Сүүний салбарын бодлого, хэрэгжилтийн асуудлаар уулзалт хийлээ

2018/04/30 07:30 578

УИХ-ын даргын Ажлын алба, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын алба хамтран сүүний салбарын бодлого, хэрэгжилтийн асуудлаар ажлын уулзалтыг Төрийн ордонд 2018.04.27-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯам)-ны бодлогын газрууд болон сүүний салбарын үнэ цэнийн хэлхээнд оролцогч талууд болох малын тэжээл үйлдвэрлэгч, фермер, сүү үйлдвэрлэгч, сүлжээ дэлгүүр, арилжааны банк, мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл оролцлоо.

ХХААХҮЯ-аас уулзалтын эхэнд Засгийн газрын сүүний салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, энэ онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээг танилцуулж, цаашид хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлд төсөвт тусгагдсан эх үүсвэрийг хэрхэн оновчтой, үр ашигтай зарцуулах талаар санал, шийдлийг нээлттэй ярилцлаа.

Уулзалтын үеэр сүүний нэмүү өртгийн сүлжээний хамгийн эмзэг цэг нь түүхий сүүний нийлүүлэлт буюу фермерийн аж ахуй гэдэг дээр санал нэгдэж, энэ хэсгийг дэмжих бодлогыг, тухайлбал фермер, малчин гэсэн ойлголт, үйл ажиллагааг хуульчилж өгөх, фермерийн сүүний гарцын статистик, бүртгэл, стандартыг сайжруулах, инноваци, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрт сүү нийлүүлсэн фермерт татаас олгох, худалдааны гэрээ хэлцлийг анхаарах зэрэг чухал асуудлыг хөндлөө.

Түүнчлэн хуралд оролцогчдын зүгээс УИХ-ын дарга М.Энхболдын санаачилсан "Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих" уриалгыг дэмжиж, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг эрчимжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриалга, зорилтоо бодит үр дүнд хүргэх тал дээр онцгой анхаарахыг хүслээ. 

Энэ дашрамд сануулахад УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны нэгдүгээр сард "Уламжлалт цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээг дэмжих" уриалга гаргаж, энэхүү санаачилгыг дэмжин үндэсний уламжлалт цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд хандан уриалж, зарлиг гаргаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, түүнчлэн үйлдвэрлэлийн чанар, стандартыг хангуулах, статистик мэдээлэл, хүний нөөц, тээвэр, ложистик, мэдээллийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрөл, инноваци, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авах саналыг Засгийн газрын тэргүүнд хандан албан тоот явуулсан байдаг. 

Энэ үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын дунд хоол боловсруулах, зүрх-судасны тогтолцооны өвчний суурь болж байна. Эрүүл мэндийн салбарын 2016 оны судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд хоол боловсруулах тогтолцооны өвчин 55.2 хувиар, зүрх-судасны тогтолцооны өвчин 74.4 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 6-8 настнуудын хувьд 85 хувьтай, олон улсын жишиг үзүүлэлт болох 12 настнуудын хувьд 94 хувьтай байна.

Хүнсний зохисгүй хэрэглээ нь нэг талаас цагаан идээний үнэ, үйлдвэрлэлийн чанар, стандарт, аюулгүй байдал, нийлүүлэлт, нөгөө талаас иргэдийн буруу дадал зуршил, зохистой хүнсний хэрэглээний мэдлэг хангалтгүй байгаатай тус тус холбоотой гэж үзэж байна. Тиймээс иргэн бүр сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам зохистой хэрэглэх бололцоог олгох тал дээр төр засгийн зүгээс шийдвэртэй алхам хийх цаг болжээ.