УИХ-ын дарга М.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сүлд модны наадамд оролцлоо

2017/12/26 18:14 3448

Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59  дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өглөө. 

Тус арга хэмжээнд оролцсон УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Монголынхоо ирээдүй болсон мянга мянган хүүхдүүдийн төлөөлөл болж, сүлд модны энэ сайхан наадамд хүрэлцэн ирсэн хүүхдүүд Та бүхэндээ баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Цас мөсний орноос өвлийн өвгөн аав ирж, цасан охид нь бүжиг наадмаа сонирхуулж, гоёхон гацуур өнгө өнгийн гоёлоо зүүсэн энэ сайхан наадамд Та нартайгаа хамт оролцож байгаадаа би бартай байна аа. Та нар шиг ийм шилдэг хүүхдүүд маш олон байгаасай гэж би хүсдэг. Тэгвэл Монгол орон маань хөгжин цэцэглэж, ирээдүй хойч нь гэгээн гэрэлтэй, хүүхэд бүхэн баяр жаргалтай болно гэж боддог. Манай улсын хүүхэд багачууд математик, физик, гадаад хэлний гээд олимпиадуудад дэлхийгээс медаль хүртэж, оюун ухааны наадам, ой тогтоолтын дэлхийн аварга, шатрын Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, соробан сампин, цээж бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон тэмцээн уралдаанд ой ухаанаа гайхуулж, шилдгээр шалгарч байгаад ах, эгч нар нь чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье. Бид та нараараа бахархдаг, та нартаа хайртай. Тиймээс сурах, хөгжих орчныг чинь улам сайхан болгох, хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд болгоныг инээд хөөртэй, баяр жаргалтай байлгахын төлөө зүтгэнэ ээ. Та нар маань ч гэсэн ээж аавынхаа бахархал нь, эх орон Монголынхоо жинхэнэ эзэн нь, шилдэг иргэн нь байхын төлөө хичээн шамдаж байдагт баяртай байдаг. Тиймээс энд цугласан бүх хүүхэд Өвлийн өвгөн ааваасаа бэлэг авна гэдэгт итгэж байна. Баясгалант ирээдүй бяцхан хүүхдүүд та нар минь ирж буй шинэ он 2018 онд бүгдээрээ аз жаргалаар дүүрэн, сурлага хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, аав ээж, ахан дүүс, ард олноо баярлуулж яваарай гэж хүсэн ерөөе" гэлээ.  

“Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай.