УИХ-ын дарга М.Энхболд: Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе

2018/04/09 14:32 924

Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ гэдгийг УИХ-ын дарга сануулж байна.

УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, ДулааныIII цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Уртчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа.

Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа. Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ?

Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа. Ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.

УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газар саналаа оруулж ир. Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе.