Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2017/05/18 11:58 197

 

2017 оны 05 сарын 18 өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ. 

 

2 дугаар  зүйл.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.

 

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө.

 

4 дүгээр зүйл.2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно.

 

5 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                Ц.НЯМДОРЖ