэж байна. Төрийн албанд орох гэж байгаа бол тодорхой хэмжээний шалгуур, босго байх ёстой. 

Д.ДЭМБЭРЭЛ: НЭР ДЭВШИГЧ ЗУРГААН САРЫН ӨМНӨ АЖЛАА ӨГӨХ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БИШ

-УИХ-аас Сонгуулийн хуульд өмнө нь оруулсан төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших зарчим үндсэндээ зөв. Учир нь, тэд төрийн алба хашиж байгаа албан хаагчид. Улс төрийн албан тушаалтан болоход ямар байдлаар хандах вэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт. Учир нь, төрийн албан хаагчид жирийн иргэдтэй ижил төвшинд өрсөлдөж байх ёстой гэдэг зарчим баримталсан юм.

Энэ нь ч шударга. Төрийн алба хашиж байсан хүн бол олонд танигдсан, нэр хүндтэй байдаг. Гэтэл жирийн нэр дэвшигчид ингэж олны танил болох магадлал тун бага. Энэ үүднээс төрийн албан хаагчдад сонгуулийн жил эхэлмэгц улс төрийн албан тушгаалаа өгсний дараа нэр дэвш гэсэн юм. Харин энэ зарчмыг Үндсэн хууль зөрчсөн гэх нь нийцтэй юм биш.

Яагаад гэвэл Цэц хүний эрхийг боогдуулсан, эрх, эрх чөлөөг нь хасах гэж оролдсон гэдэг утгаар дүгнэлт гаргасан байна лээ. Би хувьдаа ингэж үзэхгүй байгаа. Угаасаа төрийн албан хаагчдад төр тусгайлан шаардлага тавьдаг. Жишээ нь, төрийн алба хааж байгаа хүнийг бизнес эрхлэхийг хориглодог. Та энэ бизнестээ оролцохгүй шүү гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл тэр хүн ингэснээр миний эрх чөлөөг хааж боолоо гээд явдаггүй шүү дээ. Харин төрийн албан хаагчдын сон- гуульд оролцох эрхийг нь хаагаагүй.

Харин зургаан сарын өмнө төрийн ажлаа өгч байж, сонгуулийнхаа ажилд бэлтгэ. Жирийн иргэдтэй адил төвшинд очиж байж, нэг гараанаас сонгуулийн ажлаа эхэл гэдэг шаардлага тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил биш. Төрийн албан хаагчдын дотроос шийдвэр гаргадаг эрх бүхий хүмүүс зургаан сарын өмнө албан тушаалаа өгнө гэдэгтэй маргах хүн байхгүй гэж бодож байна. Учир нь төрийн өмчийн томоохон байгууллагын албан хаагч улс төрд орно гэж байгаа юм бол төрийн албаны нөөцийг ашиглаж болохгүй.

Төрийн албаны нөөц гэдэгт төрийн бүх өмч, төсөв хөрөнгө, машин, унаа техник хэрэгсэл, албан тушаалын нэр хүнд багтана. Тэгэхээр удирдах албан тушаалтнуудын эрхийг хөндлөө гэж Цэц хэлэх гэж байгаа бол Цэц дэндүү ерөнхийлж байна, ийм байх ёсгүй. Тэгээд ч энэ асуудлыг түрүүчийн сонгуулийн хууль гарах үед ярьж байсан юм. Тухайлбал, АН-ынхан “Танай намын гишүүд зонхилон төрийн алба хааж байгаа. Гэтэл бид энэ хүмүүстэй чинь яаж дүйж өрсөлдөөд санал авах юм” гэдэг асуудлыг тавьж байж ийм заалт оруулсан юм. Тэгвэл бид өнөөдөр хариуд нь хэлье л дээ.

Танай нам дөрвөн жил эрх барьж, намынхаа хүмүүсийг удирдах албан тушаалд томилчихоод Цэцээр ийм дүгнэлт гаргуулж байгаа нь ямар учиртай юм. Ер нь эд захиалгаар ийм дүгнэлт гаргуулж байгаа юм биш үү гэдэг хардлагыг бий болгоод байна. Тиймээс аль ч нам төрийн албан хаагчид сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол улс төрийн албан тушаалаасаа татгалзах ёстой.

Ө.ЭНХТҮВШИН: ЦЭЦ АН-Д ЗОРИУЛСАН ШИЙДВЭР ГАРГАЧИХЛАА

-Сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн төрийн ажил албаа хашсаар байгаад нэр дэвшинэ гэдэг бол эхний ээлжид тэнцвэргүй байдлыг үүсгэнэ. Учир нь, төрийн захиргааны албан хаагч бол тусгай албан хаагч. Тухайлбал, аль нэг яамны төрийн нарийн бичгийн дарга байна. Уг нь хуучин хуулиар тэр хүн одоогийн нөхцөлд ярьвал 2016 оны нэгдүгээр сарын 1 гэхэд ажил, албаа өгсөн байх ёстой. Гэтэл одоо Цэц шийдвэр гаргаснаар тэр хүн ажлаа хийсээр байгаад сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.

Харин энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүн яамныхаа төсөв мөнгө, унаа тэрэг, эрх мэдэл, хүн хүчийг бүгдийг ашиглаад нэр дэвшинэ. Ингэж тэнцвэргүй өрсөлдөөнд орсноор шууд ялалт байгуулна л гэсэн үг. Улсын хөрөнгийн сонгуулийнхаа кампанит ажилд зарцуулна гэсэн үг байгаа биз. Ийм нөхцөл үүсэх учраас хуульд зориуд зургаан сарын өмнө ажлаа өг гэдэг өөрчлөлт оруулсан юм шүү дээ. Түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын захирлууд бас л яг ийм тэнцвэргүй өрсөлдөөнд оролцохоор болчихоод байна. Гэтэл энэ хүмүүс асар их мөнгөн дээр суудаг учраас тэр үйлдвэрийн бүхий л санхүү хөрөнгө, унаа тэрэг, техник бүгдийг дайчлаад сонгуульд оролцож байхад яаж тэр хүнтэй чинь өрсөлдөх юм бэ.

Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр АН-д зориулсан юмыг л захиалгаар гаргачихлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын- хан манай намынхныг яам, тамгын газраас хөөж явуулчихаад одоо АН-ынхныг томилсон учраас тэдэнд давуу боломжийг олгож байж, сонгуульд ялах гэсэн санаа л явж байна шүү дээ. Маш харамсалтай. Үндсэн хуулийн манаач болсон Цэц нэг талдаа орчихсон, “хот”оо манахаа больчихсон. Ер нь ч сүүлийн саруудад Цэц АН-д үйлчилсэн хэд хэдэн шийдвэрийг шат дараатай гаргачихлаа шүү дээ. 

О.СОДБИЛЭГ: ЦЭЦИЙН ШИЙДВЭРҮҮД ЗАХИАЛГАТАЙ МЭТ ХАРАГДАЖ БАЙНА

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээд хүлээж авахгүй байхаар шийдсэн. Одоо нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. 2012 онд ийм байдлаар сонгууль болоод өнгөрсөн. Тэр үед төрийн албанд байсан маш олон хүн ажлаа түр өгөөд сонгуульд өрсөлдөжбайсан. Ингэж шийдэж байсан нь төрийн алба хашиж байгаа хүн жирийн иргэнийг бодвол ажил албан тушаалаа ашиглахаас гадна нэр дэвшиж байгаа бусад энгийн иргэнээс илүү давуу талтай байх юм байна гэдэг үүднээс энэ байдлыг хаасан байдаг.

Төрийн унаа хөсөг, сүлжээ, ажилтнууд гэх мэтээр өөрт байгаа бүх боломжоо сонгуульд ашиглахвий гэдгээс хамгаалж ийм заалт оруулсан. Гэтэл одоо үүнийг яагаад өөрчлөх гээд байгаа нь их сонин. Ялангуяа гуравны хоёрыг үгүй хийсэн, улсын чухал шаардлагатай асуудлыг хэлэлцэхэд цөөн хэдэн фракци нийлээд тухайн өдрийн хуралд олонх болоод асуудлыг хөндөнө гэх мэт байдлыг үгүй хийсэн нь буруу гэж үзэж байгаа.

Нөгөөтэйгүүр С.Баярцогт сайдыг ярьж байхад УИХ- ын гишүүн сайд огцруулах санал гаргаж болохгүй гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан. Үүнд гишүүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь, Цэц хамгийн тогтвортой, буурь суурьтай төрийн институци гэж бид хардаг. Тиймээс Цэц УИХ-ын үйл ажиллагаанд юмуу өмнө нь гарсан, хэрэгжиж байгаа зүйлийг өөрчллөх шийдвэ- рийг дараалан гаргаж байгаа нь Цэц буурь сууриа алдчихсан мэт харагдаж байна л даа. Гэхдээ Цэц энэ шийдвэрийг АН-ын захиалгаар хийсэн эсэхийг нотлох боломжгүй.

Гэхдээ Цэцээс сүүлийн үед гаргасан шийдвэрийг харахаар ийм байдал ажиглагдаад байгаа юм. Тухайлбал, гишүүдийн гуравны хоёрыг үгүй болгосон шийдвэрт АН-аас сонгогдсон Р.Гончигдорж гишүүн өргөдөл өгсөн байгаа юм. Ингэхдээ иргэн Р.Гончигдорж гэж өргөдөл өгсөн байх жишээтэй. Эрх баригч АН нэр хүндээ алдаж байна, байгаа боломжоо ашиглаж сонгуульд оролцох нь гэдэг хардлага яваад байгаа нь Цэцийн сүүлийн шийдвэрээс харагдаад байгаа юм л даа. Хэрвээ энэ асуудлыг олонхоор дэмжчихвэл төрийн албанд байгаа эрх мэдэлтэй хүмүүс сонгуульд нөлөөлөхгүй байхыг хатуу зааж өгөх хэрэгтэй. Мөн төрийн албанд байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглаж бусдаас давуу талтайгаар сонгуульд орохыг хааж өгөх гарцыг харах хэрэгтэй.

 

Монголын үнэн