Мэндчилгээ

2014/02/28 16:00 608

Эх орончдын өдөр, Монгол ардын нам байгуулагдсаны 93 жилийн ойд

Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд Та бүхэндээ Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 Үе үеийн эх орончид төр улсыг авч явсан гэдэгт би итгэдэг ээ. Дэлхийд анхдагч төрт улсыг бий болгох, ертөнцийн хамгийн агуу эзэнт гүрнийг нэгтгэн байгуулах, эх орноо харийн дарлалаас чөлөөлөх, их гүрний хатуу бодлогыг эв ухаан, эр зоригоороо даван туулах, улсаа хөгжүүлж, урагшлах замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэх мэтчилэн өнгөрсөн түүхийн улбаа бүхэн үе үеийн халуун эх орончдын зам мөр билээ. Одоогоос 20 гаруй жилийн өмнө үндэсний эрх ашиг, эв нэгдлээ эрхэмлэн монголчууд бид ардчилал, зах зээлийн хөгжлийн замыг сонгосон. Энэ түүхэн үйл хэрэгт Монгол Ардын Нам манлайлан оролцож, өнөөдрийг хүртэл тууштай түүчээлэн авч явж байна.

Өнөөдрийг бий болгосон үе үеийн эх орончдыг бид мартах ёсгүй. Тэдний байгуулсан гавьяа, түүхэн үйл хэргийг бүдгэрүүлж, үгүйсгэх аливаа оролдлого бүр ч байж болохгүй. Өнгөрсөн байгаагүй бол өнөөдөр ч байхгүй. Энэ үгийг би өөрсдийнхөө өнөөдрийн явцуу эрх ашгийн төлөө өнгөрсөн түүхийг бүдгэрүүлэн үгүйсгэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж буй эрх баригчдад хандан зориуд цохон тэмдэглэж байна. Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын тулгуур үзэл баримтлал, язгуур эрх ашиг бол эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол эх орон маань юм.

Эх орон гэдэг иргэдийнхээ нэгдэл, зүтгэл, итгэл, хүндлэл, хариуцлага дээр оршин тогтнодог. Энэ бүхэн нэгдэж эх оронч үзэл бий болдог. Монгол Ардын Нам үүсэн бий болсон цагаасаа эх оронч үзлээр улсынхаа хөгжил дэвшилд туршлагатай, тулхтай, тооцоотой, сэтгэлтэй хандаж ирсэн. Энэ бүхнийг төлөвлөгөөт жилүүдийн аяныг зарлаж, иргэдийнхээ эрүүл мэнд, суурь боловсрол, гадаад харилцаа, атар газар эзэмшилт, их бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, соёлын довтолгоо зэрэг тодорхой асуудлуудыг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэж, эх орноо тасралтгүй хөгжүүлж ирснээс харж болох юм.

Шилжилт, шинэчлэлтийн түүхэн цаг үед Монголчууд бидэнд алдаа онооны аль аль нь байсан. Эх орончдын сэтгэл зүтгэлээр сүндэрлэсэн эх орны 70 жилийн бүтээн байгуулалтын үлэмж хэсэг “шинэчлэгчид”-ийн буруу үйл ажиллагааны уршгаар хэрхэн үгүй болсон, эцэг өвгөдийн үлдээсэн үнэт эрдэнэс, байгалийн баялгийн ашиглалт ч замбараагүй, басхүү үр өгөөж муутай байгааг бид эргэцүүлэн бодох учиртай. Эв нэгдэл, хамт олонч зарчмаа уландаа гишгэж, намчирхаж туйлшран, өсөрхөж тэмцвэл алтан дээр суусан ч арчаагүй доройтохыг үзэж буй харамсалтай цаг үеийн гэрчүүд бид болоод байна.

Эрхэм эх орончдоо, Монгол ахан дүүсээ...  Өнөөдөр эх орон минь туйлширч намчирхсан цөөн хэсэг хүмүүсийн бодлогогүй, болгоомжгүй, хувиа бодсон үйлдлүүдээс болж түүхийн бас нэгэн хүнд шалгуурын өмнө тулж ирээд байна. Дэлхийд гайхагдан өсч байсан эдийн засгийн өсөлтийн хурд ердөө хоёр хүрэхгүй жилийн дотор эрс саарч, иргэддээ ээлгүй, эх орондоо бүтээн байгуулалтгүй эдийн засаг болж хувирлаа. Монгол төр тулах, туршлага, бодлогын гүн хямралд ороод байна. Монгол Улсын маань нэр хүнд олон улсын тавцанд унаж, ард иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч, нэгдэл нягтрал, эе эв ус агаар мэт хэрэгтэй болсон энэ үед Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач тус, энэ өдрийн утга учир юу юунаас илүү чухал юм.

Энэ өдөр бол эх орончдын үйл хэргийг зүгээр нэг дурсан тэмдэглэх төдий өдөр биш юм. Үе үеийн эх орончдын үргэлжлэл болсон Монголчууд бид эх оронч үзлээ урьд урьдынхаас илүү хүчтэй сэхээн сэргээж, хөгжил дэвшлийн төлөө нягтран зүтгэхийн эхлэл нь энэ өдөр байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Эх оронд минь хэн нэгэн, хэсэг бүлэг ялах бус харин нийтийн эрх ашиг, Монгол эх орон минь ялах учиртай.

Тусгаар тогтнол, эрх чөлөө минь мөнх оршиж, үе үеийн эх орончдын үйл хэрэг үргэлжлэн хүчирхэгжиж, эв эе батжин, эх орон минь хөгжин дэвшиж Монгол минь өнө мөнх оршиг ээ.

Та бүхэндээ Эх орончдын баярын мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Ардын Намын дарга  Миеэгомбын Энхболд

Өдрийн шуудан