Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2018/04/26 09:23 1320

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын  Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм. 

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм.