Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

2018/05/18 11:31 504

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

     Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Мөн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

     Ирэх онд төсвийн орлого огцом өсөх дүр зураг харагдаж байгаа учраас үүнтэй уялдуулан ирээдүйн хөрөнгө оруулалтыг бодитойгоор бий болгоход анхаарах, татварын орчныг тогтвортой байлгах, төсвийг алдагдалгүй батлах зарчим барих, гадаадын зээл тусламжийг зөв зохистой ашиглаж үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл, орон нутгийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, төрийн албан хаагчдын цалинг төсвийн орлогын бодит өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын бүтцийг оновчтой болгож, төсөв хэмнэх бүх боломжийг дайчлах шаардлагатай байгааг намын бүлгийн санал, дүгнэлтэд дурдсан байна.

   Байнгын хорооны болон намын бүлгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Н.Оюундарь, М.Билэгт, О.Баасанхүү, Б.Баттөмөр нарын гишүүд эдийн засгийн өсөлт, татварын орлогын бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтыг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд хэрхэн тооцож тусгасан, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бичил бизнесийг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит боломж байгаа эсэхийг тодруулж, цаашид төсвийг алдагдалгүй батлах зарчимд шилжих, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч, эгнэ чиглэлээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг хэлж байв.    

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн өсөлт 2018 онд 6.1 хувь, 2019 онд 8 хувь байна гэж тооцож байгаа. Валютын нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засгийн нааштай үзүүлэлтийн нэг  хэдий ч энэ нь Засгийн газрын дур мэдэж зарцуулдаг мөнгө биш. Гол нь эдийн засгийн зөв бодлого чухал. Олсноо бүгдийг зараад байж болохгүй, өмнөх өр зээлээ төлөөд зохих хуримтлал бий болгоход анхаарах нь чухал байна. Энэ онд гэхэд гадаадын зээлд тусламжийн хүүгийн зардалд 1.4 их наяд төгрөг, ирэх онд 700 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байгаа.

     Эдийн засагт нааштай эхлэлүүд гарч байна, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлж байна. Энэ нь зөв бодлогын үр дүн гэж үзэж байгаа. Засгийн газар арилжааны банкуудаас огт зээл авахгүй байгаа, тэр хэрээр бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зээл хүрч байна гэсэн үг. Мөн төсвийн мөнгийг арилжааны банкуудад байршуулсан байсныг буцаан татаж төрийн санд төвлөрүүлсэн. Ингэснээр Засгийн газрын хөрөнгө, санхүүгийн удирдлагыг оновчтой болгож чадсан. Зээлийн хүү бага ч гэсэн буурч байгаа, цаашдаа энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авч ажиллана. Үүний үндсэн нөхцөл нь эдийн засгийн зөв бодлого юм. Өр зээлийн түвшин өндөр, төсвийн алдагдал их байхад зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих боломжгүй, энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг.

     Татварын орчныг тогтвортой байлгах, бааз суурийг өргөтгөх, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх үүднээс татварын багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна. Ганц баримт дурдахад 398 аж ахуйн нэгж нь манай татварын орлогын 85 хувийг бүрдүүлдэг, иймээс татварын бааз суурийг өргөтгөх, нөөцийг дайчлах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг хэллээ.

    Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн уялдааг хангахад Эдийн засгийн байнгын хороо анхаарах, шаардлагатай бол хоёр Байнгын хороо хамтарч хуралдах чиглэлийг хуралдаан даргалагч өгөв.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

     Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий таван гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан юм.

     Татварын ерөнхий газрын статистик мэдээгээр 2017 оны байдлаар манай улсад бүртгэлтэй 155065 аж ахуйн нэгжээс 78585 нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 86 хувь буюу 67612 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаардаг. Энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 57 хувийг эзэлж байгаа аж.

     Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26,454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40628 ажлын байр шинээр бий болж, 25417 ажлын байр хадгалагдсан болЗээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102.2 тэрбум төгрөгийн зээлд 42.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газраас  удаа дараа авч хэрэгжүүлж ирсэн байна.

    Гэвч улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүссэн учраас нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

   Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томъёолсон. Мөн тэдгээрийн ангиллыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан гэдгийг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдлаа.

     Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, М.Билэгт, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Н.Учрал, Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан уг хуулийн төсөл нь цаг үеэ олсон, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг бодит орлогын эх үүсвэртэй, тогтсон ажлын байртай болгох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн чухал зохицуулалтыг тусгасан учраас хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

    Төсөл санаачлагч гишүүн Ж.Ганбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, одоо хэрэгжиж байгаа хуульд байгаа тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан. Статистик мэдээллээс үзэхэд жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллагсдыгтооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 88.6 хувь нь 1-9, 6 хувь нь 10-19, 3,6 хувь нь 20-49, 1.8 хувь нь 199 хүртэл ажиллагсадтай байна. Харин борлуулалтын орлогын ангиллаар авч үзвэл 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээс 50 хүртэл сая төгрөгийн борлуулалттай нь 59 хувь буюу жижиг, дунд үйлдвэрийн талаас илүү хувь нь бичил үйлдвэрлэл эрхлэгч байгаа юм. Иймээс  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгасан. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн.

   Түүнчлэн хуулийн үйлчлэх хүрээнээс иргэнийг гаргаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар Жижиг, дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан.  Хуулийн үйлчлэх хүрээг илүү нарийвчлан тогтоож, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд зориулагдах ёстой санхүүжилтийг өөр зорилгоор зориулалт бусаар ашигладаг байдлыг хязгаарлах; ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхлыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлж, ажилчдын тоо өсөх тусам Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас болон банкаар дамжуулж олгох зээлийн хэмжээ нэмэгддэг байх зохицуулалтыг тусгасан.

    Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн үзэл баримтлал, төслийн эх бичвэрийн төслийг боловсруулан төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 800 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгасан гэдгээ хэллээ. Мөн Хуулийн тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны (http://forum.parliament.mn/projects/299) сайтад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хуулийн төслийг холбогдох бусад материалын хамт байршуулж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 3463 удаагийн хандалт хийгдсэнийг дурдлаа.

    Ингээд ажлын цаг дууссан тул чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

     Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслүүд, мөн болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.