УИХ-ын дарга М.Энхболд: УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай байдаг

2018/04/09 17:09 679

Тэрбээр УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ, нийт үндэстэн, улсын эрх ашгийг эн тэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ УИХ-ын гишүүддээ хандан уриаллаа.  

Иргэд, сонгогчидтойгоо уулзаж явахдаа Та бүхэн “хариуцлага, ёсзүй” гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. 

Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ.

  Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.   

Бидэнд эрх зүйт төрийг улмаар төлөвшүүлэх, улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, саад бэрхшээлээ арилгах чиглэлээр шийдвэл зохих асуудал, засах нь зайлшгүй алдаа, хийх нь гарцаагүй шинэчлэлийн аль аль нь бий. Гэхдээ өөрчлөн сайжруулах нэрээр нийгмийн сэтгэл зүйг зориуд бэлдсэн буруу технологиор угаах, эмх замбараагүй байдалд турхирахыг оролдох нь яавч сайн зүйл биш.  Тиймээс нийт үндэстэн, улсын эрх ашгийг эн тэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ УИХ-ын гишүүддээ хандан уриалъя.