Архивын албаны 90 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

2017/12/05 16:08 2717

Монгол Улсад архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр /2017.12.05/ мэндчилгээ дэвшүүлснийг УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал уламжлан хүргэжээ. Тус мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 

Монголын үе үеийн архивчид Та бүхэндээ Монгол Улсад архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн түүхэн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.


Монголчууд бид бичиг үсгийн эртний түүхтэй, соёлт ард түмэн билээ. Монгол нутагт манай эриний өмнөх III зуунаас эхлэн оршин тогтносон монгол, түрэг угсааны төрт улсуудын соёл үеэс үед уламжлагдсаар ирсэн бөгөөд бидний өвөг дээдсийн байгуулсан анхны төрт улс болох Хүннү гүрэн бичиг үсэгтэй байсныг бичигдмэл сурвалж болон археологийн олон дурсгалууд нотолдог.


1206 онд Монголын нэгдсэн төр улс байгуулагдаж, төрийн албан ёсны бичигтэй болсноор монголчуудын албан хэрэг хөтлөлт, данс харааны боловсруулалт, хадгалалт хамгаалалтын чанд нарийн дэг журам үүсэн тогтжээ.


Монголын төр мандах, буурахын аль алиныг үзсээр XX зууны эхтэй золгоход XIII-XVII зууны 70-аад он хүртэлх үеийн эх сурвалж, түүхэн баримтууд цэрэг дайны хөл, цагийн урсгалд үрэгдэж, цөөн тооны эх баримт харь улсын архив, номын санд хадгалагдан үлдсэн байна.


1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дүнд тогтсон шинэ засаг төр үүсэн байгуулагдсан цагаасаа Монголын ард түмний бүтээсэн түүх, соёлын өвийг хямгадан хамгаалахад онцгой анхаарч байсны нэгэн жишээ нь Судар бичгийн хүрээлэн байгуулах шийдвэрийг эн тэргүүнээ гаргасан үйл явдал нотолдог. Энэхүү хүрээлэнгийн нэг үндсэн зорилт нь Монголын төр, засаг захиргаа, шашны байгууллагуудын үйл ажиллагааны бичиг баримт, эх сурвалжийг төвлөрүүлж, улсын хамгаалалтад авах явдал байв.


Судар бичгийн хүрээлэн 1922-1927 онд данс хараа, бичиг баримтын улсын нэгдсэн сан хөмрөг бий болгож, 1927 оны 12-р сарын 05-нд түүнийг хариуцан ажиллах орон тоог нэгэн нэгжээр тогтоон, уг албан тушаалд Ц.Лувсан хэмээх хүнийг томилсноор Архивын албаны үндэс суурь тавигдсан түүхтэй.

Өнгөрсөн 90 жилийн хугацаанд Монгол Улсын архивын алба нь бие даасан томоохон салбар болон хөгжиж, түүх соёлын өвийг бүрдүүлэх, хадгалан хамгаалах, түүх, эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглах эрх үүргийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд томоохон амжилтад хүрч байна.

Архивын баримтын хадгалалт, бүрдүүлэлт, бүртгэл, ашиглалтын үйл ажиллагаанд зохион байгуулалт, норматив, арга зүйн шинэ дэвшлийг нэвтрүүлж, олон улсын жишигт нийцүүлэх, гаднын улс орны музей, архив, номын санд хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлд холбогдох эд өлгийн зүйл, эх хэрэглэгдэхүүнийг судлах, хэвлэн нийтлэх, сурталчлахад Архивын байгууллага, албан хаагчдын оруулж буй хувь нэмэр, нөр хичээнгүй хөдөлмөрийг Монголын төр ямагт өндрөөр үнэлдэг билээ.


Архив нь улс үндэстний өнө мөнх оршихуйн баталгаа, эх түүх, эрдэм соёлын бүрэн тод илэрхийлэл мөн тул архивын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулсаар байх болно.


Ертөнц дахинд нэр, мөрөө тамгалсан Монгол үндэстний гайхамшигт түүх, монголчуудын оюун ухаан, авьяас билгийн цаглашгүй өв сангийн хүндэт харуул нь, өргөн дэлхий, өнөр олон даяар түгээн сурталчлах эрхэм үйлсийн хөтөч нь болсон Та бүхэндээ ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Монгол орон мандан бадарч, монголчуудын суу алдар орчлон даяар дуурсах болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ​МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД