Нийслэлийн 378 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ

2017/10/29 13:51 848

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын нийслэлийн 378 жилийн ойд

            Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,

Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт – Улаанбаатар хотын 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн бүх хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөе.

Дэлхийн түүхэнд Монголын хэмээх арилшгүй ул мөрийг сийлэн үлдээсэн эцэг дээдсийн минь тооныг нь өргөж, баганыг нь тулан, голомтыг нь бадраасан Нийслэл хот маань зургаан жарныг туулан өртөөлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн өвөрмөц тод, ундарга элбэгтэй цутгалан болон хөгжиж байна.

Эсгий гэр, нүүдэлчдийн бяцхан сууринаас орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололт амжилтыг шингээсэн метрополитан хотыг бүтээсэн бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ.

Монгол Улсын нийт хүн амын 46 гаруй хувь буюу 1.4 сая орчим хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэн бүтээдэг, эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна.

Хэдийгээр бэрхшээлт асуудал, шийдвэрлэвэл зохих зорилтууд ар араасаа ундран гарсаар байгаа ч бүхэлдээ нийслэлийн маань 378 жилээр тоологдох түүх хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, ирмүүн хөдөлмөр, амжилт ололтоор бялхам дүүрэн байсаар ирсэн билээ.

Энэ бахархалт үйл хэрэг, цадиг түүхийн 20 шахам жилд нь нийслэлийнхээ төр, захиргааны байгууллагын халуун ам бүлд багтан ажиллаж, 6 жилд нь хотоо удирдан тэргүүлсэн миний бие дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхитай, шинийг цогцлоох бүтээн байгуулагч эрчимтэй, дэлхийн хотуудтай хөл нийлэн алхах чадвартай нийслэл хотын шинэ эриний хөгжлийн суурийг тавихын төлөө хичээн зүтгэж байснаараа бахархдаг.

Хувь хүнийхээ хувьд миний бие Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулах дүүрэн эрмэлзэл, өөриймсөх сэтгэлээр ямагт дүүрэн явдгаа энэ өдөр илэрхийлж хэлэхийг хүсэж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага Монгол Улсын Их Хурал энэ намрын чуулганаараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Энэхүү хуулиар нийслэлийг үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах болно.

Агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн эко хотыг цогцлоох, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэн шинэ арга, дэвшилт ололтыг эзэмших нь Та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх бөгөөд энэ үйл хэргийг төр, засгаас хөхиүлэн дэмжих болно.

Улмаар Улаанбаатар маань иргэндээ ээлтэй, амар тайван, аз жаргалтай, Монгол хүрээ соёлын өв уламжлал, соёл иргэншлийн шинэ хэм хэмжээ төлөвшин бүрэлдсэн, холын зочны зорин ирэх хүслийн галыг бадраасан давтагдашгүй гайхамшигт хот болж өөрчлөгдөнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон өвөг дээдэс, ахмад үеийнхнийхээ хөдөлмөрч, тэмцэгч, бахархалт замналыг үргэлжлүүлж, шинэ Монголын шинэ нийслэлийн шинэ түүхийг бүтээх эрхэм хариуцлагатай хийгээд өндөр нэр хүндтэй үүрэг зорилгоо Та бид амжилттай хэрэгжүүлж чадах нь дамжиггүй.

Их хот маань эрчимт хөгжлийн өнгө гэрлээр сүлэгдэж, эзэн нь болсон иргэн түмний амьдрал баяр баясгалан, итгэл тэмүүллээр бялхам байхын ерөөл өргөе.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын туг сүлд, хийморь жавхаа ямагт бадран мандах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2017 оны 10-р сарын 29-ний өдөр.                                                      Улаанбаатар хот.