2014 онд зэсийн үнийг 6800 ам.доллар гэж тооцож байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

2013/10/15 15:56 826

УИХ-ын гишүүн М.Энхболд асуултдаа, “Өнөөдөр төсвийн орлогод уул уурхайн салбарын орлого нэлээд чухал үүрэг гүйцэтгэж байгаа.

Зэсийн үнэ 2012 оны гүйцэтгэлээр 7872 ам.доллар, 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 7336 ам.доллар гэж тооцогдож байгаа. Гэтэл 2014 онд зэсийн үнийг 6800 ам.доллар гэж 500- 1000 орчим ам.доллар доогуур тооцож төлөвлөж байна. Энэ хэр үндэслэлтэй тооцоо вэ. Мөн нүүрсний хувьд 70 ам.доллараар нэг тонныг нь өгөхөөр гэрээ хэлэлцээр хийчихээр монголын эрх ашиг зөрчигдлөө гэж ярьсаар байгаад өнөөдөр арай гэж 50 ам.доллараар зарж байгаа.

Энэ жилийн төлөвлөгөөн дээр нэг тонн нүүрсийг 81 ам.доллараар тооцож байгаа юм байна. Энэ бас хэр үндэстэй вэ, Орлого талаа үндэслэл муутай тооцож төлөвлөснөөс болоод дараа дараагийн асуудал хүндэрдэг. Үүнийг та бүхэн анхаарч үзээчээ. Хоёрдугаарт өрийн асуудал байна. Төсвийг дагаж оруулж ирдэг хууль, төсвийг дагуулж явдаг хууль гэж уг нь байх ёстой байх.

Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хуулийг төсвийг дагуулж явах ёстой хууль гэж үзэж бид маш чухал хууль баталлаа гээд энэ зааланд ярьж байсан. Гэтэл өнөөдөр ДНБ-д өрийн эзэлж байгаа хувь 39 хувь байсныг 60 хувиар батлах гэж байна.

Энэ 60 дотор Чингис бондын дахиж олгохоор үлдсэн хэсэг, самурай бонд, туркээс яригдаж байгаа эх үүсвэрүүд яаж тооцогдож байгаа вэ. Өрийг Засгийн газар тавина, харин өр дарах асуудал монголын ард түмний нуруун дээр ачаа болж очно. Иймээс өрийн асуудлыг та бүхэн бодож үзээчээ “ гэв.

Түүний асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулахдаа:

“ Бид 10, 15 жил бус 23 жил бий болчихсон архаг зүйлийг хэдүүлээ хамтраад засчихвал яасан юм бэ гэдгийг хэлж байгаа. Би ганц ч улстөржсөн үг хэлээгүй. Тиймээс улстөржөөд хэрэггүй. Энэ ширээн дээр суусан Ерөнхий сайд бүр жижиг ч болсон Монгол Улсад хэрэгтэй үг, үйлдэл хийвэл хэрэгтэй байх. Ерөнхий сайд хэн сууж байгаагаас үл хамаараад энэ олон хуудас цаас бидний мөнгийг бараад дууслаа. Үүн дээр би хэн нэгийг буруу зөрүү гэхгүйгээр энийгээ энэ жил засчихвал яасан юм бэ гэж хэлж байгаа.

Бид нар ийм буруу тогтоолцоонд яваад байгаагаа өнөөдрөөс эхлээд зогсооё гэдгийг л хэлж байна. Та нар асуудалд ажил хэрэгч хандаад өг л дөө. Олон жил төр барьсан, зовлон жаргал дундуур нь явсан юм бол тэр нүдээрээ хараад өгөөч. Бид нэг л гэр орны, нэг л айлын хүмүүс шүү дээ. Чингис бондыг янз бүрээр тайлбарлаад байгаа. Энэ бол өр гэж ойлгох хүндээ өр болно, бүтээн байгуулалт гэж ойлгох хүндээ бүтээн байгуулалт болно, мөнгө үржүүлдэг юмаа гэвэл үржүүлдэг л болно ш дээ.

Ноос ноолуурын салбарт бондноос зээл өгсөн. Тэд нар маань тоног төхөөрөмж худалдаж авлаа, монголдоо даавуугаа хийдэггүй юмаа гэхэд даавууныхаа нэг хэсгийг хийдэг боллоо, бүтээгдэхүүнийх нь хэмжээ нэмэгдлээ, экспортын орлого нэмэгдлээ. Ингэснээр тэр компанид ч хэрэгтэй, тэр хүнд ч, монголчуудад ч хэрэгтэй болж байна. Авсан мөнгөө буцаагаад л төлчихнө шүү дээ.

Энийг заавал өр гэж бид нар дээр наагаад монголыг өрөнд оруулаад байгаа хэдэн амьтан шиг яриад яах гэсэн юм бэ. Харин 21 тэрбум төгрөг тарааснаар хэдэн их наяд төгрөг алга болсон. Тэр нь дүүрч гэж бодоход дээр үеийн хэллэгээр бид бүтэн жил коммунист субботник хийж байна шүү дээ . Бид Монгол Улсад бий болчихоод байгаа буруу тогтолцоог өөрчилье гэж ярьж байгаа. Хамтраад болохгүй байгаа зүйлүүдийг шийдье ” гэлээ.

 М.Энхболд гишүүн:

“21000 төгрөгийн өрийг бид өөд өөдөөсөө харж сууж байгаад монголын ард түмэнд тараасан. Харин ард түмэн түүгээрээ амьдрал ахуйгаа залгуулсан сайн тал байдаг бол та бид хоёрынх байх болов уу.

Төсвийн зардлыг төсвийн танилцуулга материал дотор хязгаарлаж байгаа, царцааж байгаа, хэмнэж байгаа гэсэн байдлаар хийсэн боловч яг үнэн хэрэг дээрээ нэлээд өсөх, зарим нэг байгууллагууд дээр нэмэгдүүлэх хандлага барьжээ. Та төсвийн урсгал зардал цамаан байжээ гэж өглөө хэлсэн. Энэ цамаан чинь бас үргэлжлээд л байх шиг байна” гэсэн юм.