БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа

2018/04/06 17:27 542

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Эрхэмсэг ноён, Ерөнхий сайд Бинали Йылдырымийг Монгол Улсад тавтай морилон саатахыг хүсээд, “Ерөнхий сайд Таны энэ удаагийн айлчлал Монгол, Туркийн харилцааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх олон чухал асуудлаар хэлэлцэн тохиролцсонд баяртай байна. Турк бол манай гуравдагч хөрш, олон зууны турш хөрш зэргэлдээ хаяа дэрлэн оршин нутаглаж байсан ахан дүүсийн эх орон. Тиймээс  бид Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг” гэв.

Тэрбээр сарын өмнө БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар БНТУ-д албан ёсны айлчлал хийснээ дурдаад, “Хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн таатай орчин чухал нөлөөтэй. Миний айлчлалын үеэр Парламент хооронд 2022 он хүртэл хамтран ажиллах стратеги төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёр орны парламентын хамтын ажиллагааг БНТУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан өндрөөр үнэлснийг тэмдэглэж хэлэхэд таатай байна” хэмээн онцоллоо. 

Ноён Бинали Йылдырым хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, “Монгол бол өвөг дээдсийн маань нутаг учраас бидний сэтгэл зүрхэнд онцгой байр эзэлдэг. Монгол Улс Туркийг гуравдагч хөршөө хэмээн үздэгт нэн таатай байдаг” хэмээн онцоллоо.

Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын улстөрчийнхөө хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Ерөнхий сайдаар Таныг ажиллаж байхад Турк, Монголын харилцаанд томоохон дэвшил гарч байв. Түүнчлэн Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хоёр нийслэлийн хооронд шууд хэлхээ холбоо тогтоосонд талархдаг” гэв.

Ноён Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар дэлгэрэнгүй хөндөж ярилцсан. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байгаа боломжийнхоо түвшинд хүрэхгүй байгаа тул хэрхэн сайжруулах талаар санал бодлоо илэн далангүй солилцлоо. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд шууд нислэгийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Харилцаа холбоо, тээвэргүйгээр хамтын ажиллагаа урагш ахихгүй. Манай иргэд өвөг дээдсийнхээ нутагт ирэх маш их сонирхолтой байдаг. Түүнчлэн Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг ажил хэрэг болгох асуудлыг бид эхлээд байгаа” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол дахь турк сургуулиудыг БНТУ-ын Үндэсний боловсролын яамны дэргэдэх “Маариф” санд шилжүүлэх тухай асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд эдгээр сургуульд суралцаж буй монгол хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй байх нь чухал болохыг онцлоод, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны гадаад худалдааны эргэлт 31.7 сая ам.доллар байгаа нь үнэхээр чамлалттай болохыг тэмдэглээд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын шууд хэлхээ холбоог өргөжүүлэхийн тулд хамтарсан уулзалт, семинар зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулах, үүнд нь төр, засгаас дэмжлэг үзүүлэх явдал чухал. БНТУ-д хийсэн айлчлалаар Истанбул хотноо Туркийн Гадаадтай эдийн засгаар харилцах зөвлөл, Зөвлөл дэх Турк-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны удирдлагуудтай уулзах үеэр хамтран ажиллах маш таатай хөрс суурь байгааг бүрэн ойлгосон. Мах, сүү, газар тариалан, жимс, ногооны үйлдвэрлэл, экспорт, импорт, барилга, зам гүүрийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт гээд боломжит салбар олон байна. Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжих нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцнэ гэж үзэж байна.

Хоёр улс боловсролын салбарын хамтын ажиллагаанд томоохон туршлага хуримтлуулсан. Монголын олон залуус Туркт боловсрол эзэмшиж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Цаашид суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавихыг хүсье гэв. Түүнчлэн шууд нислэгийг нэмэгдүүлэх асуудлаар хоёр талын иргэний агаарын тээвэрлэгчид болон Иргэний нисэхийн байгууллага ойрын үед уулзаж, харилцан ашигтай байх шийдлийг олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарыг либералчлах бодлого хэрэгжүүлэхээр судалгаа хийж байгаа” хэмээн тэмдэглэв.

Тэрбээр Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ТИКА-гаас Монгол Улсад хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын түвшинд харилцан бие биенийг дэмжсээр ирсэн бөгөөд цаашид энэ уламжлалт байр суурь үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа онцлов.

Ноён Бинали Йылдырым Туркийн их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэх асуудлыг нааштайгаар шийдэж, ТИКА-гийн шугамаар Монголын ард түмэнд тустай, нийгмийн чиглэлийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэлээ.

Уулзалтын үеэр ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүргэсэн далайцтай амжилтаар угтах, урлаг соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв.

Уулзалтад Туркийн талаас БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу, Соёл, аялал жуулчлалын сайд Нуман Куртулмуш, Тээвэр, далайн хэрэг, харилцаа холбооны сайд Ахмет Арслан, Үндэсний Их Хурлын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоан, Үндэсний Их Хурлын гишүүн Хүсэйн Кожабыек, Аядын Үнал, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс байлцав.