Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.04.16-20/

2018/04/23 09:01 505

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулахаар болов. 2018.04.17 http://www.parliament.mn/n/5jey

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй. Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжив. 2018.04.17http://www.parliament.mn/n/53ey

 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. Төсөлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар, уг асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. 2018.04.18http://parliament.mn/n/htey

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэн  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг дэмжив. Дараа нь “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг дэмжив. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг дэмжиж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Хуралдааны төгсгөлд ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо. 2018.04.18 http://parliament.mn/n/hiey

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Мөн хуралдаанаар Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2018.04.18 http://parliament.mn/n/h7ey

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Батлан хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов. Үргэлжлүүлэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрх, мөн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл, “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд тус тус гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөв. 2018.04.18 http://www.parliament.mn/n/7fey

 

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. 2018.04.18 http://www.parliament.mn/n/7pey

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 08 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрөөс нийгмийн ажлын талаар баримтлах нэгдсэн бодлогыг шинэчлэх, мэргэжлийн тогтолцоо болон нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох, нийгмийн ажил үйлчилгээг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсэг хуралдав. 2018.04.18 http://www.parliament.mn/n/7jey

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцахаар тогтлоо. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. 2018.04.18http://www.parliament.mn/n/7tey

 

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын батлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Хуралдааны төгсгөлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.04.19 http://www.parliament.mn/n/6pey

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.04.19 http://www.parliament.mn/n/6tey

 

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараа нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 2018.04.19 http://www.parliament.mn/n/6iey

 

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. 2018.04.20http://www.parliament.mn/n/ypeo

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов. 2018.04.20 http://www.parliament.mn/n/yteo

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт”-ын талаар  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Дараа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд  Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 2018.04.20 http://www.parliament.mn/n/yieo