УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын илгээсэн мэндчилгээ

2014/03/07 16:16 796

Монголын нийт эхчүүд, эмэгтэйчүүд ээ,

Эх орны өнгө жавхаа, өрх гэрийн гэрэл гэгээ, улс орны түшиг тулгуур  болсон элбэрэлт эхчүүд, эмэгтэйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, баяр баясал, инээд хөөр, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үе үеийн эхчүүд, эмэгтэйчүүд  улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж гарамгай гавъяа байгуулсныг  түүх гэрчилнэ.

Монгол эмэгтэйчүүд тэсвэр хатуужилтай, ажилч хичээнгүй, амьдрах эрч хүчтэй, хань ижил, үр хүүхэддээ хайр халамжтай,  чин үнэнч амьдрахын үлгэр дуурайлал болсоор ирсэн.

Өнөөдөр эхчүүд, эмэгтэйчүүд улс орны хөгжил цэцэглэлт, төр, түмнийхээ төлөө нийгмийн бүхий л салбарт өөрсдийн мэдлэг боловсрол, билэг оюун, авъяас чадвараа дайчлан идэвхитэй оролцож манлайлах  үүрэг, хариуцлагаа өндөрт өргөж явааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

МАН засгийн эрх барьж байхдаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан “Мянганы тунхаглал”  түүхэн баримт бичгийг хүлээн авч, түүнд эмэгтэйчүүдийн талаар дэвшүүлсэн асуудлуудыг ажил хэрэг болгож  Жендерийн тэгш байдлыг хангах тухай, Одонтой эхчүүдийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх тухай хуулиудыг санаачлан УИХ-аар батлуулж, Сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг тодорхой болгосон билээ.

Мөн шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор бүх  шатны сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар намынхаа дүрмэнд тусгасан анхны улс төрийн хүчин бөгөөд өнөөдөр үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.

Цаашид бид хөдөлмөрийн насны иргэдийн 51,7 хувь, нийт ажиллагсдын 49 хувь, их дээд сургууль төгсөгчдийн 61 хувь, багш сурган хүмүүжүүлэгчдийн 79 хувь, эрүүл мэндийн салбарт ажиллагсадын 82 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн асуудалд илүү их анхаарч ажиллах болно.

Эхчүүд эмэгтэйчүүдийн талаар төрийн бодлогод тусгах, төлөвлөн хэрэгжүүлэх  ажил асар их байна.  Тухайлбал, өрх толгойлсон эмэгтэйчүүд, жижиг, дунд болон өрхийн бизнес эрхлэгчид, хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,  гадаад оронд эрх нь зөрчигдөж байгаа буюу  гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн асуудалд анхаарах шаардлагатай байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо энэ  оны нэгдүгээр сарын байдлаар 42,5 мянга байгаагаас  22,8 мянга нь эмэгтэйчүүд  байна. Энэ нь эмэгтэйчүүдийн ажилгүйдэл өмнөх оны мөн үеийнхээс 2,4 пунктээр өссөн үзүүлэлт харагдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

Шинэчлэлийн засгийн газрын үед мэргэшсэн төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг ажлаас халж,  улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  талаарх төрийн бодлого үгүйлэгдэж байна.

 Энэ нь  цаашид гэр бүл, эмэгтэйчүүд, жендэрийн асуудлаар алсын хараатай, шинжлэх ухааны үндэстэй төрийн бодлогыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг нь уялдуулан зохицуулах байгууллага бий болгох шаардлагатайг  харуулж байна.

Монголын хатан ухаант эмэгтэйчүүддээ уламжлал, ёс заншилаа эрхэмлэн дээдлэж, өргөө цагаан  гэрээ  гэрэлтүүлэн гийгүүлж,  айл  хотлоороо өнөр өтгөн  эвтэй найртай, энх тунх, элэг бүтэн байж,  гал голомтоо  өнө мөнхөд бадрааж явахын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголын үзэсгэлэнт саран гоо  эхчүүд, эмэгтэйчүүдийг маань  сэтгэлийн  сүүн цагаан цацал нь ивээх болтугай.

 УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд

Vip76.mn