М.Энхболд: МАХН хоёрхон жилийн түүхтэй

2014/03/06 16:07 748

МАН-ын дарга М.Энхболдыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр ахмадууд тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл гонсгор байгаагаа хэлжээ.

Мөн гуравдугаар сарын 1-ний Эх орончдын баярыг МАХН өөрийнх нь баярын өдөр хэмээн тэмдэглэж, ярьж байгааг юу гэж ойлгох вэ, малын гоц халдварт шүлхий өвчин газар авлаа, энэ асуудлаар Засгийн газарт  яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэхчилэн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Үүнд МАН-ын дарга М.Энхболд:

“МАХН хоёрхон жилийн түүхтэй. Манай намын гишүүн байсан хүмүүс энэ намыг байгуулсан. Хэсэг бүлэг хүмүүс нийлээд ямар ч нам байгуулж болно. Харин нэгнийхээ нэрийг авчихаад хийсэн бүтээсэн ажил, өнгөрсөн түүхийг өөр дээрээ наах үйлдэл гаргаж байгааг нь би болон манай намын гишүүд зохимжгүй үйлдэл гэж үзэж байгаа.

Хоёр жилийн түүхтэй  нам XX зууны Монгол орны цэцэглэлт, хөгжилт бүтээн байгуулалтын өнгөтэй өөдтэй бүхнийг манай намын хийсэн бүтээсэн зүйл гэж яриад, 93 жилийн ойг тэмдэглэж таарахгүй”  гэлээ. Тэрбээр цааш нь “Хариуцлага тооцох тогтолцоог өнөөгийн эрх баригчид үл ойшоодог  хэмээн шүүмжилсэн. Үүний тод томруун жишээ өнгөрсөн оны наймдугаар сард улс орны эдийн засаг хүнд нөхцөл байдалд орох нь гэдгийг мэдэрч ээлжит  бус чуулган хуралдуулах тухай санал гаргасан ч авч хэлэлцээгүй.

Гэхдээ бид хойш суухгүй. Улам шамдаж, шавдуулж ажиллана.

Үүнээс хойш хэд хэдэн асуудлаар сайд нарт хариуцлага тооцох тухай санал дэвшүүлсэн ч авч хэлэлцээгүй. Хариуцлага тооцох тухай  асуудлыг үл ойшоодог  ийм л  Засгийн газар. Гэхдээ бид хойш суухгүй. Улам шамдаж, шавдуулж ажиллана. Хариуцлага тооцох асуудлыг өөрийн нам дотроо ч авч хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Шүлхийтэй холбоотой асуудалд ч Засгийн газар хариуцлага хүлээх ёстой.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шүлхийн анхны дуудлага Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Гэтэл малын гоц халдварт шүлхийтэй холбоотой асуудлыг хоёрдугаар сарын 14-нд Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцсэн. Улсын нөөцийн санд нэг ширхэг ч вакцин байхгүй байсан. Одоо ирж байгаа вакцин нь хөлдсөн гэж дуулсан. Гэхдээ албан ёсны мэдээлэл байхгүй байна. Хэрэв энэ үнэн бол хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөхөөс аргагүй” гэсэн тайлбар хийсэн юм.

МАН-ын дарга М.Энхболд болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, мөн тус намын газрын дарга нарын орон нутагт хийж байгаа томилолт үргэлжилж байна.

News.mn